Монгол хүний нас баралтын шалтгааны тэргүүн эгнээнд хорт хавдар байсаар нэлээд олон жилийн нүүр үзлээ. Тэр дундаа эрэгтэйчүүдийн хувьд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой ба улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс эхний таван байрт жагсаж буй юм. Харин эмэгтэйчүүд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хавдраар тэргүүлж байна. Тухайлбал, манай улсад 100 мянган хүн тутмын 229 нь хорт хавдраар өвчилж байгаа статистиктай. Эдгээр хүний 80 хувь нь 45-аас дээш насныхан. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, түүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш жил хүрэхгүй хугацаанд нас барж байна.
Тэгвэл мэргэжлийн эмч нар энэ тоог бууруулахад төр засгаас юуг анхаарч, хэрхэх талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Энэ удаад “Оби-эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн, хавдрын мэс заслын их эмч Б.Оюунбилэг “Умайн хүзүүний хорт хавдраар ихэнх тохиолдолд 40-50 насны эмэгтэйчүүд өвчилдөг. Гэхдээ сүүлийн үед харьцангуй хорт хавдраар өвчлөгсөд залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх асуудал болоод байна. Өдөрт арван хүнийг үзлээ гэхэд, нэг нь заавал умайн хүзүүний хорт хавдартай, хоёр хүн нь вирустай гарч байгаа юм” гэсэн юм.
Уг нь хэн ч эрүүл байж байгаад шууд хорт хавдар тусдаггүй, эхлээд суурь, урьдал өвчин тусч байгаад дараа нь хорт хавдарт шилждэг. Тэр дундаа сүүлийн үед маш ихээр “залуужиж”, тоон үзүүлэлт нь нэмэгдэж буй умайн хүзүүний хортой хавдрыг эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, ялангуяа хавдрын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, үзлэгийн явцад янз бүрийн сорилууд хийгддэг. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээ нь хавдарын урьдал өвчин, суурь өвчин, хавдар байгаа үгүйг илрүүлдэг.
Бусад хорт хавдраас урьдчилан сэргийлэх ганц арга нь мөн л эрт оношилгоо. Хорт хавдрын эрт илрүүлгийг амжилттай хийж чадвал нас баралтыг 35-60 хувь бууруулах тооцоотой. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас хорт хавдрыг эрт илрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийг хийгээд даруй 10-аад жилийн нүүр үзэж байгаа ч зонхилон тохиолдож буй хавдрын нэгт зүй ёсоор тооцогдсоор байна.
ХСҮТ-ийн Бүртгэл тандалтын албаны дарга Т.Ундармаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол Улсад эрт илрүүлэгт хамрагдалтын хувийг нэмэх ёстой. Тухайлбал, ДЭМБ-аас эрт илрүүлгийн хамрагдалтыг 70 хувьд хүргэхийг зөвлөж байна. Гэвч манай улсын эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 38-40 хувьтай байна. Иймээс иргэд зөв мэдээлэл аваад эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн ирээдүйн ээжүүдээ эрүүл байлгах эхний алхам бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болж байгаа вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өвдөхөөс нь өмнө сэргийлэх хэрэгтэй. Одоо бид өвдсөн хойно нь эмчилгээ оношилгоо хийгээд байна.
2018 оноос 18-аас дээш насны иргэдийг урьдчилан сэргийлэх 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багц гаргасан. Харин өнгөрсөн оны статистик мэдээгээр 18-аас дээш насны хоёр сая 67 мянган иргэний 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийг мэдээллээр хангах шаардлага үүсэж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.