Монголчуудын уламжлалт ахуй, нүүдэлчин угшлыг хадгалсан хэр нь орчин үеийн суурин иргэншлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэгэн бүтээлийг Та бүхэндээ энэ удаагийн “Старт ап бизнес” булангаараа танилцуулж байна. “Аянчин” эвхдэг гэр нь дөрвөн улиралд, хаана ч угсраад хэрэглэх боломжтой, монгол гэрийг суудлын машины багажинд багтахаар “эвхэж”, дархан хүний бурхан ухаанаар урласан өвөрмөц хийцтэй сууц юм.
Монголчуудын ахуйн онлогийг монгол эсгий гэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч хот суурин газрын амьдралын хэв маяг биднийг энэ сууцнаас эрхгүй холдуулжээ. Уг нь бол зундаа аялал зугаалгаар явахдаа ус бороо нэвтэрдэг импортын майхан биш, оосор бүчгүй орд цагаан өргөө бариад төвхнөхийг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч уламжлалт монгол гэр нь хадгалахад нэлээн овортой, тээж авч авахад нүсэр төдийгүй ус чийг авхуулчихгүй агуулж хямгадахад амаргүй юм. Тэгвэл яг хэрэгцээг мэдэрч, монгол гэрийн бүх мод хэрэгслийг эвхэгддэг байдлаар зохион байгуулж, оюуны өмчийн патент авсан бүтээгдэхүүн бол “Аянчин” гэр.
Угсардаг унь тооно, давхарлаж өндөрлөдөг хана, баян хуур хөгжим шиг эвхэгдэж дэлгэгддэг хаалга, бас эвлүүлдэг хураадаг зуух… Энэхүү содон бүтээлийн зохион бүтээгч Д.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй ч дарханы ажилд дур сонирхолтой нэгэн юм.
-Эвхдэг гэр хийх санаа анх хэзээ төрсөн бэ? Монгол гэрийн овор хэмжээг багасгаж, цүнхэнд хийдэг болгоно гэж яаж сэтгэсэн бэ?
-Аав маань Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Дархан Даваа” нэрээр нутаг усандаа алдаршсан мужаан хүн байлаа. Багаасаа алх дөш, харуул сүхний чимээнд өссөн болохоор мужаан дархны ажил надад их ойр санагддаг, юм юмнаас нь сонирхдог, оролддог байлаа. Хүмүүст тустай олон эд юмс шинээр зохиож хийдэг байсан болохоор ааваараа их ч бахархдаг. 70-аад оны үед аав маань эвхдэг зуух хийж, түүнийг нь хүмүүс оторт авч явдаг байсан. “Хөглөг Алтайн жавхаа” баримтат кинон тэр эвхдэг модон зуух их тод гардаг. Дараа нь аав маань эвхдэг гэр ч юм уу, өвлийн майхан ч юм уу нэг сууц хийх гэж байгаад дуусгаж чадалгүй бурхан болсон юм. Цуглуулж, тохируулж байсан тоноглол нь манай гэрт байгаад л байдаг байлаа. Нэг өдөр харж байгаад гэр болгох санаагаа олсон доо.
-Тэртэй тэргүй монгол гэр хана, унь, тооно гээд салангид тоноглолоос бүрддэг. Таны бүтээсэн эвхдэг гэр уламжлалт монгол гэрээс юугаараа ялгаатай, бас юугаараа давуу вэ?
-Монгол гэрийн мод овор хэмжээ ихтэй, морь тэмээнд тэгнэж ачихаар зориулагдсан, урт хэрэглэлүүдээс бүрддэг. Харин уламжлалт гэрийн агуулга, хэлбэрийг алдахгүйгээр орчин үед нийцүүлэн жижгирүүлж, суудлын машины ачаанд багтаан “эвхэх” нь миний гол зорилго байсан. Хэрэв иж бүрэн гэрийг хадгална гэвэл орон сууцны айлд илүү жижиг амбаар хэрэгтэй, ачаад нүүнэ гэвэл бага оврын тэвштэй машин шаардлагатай. Гэтэл миний зохиосон гэрийг тагтан дээрээ хураагаад, жижиг тэргэндээ ачаад явчих боломжтой юм. Үүнд л гол ач холбогдол нь байгаа юм.
-Монгол гэрийн бүх хэрэглэлийг ямархуу байдлаар эвхэж жижгирүүлсэн бэ? Эвлүүлдэг тоглоом шиг салгаад угсрахад хэр хугацаа орох вэ?
-Гэрийн модыг эвхэгддэг болгож тохируулахад хамгийн хэцүү нь тооно байлаа. Үүнийг холбооны антенаас санаа авч дугуйлдаг, буцаад хумигддаг байхаар тооцож хийсэн. Ханыг уртааш нь эвхэхээс гадна өндрөөшөө залгадаг болгож тайраад, унинуудыг углуургаар угсардаг байхаар зохицуулсан л даа. Бүгдийг нь салгаад уутанд хийхэд ойролцоогоор 50 кг ачаа болно. Буцаад угсрахад 20-30 минут л хангалттай. Анх өрхийнхөө хэрэгцээнд зориулж нэг гэр хийгээд зун аялах зугаалах, хөдөө гадаа рашаан сувилалд явахдаа авч явдаг болсон. Жижиг машинтай ирээд яах ийхийн зуургүй гэр барьчихаар хүмүүс их гайхаж, сонирхдог юм байна лээ. Тэгж яваад анхны захиалагчаа олсон. Ер нь майхныг бодвол тохь тухтай, зай багтаамжтай, халуун хүйтнээ бүрээсээрээ тохируулдаг, авсан хүмүүс их ам сайтай байгаа.
-Зайтай гэснээс хэчнээн хүн багтах вэ. Дотор нь зуух тавиад гал түлж болох уу. Ялангуяа дээр өгүүлсэн эвхдэг зуухыг? Бас үнэ өртгийн хувьд хэд вэ?
-Бололгүй яах вэ, дотор нь гал түлж цай хоол хийх, ойр зуурын тавилга тавьж болдгоороо майхантай зүйрлэхээргүй. Бас салхи шуурга, бороо шороонд тэсвэртэй. Цаашдаа эвхдэг гэр дотроо тохирох тавилга хийе гэж бодож байгаа. Тулга, жижигхэн хөөрхөн авдар гээд малчин айлд байдаг тавьцуудаар тохижуулчихвал гадна дотны хүмүүст ч сонирхолтой, Хэмжээ 3 янз байгаа. Жижиг нь 85 кг, дунд оврынх 90 кг, том жип машинд зориулагдсан нь 150 кг буюу 5 м голчтой. Ер нь 10-30 хүн багтах хэмжээтэй. Үнэ нь хэмжээнээсээ хамаараад 1,2-1,8 сая. Сүүлийн хэдэн жил энэ үнэд өөрчлөлт ороогүй.
-Гэрийн бүрээс, дулаалга, хаалганы тухайд?
-Цагаан бүрээсийг ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Ноосон даавуун давхар дулаалгатай. Бас брезент болон эсгийтэй захиалж болно. Бүгдийг нь угладаг маягаар оёсон нь барихад маш хялбар. Ер нь эвхэгддэг гэдэг утгаараа анхдагч бүтээл болохоор алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч би гэр авсан хүмүүстэйгээ байнга холбоотой байж ганц нэг юм нь эвдэрч хэмхэрвэл засаж өгдөг, санаа оноог нь сонсож дараа дараагийн бүтээлдээ тусгаж сайжруулаад явахыг хичээдэг.
-Гадаадынхан хэр сонирхож байна?
-Жуулчид, гадаадад амьдардаг монголчууд их захиалж авдаг. Одоогоор “Аянчин” гэр маань Герман, Швейцар, Америк, Канад, Япон, Солонгос, Унгар, Чех, Голланд,Турк, Итали, Норвеги, Швед, Израйл, Францад xүрээд байна. Цаашид “Монгол гэрийн бууриар дэлхийг тамгална” зорилгынхоо хүрээнд “Аянчин” гэрээ брэнд болгоод, жуулчны бааз, дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө бий.
-Эвхдэг гэрээрээ улсын чанартай үзэсгэлэн, шинэ бүтээлийн уралдаанд оролцож байв уу?
-Хоёр удаа үзэсгэлэнд оролцсон. Шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр хүмүүс нэлээд сонирхож, “Дөрвөн ханатай гэр хоёрхон цүнхэнд багтчихаж байгаа юм уу” гээд гайхаж байсан. Дараа нь Төв аймагт болсон “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн цом хүртэж байлаа. “Аянчин” гэрээ аавынхаа дурсгалд зориулж хийсэн болохоор Говь-Алтай аймгийн Бугат сумын музейд нэгийг хийж бэлэглэсэн. Дархан Даваагийн хүүгийнх нь хийсэн эвхдэг гэр музейд нь байхад нутаг усныхан баярладаг юм билээ.
Э.Адъяасүрэн
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.