Бусадтай сул яриа өрнүүлэх нь олон хүмүүсийн боддог шиг хэрэггүй зүйл биш юм. Танихгүй хүмүүстэй дорхноо танилцаж, яриа өрнүүлж чаддаг хүмүүс ажил мэргэжлийн тал дээр олон давуу талтай байдаг. Бусадтай холбоо харилцаа тогтооно гэдэг олон хүмүүсийн хувьд тун хүндхэн даваа байдаг.
Бусадтай ярилцах нь ажил мэргэжилдээ ахих боломжийг нэг бол цэлийтэл нээж, үгүй бол бүр таг хааж орхидог. Энэ бүхэн таны харилцааны урлагийг хэр эзэмшсэн бэ гэдгээс хамааралтай юм. Санамсаргүй эхлүүлсэн цөөхөн хэдэн минутын ярианы үеэр бид бусдад өөрийгөө танилцуулж, бусдын анхаарлыг өөр дээрээ татаж байдаг. Энэ хэдхэн хоромд бид бусдад аль болох сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Түүнийхээ зэрэгцээ бид ярилцаж буй хүнийхээ тухай илүү ихийг мэдэж авч, магад дараагийн удаа илүү чухал ярианы тулгуур болж болох хоорондын ижил төсөөтэй чанарыг хайж байдаг.
Олон хүмүүс даргатайгаа эсвэл үл таних бизнесийн түнштэйгээ нэг өрөөнд ганцаараа сууж байхдаа сандарч мэгдэн, хамаг хөлсөө цувуулах нь бий. Аль болох ухаантай сэтгэгдэл төрүүлэхээр хамаг эд эс нь ажиллаж эхэлдэг. Гэхдээ заавал гоц ухаантан мэт аашлах шаардлагагүй юм. Харин зүгээр л хүмүүстэй ярилцах нь чухал юм. Хэдийн амархан сонсогдож байгаа ч энд хэд хэдэн анхаарах зүйл байдаг.
Тохирсон сэдэв сонгох:
Хэдхэн хоногийн өмнө өгсөн эсийн шинжилгээнийхээ тухай ширхэгчлэн тайлагнах нь бусадтай яриа эхлүүлэхэд тийм тохиромжтой биш юм.
Түүнчлэн элдэв өвчин зовлонгоос гадна улс төр, учир утгагүй секс агуулгатай зүйл ярих нь тохиромжгүй юм. Өөрөө эргээд ороогдохооргүй энгийн, эерэг сэдвийг сонгоорой. Хэдий улиг мэт сонсогдож болох ч цаг агаар бол хэн нэгэнтэй яриа өрнүүлж эхлэх гайхалтай сэдэв юм. Харин энэ сэдвээс улбаалаад гадаа шорлог хийх тухай, аль эсвэл ээлжийн амралтаа хэзээ авах тухай гэх зэрэг дараа дараагийн сэдэв рүү хялбархан хөрвөж болно шүү дээ.
Асуултаа зөв тавих:
Та яриаг эхлүүлсэн юм чинь зөвхөн та л ярих ёстой гэсэн үг биш юм. Асуулт асууна гэдэг харилцан яриа өрнүүлэх бас л сайхан боломж. Та ярилцаж буй хүнээсээ асуулт асуух нь тэр хүнтэй ярилцахад танд сонирхолтой байгааг илэрхийлж буйн нэг илрэл бөгөөд яриаг өөр тийш нь буюу ашигтай чигт залах оновчтой арга юм. Гэхдээ нөгөө хүн тань тийм, үгүй гэсэн товч хариулт өгөөд байвал болгоомжтой байсан нь дээр. Тиймээс та ярилцагч хүн аль болох нээлттэй хариулж болох асуултуудыг тавиарай. Жишээ нь, Та энэ тухай юу гэж бодож байна? Та энэ тал ямар байр суурьтай байна? гэх мэт.
Яриа сонирхолтой байгааг илэрхийлэх:
Та нүүрний хувирал, харц зэргээрээ яриа танд сонирхолтой байна гэдгийг илэрхийлээрэй. Гэхдээ худлаа дүр эсгэх нь тийм ч их амжилтыг авчрахгүй гэдгийг санаарай. Аливаа бүх зүйл сэтгэлээсээ байх нь сайхан бөгөөд илэрхий байдаг.
Хошигнох жороо тааруулаарай:
Уур амьсгалыг илүү чөлөөтэй болгох гэж байна гээд заримдаа өөрийгөө алиалагчмэт болгох нь бий. Тааруухан ярьсан онигоо эцэс сүүлд нь таныг өөрийг тань онигоонд оруулж мэднэ. Тиймээс та энэ тал дээр сэрэмжтэй байгаарай.
Тодорхой зайг барих:
Та ярилцаж буй хүндээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд тухайн хүнээс тодорхой зайг барих нь зүйтэй. Хамт байгаа хүндээ хэт ойртох аль эсвэл шүргэх, цохих зэрэг нь ихэнх хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс та үүнийг сайтар анхаараарай. Ойролцоогоор дэлэм хэрийн зайтай байх нь ихэнхдээ хамгийн оновчтой байдаг.
Анхааралтай сонсох:
Та яриаг үр дүнтэй, сонирхолтой болгоё гэвэл ярилцаж буй хүнээ анхааралтай сонсоорой. Хүмүүс бид тэртэй тэргүй ярих дуртай байдаг бөгөөд хэн нэгэн бидний яриаг анхааралтай сонсож байх нь туйлын чухал байдаг.Та тохирсон үед “аанхаа, тийм үү” зэрэг үгсийг оруулах, аль эсвэл товч лавлан асуух нь ярилцаж буй хүнд таатай сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь цаашаагаа таныг ямар найрсаг хүн болохыг, тантай ярилцахад сонирхолтой байдаг тухай хүмүүс ам дамжин ярихын эхлэл болох юм. Ингэснээр табусадтай үр өгөөжтэй, сонирхолтой яриа өрнүүлэх зорилгодоо хүрлээ гэсэн үг юм.
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.