УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр АН-ын дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр “УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар баталсан “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2020-2022 онд байгуулсан нүүрс нийлүүлэх 36 оффтейк гэрээний талаар мэдээллийг сонслоо. Энэ гэрээний цаана өнгөрсөн 10 жилд ямар асуудал болж өнгөрсөн талаар зах зухаас нь ил гарч байна. Яагаад аж ахуйн нэгжүүдийн гэрээг төрийн нууц нэрээр авч, хулгай хийдэг асуудал хэзээнээс эхлэлтэй вэ гэдгийг та бүхэн судлаарай. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулж асуултад хариуллаа. Ирэх долоо хоногт би албан бланк дээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Зөвхөн энэ хуульд хоёр, гуравхан зүйл хэлэхэд, 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Төрийн нууцын тухай хууль гэж байсныг Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж өөрчилсөн. Энэ онд аль улс төрийн хүчин эрх барьж байсан үе вэ. Тэр үед яг ийм аж ахуйн гэрээнүүдийг төрийн нууцад авах үүд хаалгыг нээж, үүнээс хойш энэ хулгай эхэлсэн. МАН-ын үнэмлэхүй олонх болсон Засгийн газар, парламентын бүрэлдэхүүнээс ийм шийдвэр гаргасан. Системийн авлигыг хэрхэн үүсгэсэн тухай асуудал шүү.
Ингэснээр нэгд, байгууллагууд гэрээг нууцад авдаг эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Хоёрт, түүний өмнөх хуулиар зөвхөн УИХ-аар хуульчлан заасан 62 асуудлаар нууцад авдаг байсныг 300 орчим асуудлыг нууцад авах эрхийг Засгийн газарт өгсөн. Гуравт, төрийн өмчит компаниуд гэрээгээ нууцад авах боломжтой болсон.
Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн асуудлаар ярилцлаа. Энэ асуудлыг хэлэлцэж дуусах хуулийн хугацаа нь 2025 оны аравдугаар сарын 17-н буюу Баасан гариг байгаа. Тэгэхээр өнөө маргаашдаа энэ асуудал шийдэгдэхгүй болов уу.
Тийм учраас АН-ын бүлгээс гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
Нэгд, Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлгээс тавьж байна. Хоёр албан тушаалтны асуудал биш. Нэг намын асуудал институци хоорондын асуудал боллоо. Багш, эмч нар нь мөнгө төсөвгүй Төв талбай дээрээ жагсаж байна. Эрчим хүчний салбар нь лаа шүдэнзээ бэлдэх түвшинд хүрсэн байна. Тийм учраас энэ бүхэнд цэг тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэх ёстой. Улс орны асуудал болж хувирах нөхцөл байдалд очиж байна. Аль нэгийг нь дангаар хэлэлцэх ёсгүй. Хоёрт, АН-ын бүлэг асуудлыг хэлэлцээд, нэгдсэн чуулганы санал хураалтыг хүртэл байр сууриа нэгтгэж, олон нийтэд зарлахгүй. Бид тэр үедээ л нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Тэрнээс өмнө АН-ын гишүүд тодорхой итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж болно. Гуравт, эрх баригч нам хоёр тал болж байна. Энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга чуулганыг ахалж, хуралдуулах ёстой. Бидэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суухгүйгээр бойкотлосон зүйл байхгүй” гэлээ.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
2025-10-6
2025-10-6
2025-10-6
89029
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.