Хүний папиллома вирусийн олон хэв шинжээр үүсгэгддэг бүлэг өвчнийг папилома вирус (ХПВ)-ийн халдвар гэнэ. Энэхүү халдвар нь арьс, салстыг сонгомлоор гэмтээж, эмнэл зүйн олон шинжээр илрэх бөгөөд хүн амын дунд элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд бэлгийн үү ихээр тархаж байна. Энэ талаарх мэдээлэл муугаас хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдаж өвчнөө хүндрүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдээлэлийг хүргэж байна.
Тэгвэл эл вирус нь 100 гаруй төрөл байдгаас 30-аад төрөл нь бэлгийн замаар дамжин шээс, бэлгийн замыг илүүтэй үрэвсүүлж, гэмтээдэг. Бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн тодорхой хэв шинжүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээс, бэлгийн замын хучуур эдүүдийн хавдрыг үүсгэхэд чухал нөлөөтэй. Үүнд бэлгийн хавьтал, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, төрөх замаар нярайд халдварлах гэх мэт.
ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч О.Энхжаргалаас “Бэлгийн үү нь бүрэн эмчлэгдэж, төгс эдгэрдэг өвчин мөн үү?” гэсэн асуултад хариулт авлаа.
Тэрбээр “Бэлгийн үүний тухайд хэд хэдэн эмчилгээний арга бий. Гэхдээ энэ аргууд нь зөвхөн шинж тэмдгийнх гэж ойлгох хэрэгтэй. Учир нь энэ бол вирусийн халдвар. Энэ вирусийг төгс эмчилдэг эм одоогоор дэлхийд алга. Тиймээс нэгэнт ургаад гараад ирчихсэн бэлгийн үүг мэс заслын аргаар авч болно, түлж авч бас болно. Гэхдээ энэ нь зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ. Төгс биш эмчилгээний арга гэж ойлгож болно” гэв.
Түүнчлэн ХПВ халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг. Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна.
Харин бэлгийн үү нь ихэвчлэн өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар ХПВ халдварлаж зөвхөн арьс салстанд үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. ХПВ нь эс дотор байрлаж арьсны хамгийн гүн давхаргад үрждэг. ХПВ-ээр халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог.
Хамгийн хэцүү нь халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжина. Тодруулбал, папиллом вирусээр үүсгэгддэг бэлгийн үү өвчнөөр халдварлагдсан халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай холбоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз өвчинтэй болох магадлал өндөр байдаг.
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч байж болно. Эмч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ хугацаа нь дунджаар 1-8 сар байх аж. Мөн өвчин үүсгэгч вирус нь хүний биед хадгалагдсаар байдаг учир өвчин дахих хандлагатай байдаг.
-Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногын амсар орчмын арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах
-Эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногын амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах
-Үү, ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовуурууд илэрнэ
-Бэлгийн үү нь умайн хүзүүн дээр байрласан үед бэлгийн харьцааны дараа цусархаг ялгадас гарч болно
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.