Хүний эрүүл мэндийг аврагчийн нэг байсан антиобиотик аюулын харанга дэлдэх болсоор удав. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэх эртний үгээр өмнөтгөл хийж, өөрийгөө эмчилдэг баатар болж антибиотикийг хоол шиг зарим нь чихэр шиг хэрэглэх нь бий.
Хэрэглээн дээр дөрөөлсөн эмийн сурталчилгаа ч замбараагаа алдаж, орой бүр цэнхэр дэлгэцээр антибитотикийн сурталчилгаа минут тутам хөвөрнө. Чухамдаа антибиотик өнөө цагт эм биш хор болж хувираад байна. Тэр дундаа антибиотикийг тэр бүр хэрэглээд байх нь зохисгүй гэдгийг эмч нар хэлж байна. Өндөр хөгжилтэй орны иргэдэд антибиотик уухыг зөвлөхөд яагаад заавал уух ёстой гэдгийг бататгах мэдээлэл, баталгаа шаарддаг аж. Учир нь эмийг хэтрүүлэн байнга хэрэглэх нь хүний дархлааг дарангуйлах урхагтай. Гэтэл манайд эсрэгээр дөнгөж халуурах төдийд антибиотик хэрэглэдгийг НЭМҮТ-ийн эмч нар хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, ингэж дураараа антибиотик хэрэглэх нь өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хорлохын тулд зориудаар санхүүжилт хийж байгаа үйлдэл хэмээн тодотгосон.
Олон эмэнд тэсвэртэй нян, антибиотикийн зохистой хэрэглээний талаар иргэд мэддэг хэрнээ тоодоггүй. Уг нь антибиотик нь хүн болон малын нянгийн халдварын үед хэрэглэдэг бүлэг эм юм. Хэрэв антибиотикийг буруу хэрэглэвэл бактери нь тэсвэртэй болж, хүн мал болон хүрээлэн буй орчинд тархдаг. Антибиотикийн тэсвэржилт нь зөвхөн Монголын биш дэлхий дахины аюулын харанга дэлдэх болсон. Тухайлбал, Европт энэ шалтгаанаар жилд 25 мянган хүн нас бардаг гэсэн тоон мэдээлэл бий. Харин Энэтхэгт тэсвэртэй нянгийн халдвараар 38 мянган хүүхэд амь үрэгддэг бөгөөд эдгээр хүүхдүүдийн ихэнх нь эхээс халдварласан байдгийг судалгаагаар нотолжээ.
Хэдийгээр хүн төрөлхтөн хөгжиж, асуудал бүрийг шийдвэрлэх гарц олж байгаа ч антибиотикийн хэрэглээний хувьд ухралт явагдсаар байгааг эмч нар хэлж байгаа юм. Тодруулбал, анх пенициллин гэдэг антибиотикийг хэрэглэснээс хойш дэлхийн анагаах ухаанд их хувьсал гарчээ. Хатгаа болон элдэв янзын идээт хүндрэлүүдээс болж амь насаа алддаг аюулаас ангижирч чадсан юм. Гэтэл сүүлдээ антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болоод өвчин үүсгэдэг нянгуудын ертөнц өөрчлөгдөх нь тэр. Өөрөөр хэлбэл, нян бактериуд антибиотикт тэсвэртэй болсноор хүн төрлөхтөн антибиотикийг нээж олохоос өмнөх үе буюу халдварт өвчнийг эмчилж чадахгүй үй олноороо нас барж байсан аюуд эргэн ирэх эрсдлийг дагуулж байгааг Мэс заслын их эмч Б.Ганзориг хэлж байна.
Иймээс нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг болсон. Энэ жилийн дэлхийн 7 хоногийг энэ сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж байгааг өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл оролцсон юм.Монгол Улсын хувьд нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик эзэлдэг аж. Хэдийгээр антибиотикийг жороор олгох журамтай ч тэр бүр хэрэгждэггүй. Тиймдээ ч өдгөө эмийн сангуудаас хүн дурын антибиотикаа авч хэрэглэдэг. Амбульториор ирж байгаа өвчитнүүдийн 40 гаруй хувь нь антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй ирдгийг ч энэ үеэр эмч нар хэлж байсан юм. Товчхондоо, хүмүүс анх эмнэлэгт хандахдаа л олон эмэнд тэсвэртэй нянтай болчихсон ирдэг аж. Ийм тохиолдолд тэр хүнд эмчилгээ хийх антибиотик байхгүй болчихдог тул иргэдийн антибиотикийн хэрэглээний талаар мэдлэг, мэдээллээ зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бийг онцолж байсан.
Антибиотикийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж эмийг хоол шиг, чихэр шиг идэхээ больсноор өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг авраад зогсохгүй эдийн засагтаа ч хэмнэлт бий болгох боломжтой юм. Нянгийн эсрэг эмүүд өндөр үнэтэй. Хамгийн сүүлийн үеийн, сайн үйлчилгээтэй эм байх тусмаа үнэтэй гэдгийг эмийн санч нар хэлж байна. Тиймээс эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд эмч нарт, эм зүйчдэд хандах нь зүйтэй юм.
Нян эмэнд тэсвэртэй болохоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд үүрэг оролцоотой. Үүнд энгийн бөгөөд үр дүнтэй дараах үйлдлүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлбэл “Нянгийн тэсвэржилтийн эрин үеийг сааруулах, цэг тавих”-ад чухал алхам болох төдийгүй “Ирээдүй үе”-дээ хийж буй том хөрөнгө оруулалт болно. Үүнд:
• Гараа савандаж, тогтмол угаах
• Аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх
• Вакцинжуулалтад тогтмол хамрагдах
• Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх
• Антибиотикийг эмчийн жоргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байх
• Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх
• Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх
• Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх
“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулах, антибиотикийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааны багц материалиар хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг хангах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж антибиотикийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.