Манай улсад жилдээ 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, бүс нутагтаа энэ төрлийн өвчлөлөөр тэргүүлж байна. Харин дэлхийд жил бүр 300 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байгаа статистик бий. Энэхүү хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус юм.
Тэгвэл энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх цорын ганц арга байгааг ДЭМБ-аас зөвлөсөөр байна. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэхийн тулд буюу бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх хамгийн гол арга нь уг вирусийн эсрэг вакцин гэж үздэг. Өнөөдрийн байдлаар энэхүү вакциныг дэлхийн 120 гаруй улс нэвтрүүлснээс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө 90 гаруй улс орон оруулан 9-14 насны охидод хийж эхэлсэн.
Энэхүү вакцин нь анх 1970 онд Германы эрдэмтэн папиллома вирусийг нээсэн бол 1990 онд Австралийн хоёр эрдэмтэн уг вирусийн эсрэг вакцин зохион бүтээж, 2006 онд патент авчээ. 2007 оноос дэлхийн улс орнууд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг оруулж, бэлгийн харьцаанд ороогүй 9-15 насны охидоо дархлаажуулж эхэлсэн байдаг.
Манай улсын хувьд, анх 2012 онд дэлхийтэй хөл нийлүүлэн охидоо умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинаар дархлаажуулж эхэлсэн ч энэ шийдвэрээсээ ухарснаар хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөртэй улс боллоо. Арван жил тасалдсан папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө оруулж, охид эмэгтэйчүүдээ хорт хавдраас сэргийлэх бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Тухайн үед өсвөр насны охидод энэ төрлийн вакциныг хийвэл үргүйдэлд хүргэнэ гэсэн худал мэдээлэл түгээгдэж, нам зогсож байв. Гэтэл өнөөдөр манай улс умайн хүзүүний хавдрын өвчлөл, нас баралтаар хамгийн өндөр орны нэг болчихоод байна.
Харин одоогийн байдлаар манай улс энэхүү вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажулалтын кабинетэд төлбөртэй хийж байгаа юм. Ингэхдээ 9-15 насны бэлгийн харьцаанд ороогүй охид вакцин хийлгэх ба зургаан сарын зайтай хоёр тун хийлгэвэл ирээдүйд умайн хүзүүний болон бусад хавдраас сэргийлэх боломжтой. Насанд хүрсэн хүн ч шинжилгээ өгөөд папиллома вирусийн халдваргүй бол вакцин хийлгэх болох юм байна.
Түүнчлэн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд манай улсын Засгийн газраас Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хөтөлбөрт 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд хамруулах бөгөөд 33, 36, 39, 42… настайдаа гэх мэтээр гурван жилд нэг удаа Өрхийн эмнэлэгтээ хандаж, умайн хүзүүний хавдрын шинж тэмдэг байгаа эсэхийг тогтоох эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгнө. Энэ жил 1993 оны эмэгтэйчүүд 30 нас хүрч, эсийн шинжилгээ өгөх товлолт хугацаа нь болж байна.
Эцэст нь хэлэхэд, дэлхий нийтийг цочроож буй эл хавдраас бүрэн сэргийлэх боломжтой бөгөөд Иргэн бүр өөртөө хайртай байж, улс орноос үнэ төлбөргүй зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх үзлэгт хуваарийн дагуу хамрагдахыг уриалж байна.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.