Эмэгтэй таны шээс ойр ойр хүрч, хэвлийн доогуур хөндүүрлэж, шээхэд шээсний сүвээр шархирч, шээс үнэртэй, өтгөн, булингартай гарч, шээсний дараа давсаганд шээс үлдсэн мэт мэдрэмж төрж байна уу?
Тийм бол таны давсаг үрэвссэн буюу цистит болсон байж магадгүй юм.
Одоо сэрүүн орж эмэгтэйчүүд маань гам алдах буюу даарч хөрснөөс цистит болох нь элбэгшдэг үе юм. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас завсрын улиралууд хавар намарт хувцасаа зөв тохируулаагүй, амьдралын хэвшил дадал зуршилдаа анхаараагүйн улмаас энэ өвчин хүрэх, сэдрэх архагших асуудал бусад зөөлөн дулаан уур амьсгалтай орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад Монгол эмэгтэйчүүдэд илүү ажиглагдаж байна.
Циститээр эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд өвчлөх нь илүү байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн анатоми буюу бие эрхтний тогтолцооны онцлоготой шууд хамааралтай юм. Эмэгтэй шээсний сүв бэлэг эрхтний бага уруулын дотор талд, үтрээний амсар дээр шахуу байрладаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн өвөрмөц үрэвсэл нь шээс дамжуулах эрхтэн тогтолцооны өгсөх замын үрэвсэл үүсгэх үндсэн шалтгаан болдог.
Циститийн шалтгааныг үндсэндээ 2 бүлэгт хуваан авч үзэж болох юм.
1. Шууд нөлөөлөх:
Эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны хурц болон архаг үрэвсэлт өвчнүүд
Бэлгийн замаар дамжих халдварууд
Бэлгийн болон бие засах үеийн ариун цэвэр
2. Дам нөлөөт:
Дархлаа сулрах
Бөөрний, шүд, эрүү нүүр, хоолой болон бусад эрхтэн системийн үрэвсэлүүд
Сахарын өвчин гэх мэт.
Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолдох шалтгаан нь эмэгтэйн өөрийн бэлэг эрхтэн тогтолцооны үрэвсэл нь зүй ёсоор тооцогдоно.
Тэгээд ч ШЭЭС, БЭЛГИЙН ЗАМЫН ҮРЭВСЭЛ гэж цогцоор нь авч үзэж эмчлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай байдаг. Оношлогоог зөвхөн мэргэжлийн эмчид хандаж хийлгээрэй!
Учир нь зөв оношлож, зөв эмчлэнэ. Юуны түрүүнд эмэгтэйчүүдийн тусгай үзлэг хийнэ. Энэ үед давсаг хөндүүр, үтрээний ялгадас хэвийн бус, шээсний сүв улайж үрэвссэн байдаг. Үтрээний ЭХО оношлогоогоор давсаганы хана зузаарч хавагнасан, шээс булингартай харагдана. Эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны үрэвслийн шинж тэмдэгүүд хавсарсан байж болно. Лабораторын шинжилгээнд шээсэнд цагаан эс ихэссэн, хучуур эсүүд ихэссэн, хувийн жин ихэссэн, хүндэрсэн бол цусны эсүүд, уураг илэрсэн байдаг.
Нэмэлтээр БЗДХ ын болон цусны ерөнхий, цусан дахь сахар давсаг дурандах зэрэг шинжилгээ хийж болно.
Эмчилгээг цогцоор нь хийх нь циститийг эргэж сэдрэхгүй байлгах сайн талтай. Эмчилгээг европ болон уламжлалт анагаах ухааны аргуудыг хослуулан хийвэл илүү үр дүнтэй.
Юуны өмнө дархлаагаа сайн байлгах нь чухал шүү. Эмэгтэйчүүдийн хувьд эн түрүүнд эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны үрэвсэлт өвчний шалгааныг тодруулж эмчлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн үрэвслээ алгасаад циститийг дангаар нь эмчлэх бараг л боломгүй юм!
Клиникийн Профессор П.Алтангэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.