С.Эрдэнэ: Ардын намыг эрүүл байна гэж харлаа, булхай, хулгайгаа нуухгүй

2017-09-13 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.


-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарласан. Энэ талаар?

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид мэднэ. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой.

-Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаандаа багтаана гээд тайлбарлавал яах вэ?

-30 хоногоо хүлээвэл эхний цастайгаа учирна. Эхний цас орно гэдэг манай орны хувьд маш том дохио санамж. Бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил зогсоно гэсэн үг. Хадлан тариалангийн хураан авалт ч зогсоно. Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд дотооддоо өөрсдийн асуудлаа шийдээд, Засгийн газраа бүрдүүлээд явах бүрэн боломж байгаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан давж заалдах болон анхан шатны шүүхээр яллаа. Одоо УИХ-ын тогтоол хүчингүй гэсэн үг үү?

-Бид УИХ дээр олон удаа анхааруулж байсан. Аливаа хувийн өмчид улайрч хандах ёсгүй. Шүүх, хуулийн байгууллага асуудлыг шалгаж, тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аливаа асуудалд шийдвэр гаргах нь буруу. УИХ мөрдөн шалгах газар биш, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага ч биш. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль санаачлах, боловсруулах, батлах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. Өнөөдөр өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага чиглэл өгч, шалгуулан, тогтоолгоод шийдвэрээ гаргасан бол өөр асуудал. Шалгасан тогтоосон зүйл байхгүй, олон түмний сэтгэлзүй дээр тоглолт хийж, шударга болж харагдах бусармаг үйлдэл хийсэн. Энэ нь эргээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.

-Ээлжит бус чуулганыг танай бүлгээс тавьж байна. Асуудлыг цааш хэрхэн хүргэх вэ?

-УИХ дахь АН-ын бүлгээс асуудлыг УИХ-ын удирдлагад албан бичгээр тавина. Цаг хугацаа гэдэг маш хатуу шүүгч байдаг. Бид сөрөг хүчний хувьд  үүргээ гүйцэтгэж байгаа юм.  Бид эрх баригчдад улс орны нөхцөл байдал ямар байгааг анхааруулах үүрэгтэй.

Бид адилхан сонгогчдоос сонгогдсон төрийн түшээд. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарах үүрэгтэй.

-УИХ-ын гишүүн А.Сүхбат Ардчилсан намд орох өргөдлөө өгсөн гэж үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар А.Сүхбат гишүүн ямар нэг өргөдөл өгсөн зүйлгүй. А.Сүхбат гишүүн өмнө нь манай намд байсан. Төв шуудангийн урд талын байранд байхад Ардчилсан намын батлах гардаж авсныг би маш сайн мэдэж байна.

-ОУВС-гийн хөтөлбөрийн гурав дахь шатны яриа хэлэлцээр тун удахгүй явагдах ёстой. Гэтэл Засгийн газартай холбоотой асуудлаас үүдэж саад бэрхшээл тулгарч болзошгүй байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Бодит нөхцөл байдлаа эргээд харах юм бол Засгийн газарт найдах хэрэггүй.  Хүүхдийн мөнгө олгоход 244 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 6 тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамласан. Харин  өөрсдөө 800, 900 тэрбум төгрөгөөр ашиг сонирхлын зөрчилтэй концессын гэрээ хийж байгаа нь зүй ёсны хэрэг биш. Хоёрдугаарт, цалин тэтгэврээ нэмээгүй байж сайд нарын зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа Засгийн газар, монголын төр л юм бол өөрсдөө хэмнэх ёстой. Ингэж байж цалин тэтгэврээ тав, арван мянга гэхгүй нэмэгдүүлэх боломжтой болно.  ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа мөнгөн дүн гайхамшиг биш. Манай шиг байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй улс валютын сангийн хэдхэн ам.доллараар голоо зогоож амьдрах нь өрөвдөлтэй. Чадваргүй Засгийн газрын хийдэг үйлдэл. Том төсөл, том ордоо ашиглаж болно. Жишээ нь Оюутолгойн олборлолтыг бодитоор шалгаад, хэдэн тонн  зэсийн баяжмал экспортолж, хэдэн ам.доллараар зарж байна вэ. Тэр мөнгө хаашаа орж байна вэ гэдгийг тогтоож чадах юм бол валютын сангаас авч байгаа ам.долларыг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тайлан тооцоонд оролгүй, гадагш урсаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид аливаад эзэн баймаар байна. Ингэж байж баялгийнхаа бодит өгөөжийг ард түмэнд өгнө. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 6700 ам.долларт хүрлээ. Нүүрс сүүлийн гурав дөрвөн жилд өсөөгүйгээр өслөө. 2016 онд Монгол Улс 200 гаруй сая ам.долларын нүүрсний борлуулалт хийж байсан. Өнөөдөр 1 тэрбум 300 сая ам.долларын нүүрсний борлуулалт хийгээд байгаа. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Шинэ Засгийн газар байгуулагдахад 22,5 тэрбум ам.долларын өр байсан. Гэтэл өнөөдөр 24,9 тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Нэг жилийн дотор 2,5 тэрбум ам.долларын өр тавьсан байна. Юун тэр “Чингис” бонд.  “Чингис” бондоор бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл бондын мөнгийг нэг дахин нугалах хэмжээний өр жилийн дотор тавьчихсан байна. Үүнийгээ нуугаад ил тод хэлэхгүй байгаа юм.  Дээр нь нүүрсний борлуулалтаас орж ирсэн 1 тэрбум ам.доллар хаашаа орсныг бүү мэд. Санхүү эдийн засгийнхаа тайланг нуугаад, ил тод гаргахгүй байгаа. Ийм байдлаар улс орон цааш явахгүй. Тиймээс бид ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардана. Бидний шаардлагаар хөдлөх эсэхийг мэдэхгүй. Нөхцөл байдал ямар байгааг мэдээлэх нь бидний үүрэг.

-Ардчилсан нам олонх байхдаа Засгийн газраа огцруулсан. Ардын нам мөн ялгаагүй огцрууллаа. Хоёр том нам ийм байдалтай байгаад ард түмэн сэтгэл дундуур байх шиг. Харин та бүхний байр суурийг асуумаар байна?

-Ардчилсан намын хувьд шинэчлэлийн ажлаа бодитой явуулж байгаа. Анх удаа нийт гишүүдээсээ намынхаа даргыг сонгосон. Намын дотоод дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Ардчилсан намыг шинэчлэгдээгүй гэж хэн ч хэлэхгүй байх. Эрх барьж байгаа намын алдааг Ардчилсан намд тохох гэж байгаа нь буруу. Хоёрдугаарт, Засгийн газар солигдсоноор нөхцөл байдлыг дүгнэж болохгүй. Муу ажиллах юм бол ямар ч Засгийн газар огцрох ёстой. Тэрнээс тогтвортой байгаа нь энэ гээд чадваргүй Засгийн газрыг удаан ажиллуулах нь илүү хохирол авч ирнэ. Тухайн эрх барьж буй нам бодлогоо тогтвортой явуулах нь чухал.  Би нэг зүйлийн хэлье. Ардчилсан өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байсан жишээ ховор. Харин манай Засгийн газрыг сөрөг хүчнүүд огцруулдаг байсан. Нэг үгээр хэлбэл Ардчилсан нам дангаараа хэзээ ч засаглаагүй. Өмнөх Сангийн сайд Ч.Улаан байсан дараа нь Ж.Эрдэнэбат болсон. Монгол банкны тэргүүн дэд захирал Б.Жавхлан гишүүн байсан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байсан гээд ярих юм бол 2012-2016 оны Монгол Улсын нийгэм эдийн засгийн бодит дүр зургийг МАН мэдэхийн дээдээр мэднэ. Тухайн үед эдийн засгийг чиглүүлж байсан нам нь ардын нам юм. Гэтэл сонгуулийн дараа бүгдийг харлуулах шаардлага байсан юм уу, үгүй юм уу. Улс орноор тоглож байгаа юм уу яаж байгаа юм.

-Засгийн газрыг огцруулаад дараагийн ээлж хоолондоо ордог гэх яриа бий. Засгийн газраа огцруулснаар ажил сайжирсан түүх бий юу?

-Би энэ асуудалд хариулт хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хариуцлага тооцож байгаа нь эрүүл байгаагийн шинж.  Дарангуйлалтай улс оронд шүүмжилсэн нэгнийгээ нухчин дардаг. Засгийн газар нь болохгүй байсан ч болж байгаа мэт ажилласаар байдаг. Ардчилалтай улс оронд огцорч л байдаг, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Харин төрийн бодлого тогтвортой байх ёстой. Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэхийг би хэлж мэдэхгүй. Эрх барьж буй намын дотоод асуудал байх.

-Та сая хариуцлага тооцно гэдэг эрүүл байгаагийн шинж гэлээ. Тэгэхээр Ардын нам эрүүл байна гэж та дүгнэж байна уу?

-Яагаад эрүүл бус гэж. Ажил хийж чадахгүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чадаж байна шүү дээ. Би Ардын намыг эрүүл байгаа юм байна гэж харлаа. Булхай, хулгайгаа нуухгүй байна. Харин Ардын намын албан тушаал наймаалцсан асуудал эцсийн үр дүнд огцруулах үндэслэл болсон.

-Дараагийн Засгийн газрыг дэд сайдгүй байгуулаасай гэсэн хүлээлт иргэдэд байна. Та өөрөө сайд байсан хүний хувьд дэд сайдын үүрэг хэр чухал вэ?

-Дэд сайд гэдэг орон тоо бол эвслийн Засгийн газрын үед байж болно. Яагаад гэхээр эвслийн Засгийн газарт байгаа намууд бие биедээ хяналт тавих орон тоо. Гэтэл дангаараа шахуу парламентаа бүрдүүлсэн намд дэд сайдын шаардлага байхгүй. Би өнгөрсөн 2012-2016 онд Засгийн газарт ажилласан. Дэд сайд хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Өнөөдөр фейсбүүк, твиттерийн жиргээч дэд сайд нараа байлгаж байхаар хүүхдийн мөнгөө өгье. Цалин, тэтгэвэр, багш  нарын цалинг нэмье. Ийм боломж бий. Харин Ардын намд тийм хүсэл алга.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.