Утааны улирал ирлээ. Өглөө, оройд амьсгаа авахад бэрх боллоо. Эрх баригчдын амьдардаг газар хүйтний цэнгэг агаар цээж дүүргээд өнөтэй сайхан өвөл айсуй. Хөдөлмөрчин бидний амьдрах орчин хязгаарлагдаж эхэллээ. Өнгөрөгч өвөл олон нийт дуу хоолойгоо нэгтгэн төв талбайд хахир цагаар суулт зарлаж, бултаараа цамнасны хүчээр төрийн гурван өндөрлөг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж УИХ, Засгийн газарт зөвлөмж гаргасан. Харамсалтай нь сүржин нэртэй энэхүү “түүхий” хөтөлбөр Засгийн газрын хэмжээнд батлагдсан ч УИХ-ын хаврын чуулган хаалгаа янгинтал түгжиж орхисон. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэхүү хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төслөө Засгийн газарт оруулсан ч Ерөнхий сайд 9.9 их наяд төгрөгийн хөтөлбөр ийм богино хугацаанд хэрэгжих боломжгүй тул хугацааг 2025 он хүртэл сунгах чиглэлийг өгсөн байдаг. Харин одоо энэ хөтөлбөр хаана, хэний гарт байгаа нь бүрхэг хэвээр. Товчхондоо 2025 он хүртэл хэрэгжих Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ одоог хүртэл бэлэн болоогүй байна. Тэгэхээр энэ өвөл цагаан захтнуудын баталсан энэ хөтөлбөрөөс үр дүн хүлээж, утаа багасна гэдэгт найдах юм алга.
2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс холбогдох газруудтай хамтран хийсэн судалгаа баталж байна.
Гэвч Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт туссан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол үүнтэй холботой гарах хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал дангаараа 2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс холбогдох газруудтай хамтран хийсэн судалгаа баталж байна. Өөрөөр хэлбэл, тус судалгааны багийнхан манай орны агаарын бохирдол түүнээс үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн төсвийн зарцуулалт, институцийн дүн шинжилгээ, хариу арга хэмжээ аваагүйгээс гарах үр дагаврын өртгийн тооцооны судалгааг хийжээ.
Урьдчилсан байдлаар зөвхөн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зарцуулж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал болон улсын төсвөөс нэг хүнд зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг тогтвортой түвшинд байхаар тооцон гаргасан нь энэ юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын бохирдлын үзүүлэх төсвийн ачаалал хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол 2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг судалгааны багийнхан тодорхойлсон байна.
Мөн энэ хугацаанд буюу 2017-2025 онд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс эрүүл мэндийн салбарт зөвхөн хүүхдийн хувьд 1,2 сая эмнэлгийн ор, ганц өдөрт 145 мянган амбулаторийн үзлэг хэлбэрээр ачаалал нэмэгдэх тооцоо гарчээ.
Энэхүү судалгаанд бидний ирээдүй болсон хүүхдийн асуудлыг нэлээд анхаарч байгаа бөгөөд нэн даруй хэрэгжүүлж болох арга хэмжээг авахыг судлаачид анхааруулав.
Үнэндээ энэ өвөл агаарын бохирдлын түвшинг буулгаж чадахгүйгээс хойш наана нь авч чадах арга чаргаа хэрэглээч, эрх баригчид аа. Ядаж л хүүхэд бүрт 20 мянган төгрөг гэж том дуугарч байхаар ид утааны улиралд шүүлтүүртэй амны хаалт өгөөч ээ. Улс орны эдийн засаг “сэхээнд орж, амьдрал зутруу байхад Э.Бат-Үүл даргын үед айл бүрт хогны ногоон уут тарааж болсон юм чинь ядаж гэр хорооллын бяцхан иргэддээ утаа шүүгчтэй амны хаалт тарааж, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд агаар шүүгч байршуулбал яасан юм бэ. Хэдэн жилийн дараа уушигны өвчлөлөө дийлэхээ болих вий дээ…
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.