
Булгантуяаг эргүүлэн татах уу, үгүй юу гэдгийг шийдэх парламентийн чуулган хойшилсон, үнэндээ бол аль аль нам нь энэ сэдэв дээр талцсан. Хэрэв Булгантуяад хариуцлага тооцоод, эргүүлэн татаад эхэлбэл араас нь явах асуудалтай гишүүн олон байгаа учраас айсан. Нөгөө талаар үүний цаана МАН-ын их хурал угтсан, Булгантуяаг наймаалцах гэсэн тохироо явж байж болох талтай. За эргэн саная. Үндсэн хууль илэрхий зөрчсөн горимоор Засгийн газрыг огцруулахаар санал хураасан шөнө Амарбаясгалангийн талынхан баримжаа алдаж, PR-аа цөмөртөл далийсан. Энэ жүжгийн гол дүрд алх барьж, ам асуусан Булгантуяа, онгоцноос дөнгөж буусан гишүүнийхээ тэргийг түрсэн Амарбаясгалан, маасайтал инээж байгаа хэрнээ хүчирхийлэлд өртсөн гэх дохиог гар хуруугаараа харуулж, парламентийн танхимыг шоу рүүм болгосон Ариунзаяа, фэнгшүй Ганбаатар, үзэл бодлоо хамгаалан, хууль зөрчигч болохгүйн тулд чуулганд ороогүй хэдийгээ ажлаа тасаллаа гэж буруутгасан Баасанжаргал, Болормаа, даган баясагч Сандаг-Очир, Сайнзориг, нөгөө үзэгдэж харагдалгүй удсан Оюун-Эрдэнэ…шөнөжин танхим нэгт гишүүдээ хорвоогийн үзэшгүй муухай хүмүүс болгохоор шамдсан. Улсаар нь үзэн ядуулж байгаад, улс булаах гэж оролдсон. Бас л хөөрхөн хоржоонтой жүжиг шүү. Нүдээрээ зурам гээч амьтан урлаж хийсэн гишүүн ч тодорсон. Үндсэн хууль зөрчөөд байна аа гэж хуульчид нь хэлээд байхад та нар юугаа мэддэг юм гээд олон нийтийн тархиар сигадсан. Энэ үйл явдлын дараа Монгол Улс төргүй, засаггүй тав хоног эзгүйрсэн байдаг юм. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаж, хууль зөрчсөнийг нь 38 хуудас тайлбараар баталгаажуулсан. Тэгснээ одоо болохоор Булгантуяаг эргүүлэн татах нь буруу ч гэх шиг, бодоод үзээрэй, энэ хүн яаж хаан заан загнаж байсныг эргэн санаарай. Хуралд ороогүй гишүүдийнхээ хүн ёсны эрхийг ч уландаа гишгэж улс даяар матарласан. Эцэст нь ганц л асуулт байна, хариуцлага тооцож чадахгүй юм бол ер нь яах гэж энэ хүртэл шоудсан юм бэээ? Нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон юм бэээ? Цаашдаа Үндсэн хууль зөрчигчийн толгойг илээд л эвийлээд байх юм уу? Булгантуяагийн араас идсэн уусан, хуйвалдсан, зээлсэн, орд газар наймаалцсан, гаднын PR агентлагт асар их мөнгө үндэслэлгүй төлсөн, сонгуулийн санхүүжилтээ гадаадаас авсан гэхчлэн баримт нь дэлгэгдээд байгаа гишүүд мөн л хариуцлагаа хүлээж, гишүүний суудлаас буух ёстой. Хариуцлага тооцож чадахгүй юм бол мянган баримт дэлгээд ч яадаг юм, хууль зөрчсөнийг нь түмэн удаа нотлоод ч яах гэж байгаа юм бээээ, бүгдээрээ тэгээд худал хуурмагтаа живж үхэцгээе л дээ. Чи Үндсэн хууль зөрчөөд байна гэж хуульчид нь сануулаад байхад ямар зорилгоор зөрчив, төрд гишүүн, сайдаар урт удаан ажилласан байтлаа үүнийг олж харах ухаангүй явсан гэдэгт нь итгээд л өнгөрөх хэрэг үү? Эгэл иргэн энэ мэтийн зөрчил гаргасан бол эх орноосоо урвасан гээд элгээр нь хэвтүүлж байгаад насаар нь хорих байсан нь харин үнэн шүү.
Нийтлэлч Р.Эмүжин
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
2025-11-7
89072
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.