Хувь заяаны гаслан буюу эрх чөлөөний шан татагч

2021-12-20 Танил биш танил

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойд зориулав.


Түүх чамаас өмнө мянга мянган жилээр эхэлж, чамаас хойш мянга мянган жилээр үргэлжлэх учраас хэн ч гэлээ аугаа их буурал түүхийн өмнө тэргүүн мэхийхээс өөр аргагүй.

/Зохиолч До.Цэнджав  “Цагаагчин гахай жил” романаас/

Монгол Улс төр улсаа төвхнүүлж ирсэн олон мянган жилийн уламжлалтай ард түмэн билээ. Энэ түүхэн он цагт төрийн үйл хэрэгт олон хатад, эмэгтэйчүүд  бийр үзгээр бичиг хэрэг төлөвлөж, сэлэм жад барьж цэрэг арми ч удирдаж  явсан түүхтэй. 1911 оны Манжийн эрхшээлийг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан цөөнгүй эмэгтэйчүүд байсан. Академич Б.Ширэндэв “Автономийн үеийн ардуудын хөдөлгөөний нэг онцлог нь эмэгтэй зарц Янжинхүү, Маамхүү нарын хүмүүс нийгмийн тайзан дээр гарч ирсэн явдал юм. Мөн Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны ноён Түдэнгийн эсрэг өрнөсөн ардын хөдөлгөөнийг бусдын хайрыг булаасан бүсгүй Даваажав удирдаж, улмаар шинэ тогтсон улсынхаа үйл хэрэгт гар бие оролцсон нь олзуурхууштай” гэж тэмдэглэсэн байдаг. Энд дурдагдсан Даваажавын талаар түүхэн баримт бичгүүд болон хүүтэй нь уулзаж тодруулснаа  сийрүүлье.

Хошуу ноёны бага хатан Ц.Даваажав

Ц.Даваажав нь 1916-17 оны орчим Сэцэн хан аймгийн хошуу ноён Түдэнд богтлогдон бага хатан нь болжээ. Монголд эмэгтэйчүүдийг богтлох явдал нь Манжийн дарлалын үе буюу Чин улсын үеэс бий болж, ардын хувьсгал хүртэл бодитоор оршиж байсан. 1925 оны аравдугаар сард Засгийн газрын 40 дүгээр тогтоолоор богтлох заншлыг устгасан нь эмэгтэйчүүдэд иргэний эрх олгосон чухал арга хэмжээний нэг байсан төдийгүй феминизмийн үзэл санаа Монгол оронд энэ үеэс  дэлгэрч эхэлсэн юм.

Ц.Даваажавыг ноёны хатан болсон талаар эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн тэмдэглэж үлдээсэн нэгэн баримтдаа: “Би 1975 онд Сүхбаатар аймгийн 80 гаруй настай Лхаа гэдэг эмгэнтэй уулзаж яриулав. Тэр эмгэн урьд залуудаа Богдод мөргөх гэж Их хүрээ рүү тэмээн хөсгөөр явжээ. Замд нь хөх бөхөвчтэй тэмээтэй хэсэг аянчид буусан байж. Зэргэлдээ хошууны хурц ван Түдэн хэмээх ноён хүрээнээс авсан хатнаа дагуулаад нутагтаа буцаж яваа нь тэр байжээ. Лхаа тэрхүү хүрээ хүүхнийг үзнэ гэж очиж харсан гэнэ. Тэгэхэд дугуй цагаан царайтай, залуухан, хөөрхөн хатан байсан” гэснээс Түдэн ноён түүнийг хүрээнээс хатан болгон Сэцэн хан аймаг руу аваачжээ гэж ойлгогдож байна.

Зургаас харахад хурган дотортой, үйтэн хуаран дээл дээр ур хийц сайтай хантааз өмсөн,  минжин малгай тавьж, шүр сувдан ээмэг зүүлт зүүж, угалзтай монгол гутал жийж, гартаа эрхи барьж, гурван хөлт ширээ тохойлдсон, нимгэн цагаан царайтай, нүд хөмсөг тод томруун царайлаг дэгжин, үзэсгэлэн гоо эмэгтэй харагдаж байна. 1910 хэдэн оны үед ийнхүү хувцаслана гэдэг нь нэлээд чинээлэг, дэгжин “хүрээ хүүхэн”-ий дүр төрх, донж маягийг харуулж байгаа билээ.

Ноёноо /нөхрөө/ эсэргүүцсэн Ц.Даваажав

Даваажав 1916-1917 оны орчим. /Хүү Л.Өлзийхишигийн хувийн архиваас /
Даваажав 1916-1917 оны орчим. /Хүү Л.Өлзийхишигийн хувийн архиваас/

Түүнийг бага хатнаа болгосон хошуу ноён Түдэн нь нэлээд чинээлэг, манж, хятад, төвд хэл бичиг сайн мэддэг, заргын бичиг үйлддэг, хатуу чанга, ард олныг дарладаг, олон хатантай байсан хэмээн түүхчид үздэг. Даваажав бүсгүй бол түүний дөрөв дэх хатан байжээ.

Ц.Даваажав нь ноёноо /нөхрөө/ эсэргүүцсэн нутгийн иргэдийн тэмцэл, хөдөлгөөнд оролцож, гарын үсэг зурж, заргалдсан баримт түүхийн хуудаснаа үлджээ. Энэхүү бослого тэмцлийн талаар түүхч З.Лонжид: “ …Ц. Даваажав нь Сэцэн хан аймгийн хурц засаг ван Түдэнд богтлогдож цөөн жил түүний бага хатан нэр хүлээж явахдаа эр нөхрөө эсэргүүцэн, 1918 оны үед тус хошууны 75 ардтай хамтарч заргын бичиг үйлдэж, Сэцэн хан аймгийн чуулган дарга, Автономит Монгол улсын Шүүн таслах яамнаа заргалдахад оролцож, нэрээ бичүүлсэн байдаг. Үүнийг бодитой үнэн гэж 1958 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын тавдугаар багын “Туяа” нэгдлийн гишүүн Санжаагийн Гочоосүрэн Түүхийн төв музейн ажилтнуудад ярьсныг цаасан дээр буулгасан баримт ч бий” гэсэн бол академич Б.Ширэндэв: “Даваажав нь  хамжлага зарц, ядуу 75 хүнийг уриалан Түдэн ноёны эсрэг заргын бичиг үйлдэж, улмаар ардын хөдөлгөөнийг зохион байгуулж, олон хүний нэр бүхий тэр заргын бичгээ биеэрээ авч нийслэл хүрээнд иржээ” гэснээс үзэхэд тэрээр ноёноо эсэргүүцсэн хөдөлгөөд  оролцож, бүр удирдаж явсан ч байж магадгүй юм.

Тухайн цаг үед богтлогдож хадамд очсон залуу эмэгтэйчүүдээс ялгаатай нь ард олноо дарладаг ноёноо /нөхрөө/ эсэргүүцэн, ардуудтай хамтран тэмцсэн нь тухайн үеийн хэр баргийн эмэгтэйд байхааргүй зориг, хатуужилтай байдал, үнэн зөвийг эрхэмлэсэн шулуун шударга, эрх чөлөөний төлөө тэмцэгч эмэгтэй гэдэг нь харагдаж байна.

Энэ талаар түүний хүү Д.Өлзийхишиг ч мөн батлан өгүүлж, “Ээж ноёноо эсэргүүцсэн ардуудтай нийлж, заргын бичигт гарын үсэг цуглуулсан гэдэг. Тэгтэл ээжийг нэг залуу оргуулан, өдөрт нь уул хаданд нууж, шөнө нь давхисаар нийслэл хүрээнд ирсэн гэнэ. Харамсалтай нь ноёны хүмүүс залууг барьж аваад, хатан оргуулсан хэргээр тамласан. Тэгээд шархаа даалгүй нас барьсан гэнэ билээ… Цагийн салхи наашилсан үе таарсан юм болов уу даа, ямартай ч энэ хөдөлгөөн амжилтад хүрч, Богдын засгийн газраас засаг ноёныг халсан… гэж ээж ярьдаг байсан” хэмээн өгүүлсэн юм.

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялснаар Монголын эмэгтэйчүүдийн богтлох, боолчлох бараан үйл явцад “гэрэл” тусаж, ирснийг энэхүү баримтаас харж болох юм.

Тухайн үед ардууд заргын бичиг үйлдэхдээ “хэн нь толгойлогч вэ?” гэдгийг мэдэгдэхгүйн тулд гарын үсгээ дээрээс доош жагсаах биш, аяганы амсар тойруулж зурах аргыг хэрэглэдэг байжээ. Ийнхүү ноёноо эсэргүүцсэн Ц.Даваажав нарын 75 иргэний  гарын үсэг Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейд хадгалагдаж байна.

 

Ноёноо эсэргүүцсэн иргэдийн гарын үсэг
Ноёноо эсэргүүцсэн иргэдийн гарын үсэг

Ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэг Лосолын гэргий Ц.Даваажав

Ц.Даваажав нь заргын бичиг үйлдэн явж байж хошуу ноёноосоо салан, хожим 1921-1922 оны үед ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэг Дарьзавын Лосолтой гэр бүл болжээ. Тэд яг хэдийд гэр бүл болсон нь тодорхойгүй бөгөөд тэдний хүү Монгол улсын гавьяат барилгачин, архитектурч 86 настай Д.Өлзийхишиг: “…Аав ээж хоёрын танилцсан түүх сонин. 1921 онд ардын хувьсгал ялаад, монгол цэргүүд долоодугаар сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирж, Сүхбаатарын талбай орчимд цуглаан зохион байгуулжээ. Тэр цуглаанд ээж, дүүтэйгээ хамт оролцчихоод, Амгалан руу алхжээ. Гэтэл ээжийн араас морьтой хэдэн хүн дагаад байсан гэдэг. Тэдний нэг аав байж л дээ. Ингэж л танилцсан гэдэг…” хэмээн хуучилсан юм.

Ц.Даваажав гэж хэн бэ?

Ц.Даваажав яг хэзээ, хаана төрсөн, ямар ажил алба эрхэлж байсан талаар мэдээ баримт тун ховор бөгөөд хүүдээ энэ талаар ярьж байгаагүй аж. 1896-97 оны орчим тухайн үеийн Сайн ноён аймаг, Сайн ноёны хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг орчим төрсөн гэдэг гэж хүү  Д.Өлзийхишиг хуучилсан бол “Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны харьяат, “МАХН-ын гишүүдийн 2-р шалгалтын асуултад Пунцагийн Даваажав 1929 онд 32 настай, Хан Хэнтий уулын аймаг Батноров уулын хошуу 3 дугаар хороо, 78 дугаар арван 213 тоот хаалга. Ам бүл 3. Нөхөр Лосол” гэжээ. Ийнхүү өөр өөр газар нэрлэгдэж байх ба түүний эцэг Цэрэнпунцагийн 1925 онд бөглөсөн анкетад “нас 56 ард, Маймаа хотын цагдан сэргийлэхэд алба хаадаг” гэсэн хэдий ч аль аймаг хошууны харьяатаа бичээгүй байдаг. Эдгээр баримтыг нэгтгэвэл, Даваажавыг Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны ноён богтолж хатнаа болгож байсан. Мөн нөхөр Д.Лосол нь Сэцэн хан аймгийн хүн бөгөөд 1923 оны засаг захиргааны нэгжээр бол Хан Хэнтий уулын аймгийн хүн болж таарч байгаа тул зарим эх сурвалжид байгаа нутаг хошуу нь ноёныхоо болон нөхрийнхөө нутгаар хэлсэн байж болох юм. Хүү Д.Өлзийхишигийн “ээж Өвөрхангай аймгийн хүн гэсэн” гэж ярьсныг батлах бас нэгэн баримт нь Ц.Даваажавыг В.И.Ленинтэй уулзсан талаар 1964 оны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн №2 дугаарт Д.Жамьян, Т.Должин нарын бичсэн “Ленинтэй уулзсан Монгол эмэгтэй” найруулал сонирхол татдаг.  Сэтгүүлчид Ц. Даваажавтай уулзаж, түүний зургийг нийтэлж, ярьсныг эш болгон найрууллаа бичжээ. Тодруулбал, “…Арвайхээрийн хүрээнээс Да хүрээг чиглэн гаргасан зам минь балраагүй шахам байжээ. Тэгэхэд би одоог бодоход ёстой л хуруувчин чинээ охин яваа биз ээ” гэж тэрээр нийслэлийг зорин гарсан талаараа өгүүлсэн нь Өвөрхангайн хүн байж болох юм гэсэн санааг өгч байна.

Хүү Д.Өлзийхишигийн яриагаар  “..Ээж маань хөгжимчин хүн байсан юм билээ. Бөмбөгөр ногоон театрт ажилладаг. БНМАУ-ын анхны алдарт гавьяат хөгжимчин Дашдэлэгтэй хамт шанз тоглодог байсан гэдэг. Гэтэл Х.Чойбалсан загнаад “Чи ийм том хүний эхнэр байж театрт ажиллаж яадаг юм” гээд ажлаас нь гаргуулсан гэсэн бол Ц.Даваажавын МХЗЭ-д элсэх хурлын анкетад “…-Амгалангийн архичин хүүхнүүдтэй нийлдэг юм биш биз?  -Үгүй, харин заримаар нь шанз, хуучир заалгадаг. –Хир зэрэг сурсан бэ? -Ойр зуурын дуу дарж чадна.  -Цэнгэлдэхийн дугуйланд багшилж чадах уу? -Чад гэвэл чадна” гэснээс харахад хөгжимчин хүн  байжээ гэж дүгнэж болохоор байна. Даваажав нь дуу, хөгжим сонирхдог, юмыг сурах гэсэн чин эрмэлзэлтэй, урлагийн авьяастайн дээр  хүрээний хүүхнүүдээр хөгжим заалгаж сурсан болов уу гэж ойлгогдож байгаа юм. Тэрээр  ардын намд  1922 онд элссэн бололтой байна. “… 11 /1921/ онд намын хэргээр Москва хотноо явж ирсэн, 12/1922/ оны гуравдугаар сард 11 үүрт гишүүнд элссэн. 14/1924/ онд хоршооны, 15/1925/ клубийн гишүүнд элссэн. Нэгдүгээр шалгалтаар шалгагдсан гээд шалгалтын комиссын санал дүгнэлтийн хэсэгт “бага зэрэг гоёмсог байдал буй тул 4 сарын орлогч болгох ба хөгжим, жүжгийн ажил хийлгэвээс зохилтой” гэжээ. Тэр шинэ тутам бий болсон улс төрийн эрхээ эдэлж, нам, эвлэл, хоршоо, клубийн гишүүн болсон идэвхтэй, үлгэрлэн манлайлагч төдийгүй, ганган дэгжин, дуу хөгжим сонирхдог, “хүрээ хүүхэн” байсан нь хувьсгалчдад төдийлөн таалагдаагүй бөгөөд “гоёмсог байдал” гэж тодотгон намын гишүүнээр бус орлогч гишүүнээр элсүүлж, мөн том хувьсгалчийн эхнэр хөгжим дуу сонирхож, театр шийгээр явах нь зохимжгүй гэсэн үзэл суртлын улмаас ажлаас нь гаргасан бололтой байдаг.

Пролетарийн хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй уулзсан Ц.Даваажав 

1922 онд Петербургт үйл ажиллагаагаа эхэлж, Москва хотноо сүүлийн хуралдаанаа хийсэн “Алс Дорнодын анхдугаар их хурал”-д залуучуудын төлөөлөгчөөр Монгол улсаас Мөрдэндэв, С.Буяннэмэх, Д.Лосол гэргий Ц.Даваажав нарын залуучууд оролцжээ. Тус хуралд Монголоос хэдэн хүн оролцсон тодорхой тоо байхгүй бөгөөд тухайн үеийн Зөвлөлт Оросын “Новая Россия” сонинд Солонгосын төлөөлөгчийн дурсамж ярианд дурдсанаар Монголоос 19 төлөөлөгч оролцсон гэдэг. Олон улсын томоохон хуралд шинэ тутам байгуулагдсан засгийн төлөөлөгч эхнэрээ дагуулан явна гэдэг нь тухайн үеийн Монголын нөхцөлд тун ховор бөгөөд Даваажав нь бичиг үсэг, царай зүс, хувцас гоёлоороо гадаад оронд монголын эмэгтэйчүүдийг төлөөлж чадахуйц соёлтой, боловсон эмэгтэй байсныг харуулж байна. Нөгөө талаар олон улсын харилцаанд баримталдаг ерөнхий чигийн дагуу төр засгийн тэргүүн нар гадаадад явахдаа эхнэрээ дагуулан явдаг үйл явцын эхлэл Монгол оронд бий болж эхэлсний жишээ байжээ гэж үзэх ч үндэстэй юм.

 Ц.Даваажав нөхөр Д. Лосолын хамт Москва хот 1922 он /Хүү Л.Өлзийхишигийн хувийн архив /
Ц.Даваажав нөхөр Д. Лосолын хамт Москва хот 1922 он
/Хүү Л.Өлзийхишигийн хувийн архив/

Даваажав нь 1925 онд бөглөсөн анкетдаа “Москва хотноо хувийн хэргээр явж очих тухайд Дорнод хязгаарын бүсгүйчүүдийн төлөөлөгч болсон” гэсэн байдаг. Д. Лосолын талаар түүхч, судлаач З.Лонжидын тэмдэглэлд “… тус их хуралд оролцсон төлөөлөгчдийг В.И.Ленин хүлээн авч уулзаж ярилцсан байна. Жич: Лосол бээр тус хуралд очихдоо гэргий Ц.(П) Даваажавыг дагуулан очсон тухай баримт байдгийг дурдах нь илүүц бус билээ” гэжээ. Тус хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийн талаар зураг, баримт одоогоор олдоогүй байна. Энэхүү хурлын төлөөлөгчдийн дунд зохиолч С.Буяннэмэх явсан бөгөөд тэрээр оросын хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй уулзсанаараа “Гайхамшигт учрал” зохиолоо бичсэн гэдэг. Харин 1964 оны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн Даваажавын тухай “Ленинтэй уулзсан монгол эмэгтэй” найрууллын хэсэгт  түүний В.И.Ленинтэй уулзсан талаар нэлээд дэлгэрэнгүй дүрслэн өгүүлсэн байна. 1922 онд Монгол оронд ардын хувьсгал ялаад удаагүй, эмэгтэйчүүд гадаад оронд хурал цуглаанд оролцох нь байтугай бичиг үсэг мэддэг эмэгтэйчүүд тун цөөн байлаа. Тиймээс Зөвлөлт Орос улсад явж хуралд оролцож, тухайн үеийн коммунизмын хамгийн нөлөө бүхий хүн В.И.Ленинтэй уулзах нь нэр төрийн хэрэг байсан юм. Энэ үеэс эхлэн феминизмийн үзэл санаа оросоор дамжин Монгол оронд бий болж монголын эмэгтэйчүүдийн эрх чөлөө, тэгш эрхийн төлөө үзэл баримтлал эхэлсэн түүхтэй.

Тэрээр ардын хувьсгал ялснаас хойших Монголын түүхэнд өндөр албан тушаал хашсан, нөхрөө дагаж гадаадад явсан анхны эмэгтэй болж, дипломатын түүхэнд  үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж болно. Монголын эмэгтэйчүүдийн хувьд эрх чөлөөний шан татагч, феминизмийн үзэл санааны мөрийг гаргагч мөн. Феминизм монголд дэлгэрснээр өнөөдрийн нийгмийн эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийтийн соёлын орчинд нөлөөлөх нөлөөллийг бий болгож, нийгмийн соёлыг төлөвшүүлж үнэт зүйлийг хамгаалсан зан суртахууныг бий болгосон юм.

Зохиогч: Дашдоржийн ЦЭНД

Гаваагийн БОЛОР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.