Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсний гэх хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна.
Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ.
Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болсон. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан.
Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан юм. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн.
Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолсон юм.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил 6 сар хорихоор болсон бол шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих шийдвэрийг гаргасан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.