Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9-11 дүгээр саруудад нэр бүхий хохирогчийг эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, Баянгол дүүргийн … байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, орогнуулан, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан);

Мөн 2025 оны 7-11 дүгээр саруудад олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар нийтэлж, үйлчлүүлэгч олох замаар нэр бүхий иргэнийг биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (биеэ үнэлэлтийг зохион байгуулсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.А, Ц.Л нарыг бусдыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан, мөн бие үнэлэлтийг зохион байгуулсан 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.А-д нийт 5 жил, Ц.Л-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 22.4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.