2030 оны чадвар буюу МЕТАКОГНЕТИВ

2024-04-19 Подкаст

Сүүлийн жилүүдэд метакогнитив чадварын ойлголт түлхүү яригдах болжээ. Энэ нь ирээдүйн мэргэжилтний зайлшгүй эзэмших чадварын жагсаалтад орж байна. Боловсролын болон бизнесийн байгууллагууд энэ чадварыг улам онцолж байна.

Тэгэхээр метакогнитив чадвар гэж юу вэ?

Метакогнитив нь өөрийн бодол, мэдрэмжийг шинжлэх чадвар юм. Энэ чадвар нь суралцагчийн өөрийн сурах арга барилыг ойлгох, мэдэхэд тусалдаг. Мөн, өөрийгөө таних чадварыг хөгжүүлдэг байна. Метакогнитив чадвар эзэмшсэн хүмүүс бодол мэдрэмжээ үнэлж, шинэ нөхцөл байдалд өөрийн бодох, сурах, мэдрэх арга барилыг дахин боловсруулах боломжийг олгодог.

Метакогнитив чадварын тусламжтайгаар суралцагч нөхцөл байдлыг ойлгож, тэдэнд хамгийн хэрэгтэй арга барил, процессыг таньж мэдэхэд тусалдаг. Хүн бүрийн сурах арга барил өөр байдаг учраас өөрийн сурах арга барилыг олж мэдэх нь чухал ач холбогдолтой юм.
Үүнд суралцагч төрөл бүрийн сурах арга барилыг туршиж, өөртөө хамгийн тохирох аргачлалыг сонгох хэрэгтэй болдог байна.

Олон улсад боловсролын байгууллага анги, танхимын орчинд метакогнитив чадварыг эзэмшүүлэх арга техникүүдийг боловсруулсаар байна. Энд төрөл бүрийн стратеги орж байгаа юм. Багш нар суралцагчдаа мэдээллийг хэрхэн боловсруулж, хэрхэн мэдлэгийг бий болгохыг зааж өгч байна. Түүнчлэн танихгүй, мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ танихыг шаардаж байгаа юм.

Суралцагч өөрийн суралцах процессыг эргэцүүлж, өөрийн мэдлэг хэрхэн өөрчлөгдсөнийг таних хэрэгтэй. Юуг сурахад хэцүү байсан, яагаад хэцүү байсан болохыг үнэлж, эргэцүүлж, ямар сурах арга барил өөрт нь хамгийн их үр дүнг өгсөн болохыг таньж мэдэх ёстой.
Зарим эх сурвалжуудад: метакогнитив чадварыг суралцах процессыг таних гэж тодорхойлсон байна.

Энэ нь насан туршдаа суралцах гол хүчин зүйл юм. Метакогнитив чадвар нь хоёр үндсэн процессоос бүрддэг. Үүнд,

1) суралцах явцаа ажиглаж, хянах
2) үр дүн муу байна гэж үзвэл өөрийн суралцах арга барилаа өөрчлөх.
Энэ нь өөртөө дүгнэлт хийх, өөрөө бие даан хариуцах, санаачлага гаргах, зорилго тавих, цагаа удирдах чадваруудаас бүрдэнэ.

МЕТАКОГНЕТИВ ЧАДВАРЫН ШАТАЛСАН ПРОЦЕСС

Санах – Юу ярьж байгаагаа, бусдын ярьж байгаа зүйлийг мэдэх. Үүнд, таних, дүрслэх, тодорхойлох, ялгах, боловсруулах орно.

Ойлгох – Хэрхэн ярихаа мэдэх. Үүнд, ангилах, онцлох, тайлбарлах, зургаар дүрслэх, өөр байдлаар тайлбарлах орно

Хэрэгжүүлэх – Хэрхэн хийхээ мэдэх. Үүнд, зохицуулах, уялдуулах, хэрэгжүүлэх, ашиглах, гүйцэтгэх, эмхлэх орно.

Шинжлэх – Хэрхэн сонгохоо мэдэх. Үүнд, харьцуулах, ялгаруулах, холбох, дүгнэлт гаргах орно.

Үнэлэх – Хэрхэн үнэлэхээ мэдэх. Үүнд, сонгох, шүүмжлэх, урьдчилан харах, турших орно.

Бүтээх – Хэрхэн бүтээхээ, хийхээ мэдэх. Үүнд, зохиох, боловсруулах, төсөөлөх, төлөвлөх, үйлдвэрлэх орно.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.