Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

2023-01-22 Нийтлэл

 

HPV вирусийн халдварын талаар мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан охид бүсгүйчүүдийн дунд гадна бэлэг эрхтний урагцаг, умайн хүзүүний халдварын эмгэг элбэг тохиолдож байна. Хүний хөхөнцөр вирусийн халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт илэрч хавдар үүсдэг. Вирусийн халдвар авсан хүнд ямар нэгэн зовиур илэрдэггүй тул зөвхөн эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Хүний хөхөнцөр вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, вирусийн бөөгнөрөл үүсгэснээр хэвийн эсүүд өөрчлөлтөд орж эсийн хувирал явагддаг. Ингэснээр хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Умайн хүзүүний хавдар үүсэхэд энэ вирус нөлөөлдөгөөс гадна охид бэлгийн харьцаанд эрт орох, олон удаа үр хөндүүлэх,18 нас хүрээгүй байхдаа төрөх зэргээс хамаарч өвчилдөг болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах ёстойг тодруулж байна. Юуны өмнө тухайн иргэн бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм. Өвчтөн хэдийчинээ хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм.

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.