Эмчилгээгээ таслахгүй хийлгэвэл тэмбүү 100 хувь эдгэрдэг өвчин

2024-01-21 Нийтлэл

Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчнийг бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байгаа юм. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд, өвчлөл буурахгүй, жил бүр нэмэгдэх хандлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна.

Энэхүү үзүүлэлт нь нэг талаар улс орны эдийн засгийн байдал, мөн сүүлийн жилүүдэд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрэгжиж эхэлсэнтэй хол­­боотой. Үүний ачаар БЗХӨ-ний эм, оношлуур, шинжил­гээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, өвчний илрүүлэлт сайжирч байна. Урьд нь оношлогддоггүй байсан бэлгийн херпис болон виру­сын халдваруудыг онош­­лох зэргээр янз бүрийн на­рийн шинжилгээнүүдийг хийдэг болсон.

Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн замын халдварын талаарх ойлголт нэмэгдэж байна. Энэ талаарх сургалт, сурталчилгаа зэрэг урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаанд сайн хамрагдаж өөрсдийн эрүүл мэндийн төлөө эмнэлэгт хандах нь их болсон. Өөрөөр хэлбэл, илрүүлэлт сайжирна гэдэг нь өвчний тоо, тархалт нэмэгдэж гарна гэсэн үг. Нөгөө талаас шилжилт хөдөлгөөн, ядуурал, аялал жуулчлал нэмэгдсэн, мөн тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэхгүй байх зэрэгтэй холбоотой болов уу.

Тэгэхээр энд тэмбүү өвчний талаар тодруулая. Тус өвчин нь бэлгийн за­маар дамжих халдварт ордог. Цайвар трепонем гэдэг нянгаар үүснэ. Заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь 30, 40-өөд төрлийн бэлгийн замын халдваруудаас зон­хилон тохиолдох өвчинд ордог. Тэмбүү өвчин ихэвч­лэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамжина.

Харин халдварын нууц хугацаа 3-4 долоо хоног байна. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдвар хаана орно, тэнд анхны шинж тэмдэг илэрдэг. Ер нь бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр голчлон гарна. Манайхан үүнийг хатуу яр гэж нэрлэдэг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Тийм учраас хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бэлэг эрхтэн болон үтрээний амсар, умайн хүзүүн дээр гарсан тохиолдолд анзаарахгүй өнгөрөх нь бий.

Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно. Ихэвч­лэн бэлэг эрхтнээр халд­варладаг учраас цавины булчирхай томордог. Хэрэв үнсэлцэж байгаад амны шалбархайгаар халдвар авсан бол уруулын орчим яр гарч дараа нь тэр хавийн тунгалгийн булчирхай томорно гэсэн үг. Тунгалгийн булчирхай нь мөн ямар нэгэн зовиургүй, тэмтрээд үзэхэд хөдөлгөөнтэй байдаг. Энэ үеийг тэмбүү өвчний нэгдүгээр үе гэнэ.

Ийнхүү хатуу яр гарснаас хойш 6-7, халдвар авснаас хойш 9-10 долоо хоногийн дараа хоёрдугаар үе илэрдэг. Хоёрдугаар үеийг дотор нь шинэ, далд, дахисан тэмбүү гэж ангилна. Энэ үед биеэр гөвдрүү, толбо зэрэг янз бүрийн хэлбэрээр тууралт гарна. Мөн л өмнөх үе шигээ өвдөх, загатнах, хорсох зовиур байхгүй. Тиймээс хүмүүс анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг.

Хоёрдугаар нь үе нь таван жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд ил буюу далд байдлаар ээлжилж байдаг. Ил гарсныг нь болохоор дахисан тэмбүү, далд орсныг нь далд тэмбүү гэдэг. Далд тэмбүүтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээ­гээр л мэдэж болно. Тууралт нь идээ, цэврүү байдлаар гарч эхэлнэ. Тэгж байгаад дахин алга болох жишээтэй. Үүнээс гадна үс, сормуус унадаг.Ингэж явсаар гуравду­гаар үедээ ордог. Энэ үед нүүр болон шилбэ хавиар товруу, зангилаа үүснэ. Дээр үед хамаргүй хүмүүс олон байсан нь тэмбүү өвчинтэй холбоотой. Энэ нь хүний хамарны мөгөөрсөн эдийг иддэг. Ер нь ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви олноор үлддэг. Харин гуравдугаар үед орсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай. Бас давхар мэдрэлийн системд нөлөөлдөг байна.

Хамгийн аймшигтай нь нууц үе өнгөрсөн ч шинжилгээгээр илэрт­лээ бас удна. Хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн дараа цусны шинжилгээ өөрчлөлттэй гарна. Харин нууц хугацаа болон хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн хооронд цусны шинжилгээ сөрөг гардаг. Тиймээс энэ хугацаанд шинжилгээ өгөөд ч өвчтэй гэдгээ мэдэх боломжгүй. Харин үүнээс хойш шинжилгээний хариу эерэгжиж эхэлнэ.

Гэхдээ мэргэжлийн эмч бол хатуу ярыг гаднаас нь хараад ялгана. Мөн зовиурыг нь асууж, тандалт судалгаа хийсний үндсэн дээр тухайн хүний шинжилгээ сөрөг байсан ч шинж тэмдгээр нь оношлох боломжтой. Тиймээс мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлж, эмчилгээ хийвэл үр дүн сайтай байдаг. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй, бүрэн гүйцэд хийлгэх юм бол 100 хувь эдгэрдэг өвчин юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.