
Өмнөговь аймгийн Гурвантэсийнхэн өнөөдөр “зам тавигдах уу, эсвэл дахиад шороон замын тоосонд дарагдах уу” гэсэн айдастай сууна…
Учир нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь Хотгорын чулуун нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн боомт, цааш Нарийнсухайтын бүс рүү чиглэх тусгай зориулалтын авто замын төсөл хэрэгжиж байна. Албан мэдээллээр энэ замын нийт урт 288.45 км бөгөөд үүнээс цогцолборт газраар дайран өнгөрөх хэсэг нь 99.1 км аж. Харин тус замыг “Секэр ресурсос Монголиа” компани барьж байгаа юм.
Гэвч нутгийн иргэдийн ярьж буйгаар энэ замын бүтээн байгуулалт, ашиглалтын асуудалд анх тавьж байсан шаардлага, өнөөдрийн бодит байдал нь хоорондоо зөрөөд эхэлжээ.
Анхны ойлголт нь их энгийн байж. Хөрөнгө оруулагч компани өөрийн хөрөнгөөр тусгай зориулалтын замаа барина. Бүтээн байгуулалтын ажлын явцад нутгийн иргэдийг ажиллуулна. Зам бэлэн болмогц нүүрсээ хатуу хучилттай замаар тээвэрлэнэ. Байгаль орчинд үзүүлэх дарамт багасна. Малчдын амьдралд учрах хүндрэл харьцангуй бага байна гэсэн “амлалт” өгч. Гурвантэсийнхэн ч үүнд нь итгэж.
Гэтэл замын далан баригдсан хэсгээр нүүрс тээвэрлэх асуудал гэнэт урьтал болж, хатуу хучилттай зам баригдахаас өмнө нүүрс тээвэрлэх нөхцөл үүссэн нь нутгийнхны хамгийн том болгоомжлол болжээ.
Нутгийн иргэдийн гар дээр очсон гэх Ерөнхий сайдын 240 дүгээр тогтоолтой холбоотой албан бичигт хөрөнгө оруулагч компанийн гомдлыг шийдвэрлэх хүрээнд өөрсдийн хөрөнгөөр барьсан замын далангаар нүүрс тээвэрлүүлэх чиглэл өгсөн тухай дурдагдсан байна. Тодруулбал, Зам тээврийн болон эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд нарт холбогдох арга хэмжээ авахыг даалгасан гэх мэдээлэл бий.
Эндээс л Гурвантэсчүүдийн асуулт эхэлж байна.
Яагаад анх “зам тавина” гэж ирсэн хөрөнгө оруулагчийн хүсэлт эцэстээ “замын далангаар нүүрсээ эхэлж тээвэрлэнэ” гэсэн шийдвэр болж хувирав?
Энэ асуултад хариу өгөхөөс өмнө нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг дэмжих нь төрийн үүрэг. Гэхдээ хөрөнгө оруулагчийг дэмжинэ гэдэг нь хуульд заасан байгаль хамгаалалтын шаардлага, орон нутгийн иргэдийн эрх ашиг, тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг үл тоох эрх төрд өгдөг гэсэн үг биш.
Хэрэв нэг шийдвэр хөрөнгө оруулагчийн эдийн засгийн ашиг сонирхлыг түргэн хангахын тулд өөр олон хууль, журам, хамгаалалтын дэглэмтэй мөргөлдөж байгаа бол тэр шийдвэрийг хууль зүйн хувьд, маш нарийн шалгах ёстой.
Гурвантэсийнхэн яг үүнийг л шаардаж байна.
Тэд “хөрөнгө оруулагчийг явуул” гэж байгаа юм биш. Харин “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл. Хатуу хучилттай замаа барь. Тэр замаар нүүрсээ тээвэрлэ” гэж хэлж байгаа юм.
Энэ хоёр шаардлагын хооронд асар их ялгаа бий.
Монголын говийн хөрс эмзэг. Нэг удаа хүнд даацын машины дугуй гарсан мөр салхи, тоосны аясаар хэдэн арван метр, хэдэн зуун метрийн өргөнтэй зам болон хувирч чадна. Харин нүүрс ачсан олон арван тоннын машинууд өдөр шөнөгүй зорчиход байдал ямар болохыг Гурвантэсийнхэн бусдаас илүү сайн мэднэ.
Тэд үнэндээ нутаг орон нь дараагийн Цагаан хад шиг болохоос айж байна. Учир нь замын тоос гэдэг зөвхөн замын асуудал биш. Малчинд бол бэлчээрийн асуудал, амьсгалах агаар. Жолоочид бол үзэгдэх орчны асуудал. Өрхийн эрүүл мэндэд агаарын бохирдлын асуудал ч энд хөндөгдөнө . Зэрлэг амьтанд бол идэш, ус, нүүдлийн замын асуудал.
Тэр тусмаа энэ замын тодорхой хэсэг нь хамгаалалтын тусгай дэглэмтэй газар нутгийг дайран өнгөрч байгаа нь асуудлыг улам хурцатгаж буй юм.
Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд сумын нутаг дэвсгэрийн 67 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг гэж тэмдэглэсэн байдаг. Сумын баруун талд Тост, Тосонбумбын байгалийн нөөц газар, хойд талд Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар оршдог.
Өөрөөр хэлбэл, Гурвантэс бол уул уурхайтай зэрэгцээд байгаль хамгаалалтын өндөр хариуцлага үүрдэг нутаг. Тиймээс “замын далан бэлэн болсон учраас нүүрсээ тээвэрлэж болно” гэдэг логик энд хангалттай тайлбар болж чадахгүй.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд амьтдын гарц, тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалтын арга хэмжээ тусгасан байж болно. Гэхдээ зэрлэг амьтан хүний тавьсан тэмдгийг ойлгоод замын хөдөлгөөний дүрэм мөрдөхгүй. Яахав, малчин ч малаа тууж явахдаа замын хөдөлгөөнийг ажиглаж, машин ирэхийг харж байгаад гарч чадна. Харин хулан, хар сүүлт, аргаль, янгир, хавтгай зэрэг хээрийн амьтад төмөр зам, авто зам, уурхайн дэд бүтцээр хуваагдсан амьдрах орчиндоо яг яаж дасан зохицох вэ гэдэг нь илүү том асуудал биш гэж үү…
Нөгөө талаас төр өөрөө уул уурхайн экспортын дэд бүтцийг өргөжүүлэх бодлого барьж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, мөн Улаанбаатарыг Шивээхүрэн боомттой холбосон авто замын төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Тэгэхээр төрийн бодлого өөрөө замаа сайжруулж, тээврээ хатуу хучилттай болон төмөр замд шилжүүлэх чиглэлтэй байхад нэг компанийн нүүрсийг түрүүлж, шороон далангаар тээвэрлүүлэх шийдвэр нь бодлогын хувьд ч асуулт дагуулна.
Гурвантэсчүүд өмнө нь амлалтад итгэж үзсэн хүмүүс.
Нүүрсний уурхай дагасан нутагт “эхний нүүрсээ гаргая, дараа нь замаа тавина”, “хөрөнгө оруулалт орж ирмэгц дэд бүтцээ шийднэ” гэсэн үг олонтаа сонсогддог. Гэвч “түр зуур” гэж эхэлсэн шороон замын тээвэр заримдаа хэдэн жил үргэлжилдэгийг нутгийнхан өөрсдийн амьдралаар мэдэрсэн гэж ярьж байна.
Тэдний ярьж буйгаар “Терра Энержи” компанийн тээвэр ч анх амласан хатуу хучилттай замынхаа өмнө шороон замын тээвэрт орж, олон жил энэ байдал үргэлжилсэн гэх гомдол байдаг. Тиймээс Гурвантэсийнхэн өнөөдөр өмнөх туршлага дээрээ тулгуурлан болгоомжилж байна. Тэдний айж байгаа зүйл бол зөвхөн өнөөдөр долоон машин нүүрс зөөх эсэх биш.
Маргааш энэ тоо хэдээр нэмэгдэх бол?
Мянга мянган тонн нүүрс тээвэрлэхэд хэдэн зуун машин шаардлагатай болох вэ?
Хэрэв энэ тээвэр хэдэн жил үргэлжилбэл говийн хөрс, малын бэлчээр, зэрлэг амьтдын нүүдэл ямар болох вэ?… гээд үй түйтэн асуулт урган гарна.
Үнэндээ төрийн өндөр албан тушаалтан гарын үсэг зураад явчихна. Компанийн удирдлагууд ч мөн өөрийн бизнесийн тооцоогоо хийнэ. Харин замын хажууд үлдэх нь малчин, жолооч, нутгийн жижиг бизнес эрхлэгчид, хүүхдүүд, мал сүрэг, говийн байгаль.
Өнөөдөр нэг компанид давуу нөхцөл олгож болох ч маргааш өөр нэг компанид яг адилхан хүсэлт гаргах боломж нээгдэнэ. Тэгвэл хууль, гэрээ, байгаль орчны үнэлгээ, орон нутгийн иргэдийн санал гэдэг зүйлүүд ямар ач холбогдолтой үлдэх вэ?
Тиймээс Ерөнхий сайдын 240 дүгээр тогтоолтой холбоотой асуудалд “хөрөнгө оруулагчийг дэмжсэн шийдвэр” гэсэн ганц тайлбар хангалтгүй.
Учир нь “долоон хууль зөрчсөн” гэх улс төрийн болон олон нийтийн шүүмжлэлийг зөв, буруу гэж шууд дүгнэхээс өмнө тухайн тогтоолын эрх зүйн үндэслэл, түүнтэй холбоотой шийдвэрүүдийг хууль тус бүрээр нь нягтлах шаардлагатай. Харин ийм шалгалт хийгдээгүй байхад “хөрөнгө оруулагчийн эрх ашиг” гэдэг ганц өгүүлбэрээр асуудлыг хаах нь бүр ч буруу юм.
Учир нь Гурвантэсийнхэн нэг зүйлийг маш тодорхой хэлж байна.
Тэд уул уурхайгаас татгалзаагүй. Тэд ажилгүй, орлогогүй амьдрал хүсээгүй. Тэд ч гэсэн нутгаасаа орлого олох, бизнес эрхлэх, үр хүүхдээ сайхан амьдруулахыг хүсэж байна. Гэхдээ энэ бүхэн өөрсдийнх нь амьдрах орчныг сүйтгэх үнээр ирээсэй гэж хүсээгүй.
Гурвантэсийн хөгжлийг зөвхөн нүүрсний тонноор хэмжиж болохгүй. Нэг өдөр уурхай хаагдахад сум үлдэх ёстой. Малчин үлдэх ёстой. Бэлчээр үлдэх ёстой. Ус үлдэх ёстой. Зэрлэг амьтан үлдэх ёстой. Хүүхдүүд нь нутагтаа амьдрах хүсэлтэй хэвээр үлдэх ёстой.
Өнөөдөр Гурвантэсийн энэхүү асуудал бол нэг компанийн нүүрс тээвэрлэлтийн маргаан төдий биш. Энэ бол Монгол Улс байгаль хамгаалалт, орон нутгийн эрх ашиг, хөрөнгө оруулалт, уул уурхайн экспорт гэсэн дөрвөн том ашиг сонирхлыг ямар зарчмаар тэнцвэржүүлэх вэ гэсэн бодлогын асуудал билээ.

46 минутын өмнө
59 минутын өмнө
2 цагийн өмнө
6 цагийн өмнө
2026-08-21
2026-08-21
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.