“Зальхай менежмент” – Нийгмийн түгшүүр (Цуврал 4)

2026-04-22 Байгаль орчин

Эрэн сурвалжилга

Нүүрлэсэн зөрчил, эрсдэл

 Алтайн их уулс, түүний хүрээлэл дэх ариун дагшин газар нутаг нь тэнд амьдарч төлжин буй хүн, мал, амьтан, амьд байгаль төдийгүй Монгол орон цаашилбал төв Азийн бүс нутгийн экологийг тэтгэх зангилаа болсон, учир зохилдлогот өлгий нутаг гэдгийг үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаачид тэмдэглэн үлдээж, сануулан бичиглэсээр иржээ.

Алтай дахь тийн амин зохилдлогот газруудын нэг бол Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” хайрхан, түүний орчим газар юм. Тусгай хамгаалалттай Төрийн тахилгат Өндөр Хөхий хайрханы өвөр зайд, Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хамар хаяанд орших Халзан бүрэгтэй хайрхан нь Монгол орны төдийгүй төв азийн цэвэр усны үндсэн эх ундрагыг хамгаалан оршигч хийгээд тэр орчмын газар нь Монгол орны байгалийн цэвэр усны нөөцийн 40 орчим хувийг хэвлийдээ хадгалдаг. Дэлхийн байгалийн өвийг хамгаалах RAMSAR-ийн конвенц, Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэгдсэн, нүүдлийн шувуудын чуулбар нутаг Хар ус (нутгийнхан Хатан Хөх нуур хэмээнэ) нуураас 19 км, Алтайн нурууны ноёлох оргилуудын ай Алтай Таван богд хайрханаас эх аван уг нуурын сүлжээг тэтгэх Ховд голоос 12 км, Мянгад сумын төвөөс 16 км, Буянт сумаас 29 км, Ховд аймгийн төвөөс 50-иадхан км-т орших, түүх соёлын ховор дурсгалууд, амьтан ургамал, мал сүргийн идээшил зохирол бүрдсэн өлгий нутаг юм.

2012 оноос энэ газарт газрын ховор элементийн төрлөөр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан “Монголиан нэшнл рийр ийрт корперейшн” гэх гадаад нэртэй аж ахуйн нэгж газар өрөмдөж эхэлсэн ч нутгийн ард иргэд түүнийг эрс эсэргүүцэв.  Эсэргүүцэх шалтгаан нь тэдний өвөг дээдэс энэ газрыг үеэс үед сүслэн дээдлэж, хамгаалан харсаж ирсний илрэл бөгөөд эрдэмтэд, судлаачдын олонтоо үгүүлсэнчлэн экологийн хувьд чухал, эмзэг газар гэдэгтэй нь мэдээж холбоотой.

Харин ийм газарт ашигт малталын тусгай зөвшөөрөл олгогдох үйл явдал хэрхэн яаж өрнөснийг авч үзэх нь бас чухал. Хамгийн анх 2000 онд иргэн Б.Зулд 2,439.72 га талбай бүхий ХХ/-002797 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, улмаар 2001 онд иргэн Б.Зулаас “Монтем” ХХК-д уг тусгай зөвшөөрөл бүрэн хэмжээгээр шилжсэн байна (УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол дээр шинжээч Х.Лхагвабаатарын хийсэн мэдээллээс). Мөн тухайн ондоо энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлөөс 91.39 га талбайг буюу 3.7 хувийг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, МУ-004003 дугаар олгосон. Дахиад 2004 онд уг хайгуулын зөвшөөрөлтэй талбайд 175.24 га газарт МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь дээрх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 7.2 хувийг эзлэж байна. МХ/-004003 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээгдүүлсэн тул 2007 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 210 дугаартай шийдвэрээр МV-012335 дугаартай гэрчилгээг нөхөж олгов.

“Монтем” ХХК-ний энэхүү тусгай зөвшөөрлүүд 2011 оны 3 дугаар сарын 22-нд “Монголиан нэшнл рийр ийрт корпораци” ХХК руу шилжжээ (Ашигт малтмал газрын тосны газрын тусгай зөвшөөрлийн бүртгэл). Тусгай зөвшөөрлийг сүүлд шилжүүлж авсан “Монголиан нэшнл рийр ийрт корпораци” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны эзэмшлийн компани гэж олны дунд яригдаж ирсэн. Энэ компани 2011 онд анх байгуулагдаж, 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Тухайн компанийг эзэмшигчийн бүртгэлээс харахад тусгай зөвшөөрлийг шилжүүлж авч байх үедээ эзэмшигч нь Товуудоржийн Даваа байсан бөгөөд цахим шуудангийн хаяг нь davaajav@tdbm.mn гэсэн Худалдаа хөгжлийн банкинд албатайг нь гэрчлэх, тэрчлэн компаний оффис Худалдаа хөгжлийн банкны 414 дугаарын өрөөнд байрладаг гэж бүртгэгдсэн. 2018 онд Халзан бүрэгтэйд дахин шинээр тусгай зөвшөөрөл авч бүртгүүүлэхдээ ч яг энэ хаягаар бүртгүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд анх Товуудоржийн Даваа нэрээр, дараа нь 2020 оны үед Сайнбаярын Батчимэг нэрээр, улмаар Сүхбаатарын Өлзийбаяр нэрээр, харин эцсийн өмчлөгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-нд Должингийн Эрдэнэбилэг, Сүхбаатарын Өлзийбаяр нарын нэрээр, улмаар 2025 оны 5 дугаар сарын 21-нд Эрдэнэбилэгийн Тулгын нэрээр бүртгэгдсэн байгаа нь Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигч Должингийн Эрдэнэбилэгийн эзэмшилд байдаг гэсэн таамаг үнэн болж таарав.

“Монтем” компани дээрх  МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2011 оны 2 дугаар сард Улаанбаатар банкинд барьцаанд тавьсан хэрнээ, мөн оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-д шилжүүлсэн. Тэгтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн анхны хувилбар дээр эзэмшигч байгууллага нь “Монтем” компани гэж бичигдсэнийг үзвэл тус компанийн эзэмшигчид ХХБ-ны эзэмшигч нэр бүхий этгээдтэй хамсах замаар “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийг байгуулж, улмаар тусгай зөвшөөрлийг шинэ байгуулсан компанид шилжүүлсэн байх магадлалтай байна.

“Халзан бүрэгтэй” Хайрхан дахь газрын ховор элементийн ордын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг ийнхүү 2000, 2001, 2004 онуудад гаргуулж авсан боловч 2011 оныг хүртэл тухайн газарт ямар ч үйл ажиллагаа явуулсангүй. Гагцхүү “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийг байгуулж, тусгай зөвшөөрлийг тэр компанид шилжүүлсний дараа л хайгуулын үйл ажиллагаа явуулахаар “Халзан бүрэгтэй” хайрханд очсон байдаг. Компани 2012, 2013 онд Халзанбүрэгтэйд өрөмдлөг хийсэн бөгөөд энэ хугацаанд нутгийн ард иргэдийн эсэргүүцэл хүчтэй өрнөж, тухайн асуудалд анхаарал хандуулдаг орон нутгийн зарим сэтгүүлч, тэрчлэн иргэний нийгмийн байгууллагууд үйл явцыг сайтар ажигласнаар өрөмдлөг явуулж буй компани байгаль орчныг хамгаалах хууль ёсны үүргээ хөсөр орхиж байна хэмээн асуудал хөндөж эхэлжээ. Энэ нь төрийн байгууллага тухайлбал Ховд аймгийн Засаг даргын анхааралд өртөж, Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт үүрэг чиглэл өгснөөр шалгалт хийгдэж, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарчээ. Дүгнэлтэнд “Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ний Халзан бүрэгтэй Хайрханд явуулж буй үйл ажиллагаа байгаль орчны эсрэг, хууль зөрчсөн байдлаар явагдаж байгаа нь тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэсэн байна.

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга уг асуудлаар тухайн үеийн Ашигт малмалын газрын дарга, улмаар Ашигт малмалын газрын Кадастрын хэлтсийн даргад албан ёсоор хандахад тэндээс хариу өгөхдөө “энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ашигт малтмалын хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн “Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулах хэрэгтэй” гэсэн.

Ингээд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1415 дугаар албан бичгээр дүгнэлт гаргуулах үндэслэлүүдийг дурьдан баримт материалуудыг хавсаргаж, тухайн үеийн Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдад хандсан боловч яамнаас ямар нэг хариу огт ирсэнгүй. Тэр үед давхцан явагдаж байсан сонгуулийн бужигнаанд дарагдан замхарчээ. Засаг дарга сонгуулийн үр дүнгийн улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, удалгүй нийслэл хот руу шилжив. Шинээр ажил авсан удирдлагууд “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийг болон “Халзан бүрэгтэй” хайрханд явагдаж буй өрөмдлөгийг дэмжих хандлагатай байсан ч ард иргэд, олон нийтийн эсэргүүцэл намжсангүй. Эсэргүүцэл даамжрахад хүчтэй нөлөөлсөн хэд хэдэн асуудлыг энд дурьдвал тухайн онд өрөмдлөг явуулж буй Халзан бүрэгтэй хайрханы ойр орчмын малчдын малд тэдний таамагласнаар “цацрагийн нөлөө” гэхээр шинж тэмдэг олноор илэрч, мал “гаргахад” ихэнхийнх нь уушиг, элэг гэх мэт дотор эрхтэн устсан, цоорсон, шархалсан байдаг, хэд хэдэн тэмээний уушиг бүүр байхгүй болсон байсан, тухайн газрын ойролцоо, тэрчлэн сумын төвд байдаг хэд хэдэн айлд (Ж.Т, Н.Ж гм) амаржсан эхээс согогтой хүүхэд мэндэлсэн зэрэг цочирдом тохиолдлууд болжээ. Үүнийг нутгийн иргэд, сум аймгийн хүн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд гэрчилж байна.

Иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдийн хөдөлгөөнөөс удаа дараа шаргуу асуудал тавьж, шат шатны төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлж, биеэр уулзсаны улмаас 2013 оны хавар аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газраас талуудын оролцоотой хамтарсан ажлын хэсэг байгуулан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний бүрэлдэхүүнийг дуудан ирүүлж газар дээр нь хяналт хийж, сум, аймагт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Энэ хүрээнд хийгдсэн 4 удаагийн уулзалт хэлэлцүүлэг дээр “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь “Халзан бүрэгтэй”-д өрөмдлөг хийхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх тухайд, мөн өрөмдлөг хийж буй орчин дахь цацраг идэвхт изотопийн хэмжилтийн үр дүнгийн талаар орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд, судлаачид болон компаний хооронд нэлээн хурц маргаан болсон тухай тэнд байгсад ярьж байгаа бөгөөд энэ тухай мөн үед нь нийтлэгдсэн сурвалжлага, нийтлэл сонины хуудаснаа хадгалагдан үлджээ. Тэрбээр байгаль орчинд нөлөөлөх байдлын батлагдсан үнэлгээгүй атлаа хагас дутуу дөнгөж нэг үе шатны үнэлгээний тайланг танилцуулж, батлагдсан, бүрэн үнэлгээ мэтээр хуурахыг оролдсон, цацрагийн хэмжилтийн дүнг мөн төөрөлдүүлж худлаа тайлбарлах гэж оролдсон тул судлаачид үүнийг нь няцаасан тухай нийтлэлд бичсэн байна.

Тэр үед ажиллаж байсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Баярсайхан, Засаг дарга, Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа нар “Халзан бүрэгтэй дэх компаний үйл ажиллагааг дэмжиж явуулах ёстой. Ингэснээр аймагт эдийн засгийн үр ашигтай” гэсэн байр суурийг уг хэлэлцүүлгүүдэд удаа дараа илэрхийлж, зөрчилтэй асуудлуудыг ярьж шүүмжилсэн хүмүүсийг загнах байдал гаргасны улмаас уулзалтын танхимд ширүүхэн маргаан, зөрчилдөөн үүсч байжээ. Хяналт шалгалтын үйл ажиллагааны төгсгөлийн хэлэлцүүлэг дээр аймгийн удирдлага мөн энэ байр сууриа тунхагласан. Харин тухайн үед “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны захирлаар ажиллаж байсан. Компанийн бүрэлдэхүүнийг ахалж очсон Бат-Эрдэнэ “Манай компани Халзан бүрэгтэйд эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт, ашиглалт явуулах тухайд бол ямар ч төсөөлөлгүй байгаа. Би өөрөө энэ чиглэлийн мэргэжилтэй, газрын ховор элементийн  талаар зохих түвшинд судалгаа хийсэн хүн. Өнөөгийн нөхцөлд газрын ховор элементийг олборлох технологийн шийдэл манай улсад бий болоогүй. Австрали зэрэг улсын тухайн чиглэлийн технологийг миний бие судалж үзэж байсан. Үйлдвэрлэлийн процесс нь маш өндөр өртөгтэй, нарийн арга технологоор явагддаг. Тэдгээрийг одоо бид нэвтрүүлэх боломжийг нээгээгүй байна. Тэгэхээр тухайн газарт үйлдвэр байгуулаад, олборлолт хийгээд, аймагтай гэрээ байгуулаад, татвар төлөөд, аймгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад явчихна гэдэг бол хийсвэр хүлээлт болно. Миний хувьдаа ажиглаж, дүгнэж байгаагаар энэ төсөл маань зогсож ч магадгүй” гэсэн байдаг.

Үүний дараа сар хүрэхгүй хугацааны дотор компанийхан Халзан бүрэгтэй уулнаас кэмпээ буулган, буцацгаажээ. Ийнхүү 2013 оны хаврын 4 дүгээр сараас 2022 он хүртэл дахиж тийшээ зүгэлсэнгүй. Тэр явдал үндсэндээ мартагдахад хүрээд байв.

Тэгтэл 2022 онд өнөөх компани дахин хүрч иржээ. Компани 2022 онд ирж “Халзан бүрэгтэй” ууланд өрөмдлөг хийхээр кэмп байгуулахаасаа өмнө 2021 оны хавраас тухайн газар нутгийг харъяалдаг Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн айл өрхүүдээр явж, бэлэг сэлт тараах болжээ. Тэгсээр 2022 оны хавар багийн иргэдийг цуглуулан хурал зарлаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан дүгнэлтийг танилцуулж санал авахаар болсон байна. Энэ тухай сонссон иргэний нийгмийн байгууллагынхан, ажиглагч судлаачдын хэсэг ч уг хуралд хүрэлцэн очив. Хурал дээр үнэлгээний тайлан дүгнэлтийг ярьсан ч оролцогсдын дийлэнх олонх үнэлгээг шаардлага хангаагүй, хуурмаг байдлаар хийгдсэн гэж үзээд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Байдал ийм болсон ч компани Халзан бүрэгтэй хайрханд дахин өрөмдлөгөө явуулж эхлэв. Нутгийн болон тухайн бүсийн сумдын ард иргэд урьдын адил үүнийг зөвшөөрөхгүй байсан тул эсэргүүцэл “шатлан өргөжиж” аймгийн удирдлагаар зогсохгүй төр, засгийн дээд байгууллагууд удаа дараа өргөдөл гомдлууд хүргэгджээ. Өргөдөл гомдлуудын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хяналт шалгалтын ажлын хэсэг томилов.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав ахалж, нийслэл хотоос 5 хүний бүрэлдэхүүнтэй Ховд аймагт очсон бөгөөд тэнд 7 хоног ажиллаж хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтын тайлан дүгнэлт сар орчмын дараа  гарч бичгээр Ховд аймгийн Засаг дарга, Мянгад сумын Засаг дарга, “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны удирдлагуудад хүргэгджээ. Дүгнэлтийн агуулга товчхондоо өндөр эрсдэлтэй гэж гарсан бөгөөд түүн дотроос цацраг идэвхт изиотопын түвшинг хэмжсэн хэмжилт шинжилгээний дүнгүүдийг нэгтгэж, мөн 2012-2022 оны хооронд хөрс чулуулгын дээжид гадаад дотоодын лабораторуудад хийгдсэн 10-аад удаагийн лабораторийн шинжилгээний дүнгүүдийг магадлан нягтлаж үзсэн нь нэн чухал байсан юм. Эдгээр шинжилгээний дүнгүүд бүгд цацраг идэвхт изиотопын түвшин нь хүлцэх буюу чөлөөлөгдөх хэмжээнээс дунджаар 30 хувь орчмоор өндөр гэж  гарсныг тухайн үед хэвлэл мэдээлэлд ч нийтлэгдсэн байна. Тухайлбал Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс Ховд аймгийн Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 дугаар албан тоотоор хүргэгдсэн хяналт шалгалтын тайлангийн 23-26 дугаар хуудсан дахь “Цацрагийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр” гэсэн хэсэгт “Халзан бүрэгтэй ууланд цацрагийн тунгийн чадал 0.21-1.67 мкЗв/цаг уулын оргилын бүсэд дундажаар 1.67 мкЗв/цаг зааж байгаа нь Монгол орны цацрагийн дэвсгэр түвшний дундажаас 7-8 дахин өндөр байна”. “…Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний эзэмшлийн МV-006911 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайгаас авсан хөрсний дээжийн цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг Буянт багаас авсан шинжилгээний дүнтэй харьцуулахад ураны хувийн идэвх 8.7-26.8 дахин, торийн хувийн идэвх 18.3-46.4 дахин илүү байна”.

“… 2012-2022 онд зарим керний дээжүүдэд хийгдсэн цацрагийн хэмжилт шинжилгээний дүнгээс үзэхэд байгалийн цацраг идэвхт элемент уран, торийн хувийн идэвхийн хэмжээ 1 Бк/гр-аас их, мөн уран, тори тус бүрийн хувийн идэвхийг хяналтаас чөлөөлөгдөх түвшинд харьцуулсан утгуудын нийлбэр нь 1-ээс их гарсан байна” гээд, ийм учраас 1. Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлийн менежментийн дүрмийг мөрдөж ажиллах, 2. Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, аюулгүйн дүрэм, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, 3. Хэмжилт мониторингийг тогтмол хийж мэдээлэх, 4. Хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн дараах цацраг идэвхт хордлогын нөлөөг арилгах засвар арчилгааны тухай Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгаж эрсдлийг шийдвэрлэх, 5. Цацрагийн эрсдлийг бүрэн тодорхойлж, цацраг идэвхт хаягдлын менежментийн асуудлыг бүрэн шийдвэрлэх асуудал тулгарч байна” гэжээ (үг өгүүлбэрийг товчилж оруулав).

Мөнхүү хяналт шалгалтын үр дүнд үндэслэн тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Цөмийн энергийн комиссоос тайлан, дүгнэлт, санал албан бичгээр хүргэгджээ. Сүүлд 2025 оны 9 дүгээр 23-нд УИХ дээр болсон Ерөнхий хяналтын сонсгол дээр энэ тухай оролцогчдын асуусан асуултанд Г.Манлайжав хариулахдаа уг баримт бичгийн үнэн зөв болохыг дахин баталгаажуулжээ.

“ТАН” /Төлсөн авсанаа нийтэл/ иргэний нийгмийн эвслийн хамтарсан судалгаа мониторингийн үр дүнд 2025 онд гаргасан “байр суурийн баримт бичиг”-т “1997 оны болон 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн аль алинд заасны дагуу[1] хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) батлуулах ёстой атал 2022 оныг хүртэл БОМТ төлөвлөгөөгүй явж ирсэн. Анх удаа 2022 онд БОМТ батлуулсан боловч уг төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (БОНБҮтХ), Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, хууль бус байдлаар явагдсан болохыг 2023 оны 4 сарын 29-ны УУХҮЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож хүчингүй болгосон” тухай өгүүлсний зэрэгцээ. “…Халзан бүрэгтэй” төслийг цааш хэрэгжүүлнэ гэвэл дараах эрсдэлүүд байна” хэмээгээд

Үүнд:

  • Нэг: Байгалийн баялгийн нөөцийг тав ангилдаг ба “Халзан бүрэгтэй” орд нь байж болзошгүй буюу хамгийн бага ангилалд багтжээ. Ийм учраас 1,2 сая тонн гэж тогтоосон нөөцийн тоо хэмжээ доошлох магадлалтай. Тус ордын газрын ховор элементийн агуулга нь 0.4 хувьтай бөгөөд 5-8 хувийн баяжмал гарахаар байгаа гэж төслийн удирдлагын зүгээс мэдээлсэн. Гэтэл гаднын уурхайнууд 0.8-5 хувийн, тухайлбал, Австралийн Mount Weld орд 8 хувийн, АНУ-ын MP Materials орд 4-5 хувийн агуулгатай бөгөөд 20-30 хувийн баяжмал үйлдвэрлэдэг юм байна. Энэ нь тус төсөл ашигтай байж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
  • Хоёр: Нэгэнт агуулга багатай орд газар учраас төслийг ашигтай болгохын тулд баяжмал, баяжмалаас цааш исэл гаргахаар төлөвлөжээ. Үүний тулд байгуулах гидрометаллургийн үйлдвэрт маш их хэмжээний буюу баяжмалын үйлдвэрт 15-20 МВт [мегаватт], исэл үйлдвэрлэвэл 20-30 МВт цахилгаан эрчим хүч шаардлагатай гэж мэдээлжээ. Энэ нь Ховд аймгийн эрчим хүчний одоогийн хэрэглээтэй дүйж очих юм. Гэтэл одоогоор баруун бүсэд эрчим хүчний ийм том нэмэлт эх үүсвэр байхгүй бөгөөд Халзан бүрэгтэй төслийг Эрдэнэбүрэнгийн УЦС-аас хангахаар тооцоолсон. Тэгвэл БНХАУ-ын 266 сая долларын хөнгөлөлттэй зээлийг оролцуулан (нийт төсөвт өртөг нь бүр өндөр болно) барьж 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хүчин чадал 90 МВт бөгөөд үүний гуравны нэгээс тэн хагасыг Халзан бүрэгтэй төсөл хэрэглэх болж байна. Одоогоор боломжтой харагдаж магадгүй. Гэсэн ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин хүн ам, барилга байшин нэмэгдэж, шинэ шинэ үйлдвэрлэл, усалгаатай тариалан бий болж, үүний улмаас жилдээ 8-12 хувиар өсөж байгаа баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахад УЦС-ийн хүчин чадал хүрэлцэхгүй болох эрсдэлтэй гэж үзэж байна.
  • Гурав: 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Цөмийн энергийн комиссын ажлын албанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явуулсан “Тайлан хүргүүлэх тухай” 2023.01.11-ны 1/24 тоот албан бичигт Халзан бүрэгтэй ордыг ашиглах, ГХЭ-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дараах хүндрэлтэй асуудал үүсэж байна, технологийн хувьд дэлхийн хэмжээнд тогтсон, сайн туршлага нэвтрүүлэхээр сонголт харагдахгүй байна. Энэ нь ГХЭ-үүд ордод харьцангуй бага хэмжээтэй, химийн урвалуудад харилцан хөдөлгөөнтэй байдагтай холбоотой. Мөн ордыг ашиглахад гаргасан зардал, байгаль орчныг нөхөн сэргээх, хаягдлын менежментийг олон улсын болон үндэсний дүрэм, журам, стандартын дагуу хийхэд гарах зардалтай харьцуулсан сүүлийн үеийн судалгаа алга байна. Өмнө хийгдэж байсан судалгаагаар Халзан бүрэгтэй ордын хувьд хариуцлагатай уул уурхай явуулахад төвөгтэй, нөхөн сэргээх, хаягдлын менежмент хийх зардал өндөр учраас ордыг ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн тухай” дурьдсан байна.
  • Энэчилэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас илэрхийлсэн удаа дараагийн байр суурийг ажиглахад “энэ төсөл нь Монгол орны баруун бүс нутгийн байгалийн цэвэр усны эх ундрага нөөцөд ноцтой эрсдэл гамшиг авчирах магадлалтай. Эдийн засгийн үр ашгаасаа сөрөг үр дагавар нь давамгайлна” гэсэн Цөмийн энергийн комиссын ажлын албаны байр суурьтай ижил байгаа нь тодорхой харагдаж байна” гэжээ.

Ашиг сонирхол-“Тактик”-ын дайралт

2022 оны 11 дүгээр сард Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг нүдээр үзэж, гараар барьж, чухам “яах уу, ийх үү” болмогцоо ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг өргөтгөсөн байдлаар хуралдуулж, асуудлыг шуурхай хэлэлцсэний үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Онцгой комиссын “Шуурхай арга хэмжээ авах тухай” 56 дугаар тогтоол гаргаж, “Халзан бүрэгтэй” хайрхан дахь өрөмдлөгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Ингэмэгц “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын даргад “Онцгой комиссын тогтоолыг хүчингүй болгоод өгөөч” хэмээн хэд хэдэн удаа хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх ч нэлээн шуурхай ажиллаж, тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн гаргасан шийдвэр болон шүүн таслах үйл явцын баримтуудыг цуглуулж, нягтлан ажиглаж үзвэл дараах зөрчилтэй асуудлууд ажиглагдав.

 

Үүнд:

Шүүхийн маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн хариуцагч буюу аймгийн  Онцгой комиссыг төлөөлүүлэхээр Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Б.Алтанбадралтыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд мэдүүлэхдээ “Үндэсний аюулгүй байдлын шинжилгээний багийн дүгнэлт нь “… хүн, мал, амьтны амьдрах орчинд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн шийдвэр гарсан тул шуурхай арга хэмжээ авах тухай аймгийн Онцгой комиссын тогтоолыг хүчингүй болгохоо илэрхийлж байна” гэсэн байна. Үнэндээ бол шинжилгээний багийн дүгнэлт үүний эсрэгээр гарсан болохыг дээр баримтаар өгүүлсэн. Тэгэхээр Б.Алтанбадралт нь шүүхэд худал мэдүүлээд зогсохгүй, төрийн албан хаагчийн тангаргаасаа няцсан гэж үзэхээр сэдэл үйлдэл хийсэн гэхээр харагдаж байна. Шүүхийн тухай хуулинд зааснаар шүүгч нь хууль дээдлэх ёсыг сахихаас гадна хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Үүний учир шүүгч юуны өмнө тухайн асуудалтай холбоотой үүссэн онцгой нөхцөл байдлыг, тухайлбал “цацрагийн аюул”-аас хамгаалах асуудлыг авч үзэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтийг судлах, нийтийн эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талуудыг оролцуулах боломжийг хангах ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй, зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын үгээр шийдвэр гаргасан нь (Ховд аймаг дахь ЗХАШ-ны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар захирамж) учир дутагдалтай гэхээр харагдана. Үүний дараа Б.Алтанбадралтын эхнэр өмгөөлөгч Ж.Энхжаргал нь нэхэмжлэгч компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн байдаг. Тодруулбал, тухайн компани 2024 оны 11 дүгээр сард Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар Захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргаас 2,637,064,561,30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая, жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг, гучин мөнгө/-ний төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл, мөн тус компаниас тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Байгаль орчны газрын Улсын байцаагчийн “зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлүүдэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан баримт байна. Тэгэхээр үүнийг ашиг сонирхлын холбоогүй гэж үзэх ямар ч аргагүй болчихож байна.

“Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон зарим албаны нөхөд бүүр ажлын хэсгийн шалгалт, шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө, шалгаж шинжлэх ажил дөнгөж эхлэж байх үед “Халзан бүрэгтэйд хийгдэж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтанд ямар ч сөрөг нөлөөгүй, хор хөнөөлгүй” хэмээн сурталчилж байсан. Аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт маань ажлын хэсгийн саналыг үндэслэн, компаний үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох тухай Онцгой комиссын шийдвэр гарсан даруйд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргасан шийдвэрийнхээ эсрэг мэдээлэл хийсэн явдал гарч байжээ.

Цаашилбал нийтийн эрх ашигт илт харшилсан, болзошгүй аюул дагуулах эрсдэл бүхий нөхцөл байдлыг харгалзан, аймгийн онцгой комисс МНРИК ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс шууд татгалзах учиртай. Гэтэл Онцгой комиссын дарга Э.Болормаа 2023 оны 2 дугаар сарын 3-ны 5 дугаартай “итгэмжлэл олгох тухай” албан бичгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг Б.Алтанбадралтад олгожээ.

Хоёрт гэвэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нөхцөл байдлын улмаас сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь аймгийн Онцгой комисст нээлттэй байсан ч энэ боломжоо ашиглахыг хүсээгүй байна.

Гуравт: ЗХШХШТ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасны дагуу аймгийн онцгой комиссын шийдвэр нь шүүхээс түдгэлзүүлж болохгүй захиргааны актад хамаарахаар байв. Гэтэл шүүгч түүнийг цуцлах шийдвэр гаргажээ.

Үүнтэй зэрэгцүүлээд компани Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаас 180.692.2 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлаж өгөхгүй байгаа тул гэсэн үндэслэл заасан. Ийнхүү шүүхээр айлгаж уг төлөвлөгөөгөө Засаг даргаар батлуулсан байдаг. Гэтэл компаний энэхүү сумын Засаг даргаар хүчээр батлуулсан төлөвлөгөөг нь 2023 онд тухайн үеийн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны улсын байцаагч шалгаж үзээд, хууль зөрчиж сумын Засаг даргаар батлуулсныг тогтоон, төлөвлөгөөг хүчингүй болгож, компаний үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн.

Нэгэнт Захиргааны хэргийн шүүхээс онцгой комиссын шийдвэрийг хүчингүй болгосон. Тэрчлэн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас компанийн менежментийн төлөвлөгөөг хууль зөрчиж батлагдсаныг тогтоож мөн хүчингүй болгосон ч төдөлгүй уг төлөвлөгөөгөө компани Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулж чаджээ.

БОАЖЯ-ны сайдын А/618 дугаар тушаалааар батлагдсан Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журамд “3.1. тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ” гэж заасан учир компани уг төлөвлөгөөг яаж ийгээд батлуулахгүй бол болохгүй болсон нь ойлгомжтой. Гэвч үүнд хөндлөнгөөс хяналт тавьсан талуудын оролцоотой сайн дурын ажлын хэсгээс “БОАЖЯ уг төлөвлөгөөг журам зөрчиж баталсан, мөн оны эцэст хэрэгжилтийг нь дүгнэхдээ худал дүгнэсэн байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ үндэслэлээр 2024 оны 4, 5 дугаар саруудад нэр бүхий төрийн бус байгууллагууд мөн Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус яаманд өргөдөл гомдол хүргэгджээ. Яам уг төлөвлөгөөг батлахдаа журамд заасан урьд оных нь төлөвлөгөөний хэрэгжилтийг үндэслэж батлах тухай шаардлагыг зөрчиж, хэрэгжилт нь дүгнэгдээгүй байхад шууд баталсанаас гадна, төлөвлөгөөг боловсруулсан байдал нь шаардлага хангахааргүй байгаа талаар өргөдөл гомдолд баримтуудаар гаргаж тавьсан байна. Түүний зэрэгцээ компаний “Халзан бүрэгтэй” уулан дахь тусгай зөвшөөрөл нь хуульд нийцэхгүй байгаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн БОАЖЯ-нд уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргуулахаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн ТББ-уудтай хамтран өргөдөл хүсэлт, баримт, материалуудыг хүргүүлсэн байна. Ялангуяа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлтэнд хийсэн хөндлөнгийн үнэлгээний багийн хянан магадлагааны дүгнэлт, баримтуудад ихээхэн ноцтой зүйлүүд бичигджээ.

Өдгөө энэ компани нь “Халзан бүрэгтэй” Хайрхан болон “Ар хүрэн” ууланд газрын ховор элементийн MV012335, MV06911 дугаартай, мөн тухайн орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал гэсэн нэрээр MV020783, MV020784 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд эзэмшиж байгаа. Анх 2000 оны 12 дугаар сард хайгуул хийх зориулалтаар 2419,72 га талбай бүхий ХҮ002797 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 2005 оны 3 дугаар сард энэ тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нь 2173,09 га болж өөрчлөгдсөн. Мөн оны 5 дугаар сард шинээр 1928,56 га талбай бүхий ХҮ009819 дугаартай, 11 дүгээр сард нь 106,56 га талбай бүхий ХҮ010794 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг гаргуулж авсан (эх сурвалж: АМГТГ-ын Кадастрын хэлтсийн бүртгэл). 2014 болон 2015 онд хайгуулаа хийж дууссан хэмээн хайгуулаар олж тогтоосон нөөцийн тайлангаа “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр үнэлүүлж, 278 тонн хүдэр, 1.2 сая тонн ислийн нөөцтэй гэж тогтоолгон, дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ хураалгасан. Тэгсэн атал 2022 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нэмэлт хайгуул хийж байгаа гэх нэрээр өрөмдлөг явуулсаар байгаа. 2025 он гэхэд тийнхүү ашиглалтын ТЗ-өөр нэмэлт хайгуул хийж эхэлснээс хойш 3 жил өнгөрсөн атал урьдчилсан ТЭЗҮ-дээ тусгасан нөөцийн хэмжээ нь нэмэгдээгүй, 1.2 сая тонн ислийн нөөцтэй гэж мэдээлсэн хэвээр байгаа нь хачирхалтай. Тэгэхээр нэмэлт хайгуул хийх нэрээр 2022 оноос хойш 93 цооногт 19 мянган тууш метр өрөмдлөг хийсэн нь ямар ч үр дүнгүй байсан уу? Тийм юм бол нэмэлт хайгуул хийх ямар шаардлага байгаа юм гэх мэт асуултууд гардаг ч компани үүнд тодорхой ойлгомжтой хариулт өгдөггүй. Нэмэлт хайгуул хийж байсан нь үнэн юм уу? гэсэн эргэлзээ ч дагуулдаг ажээ. Энэ тухайд УИХ-ын танхимд болсон сонсгол дээр УИХ-ын хэд хэдэн гишүүд (М.Б, З.М, О.А, Э.Б нар) эргэлзсэн байр сууриа илэрхийлсэн байна (эх сурвалж: Сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэл).    

Хайгуулаа хийж хэргийг нь дуусган, хураалгасан хайгуулын тусгай зөвшөөрлүүд болон одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн аль аль нь хууль ёсны бус гэж үзэх үндэслэлтэй гэсэн маргаан бүүр 2011, 2012 оноос эхэлж өрнөсөн. Энэ тухай Улсын байцаагчийн акт гарч, Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хандсан ч түүнийг авч хэлэлцэлгүй замхруулсан гэдгийг бид өмнө өгүүлсэн. Түүний зэрэгцээ одоо мөрдөгдөж байгаа Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.15 дугаар зүйлүүдэд зааснаар “Халзан бүрэгтэй”-дэх тэрхүү газрын ховор элементийн орд нь цацраг идэвхт ашигт малтмалын ангилалд орох ёстой юм байна. Энэ нь энгийн ашигт малтмалаас ялгаатай. Аюулгүйн ажиллагааны өндөр стандарт, хамгаалалт шаарддаг онцлогтой учир тусгайд нь авч үзэж, уг ангиллаар тусад нь тусгай зөвшөөрөл олгох ёстой аж. Гэтэл “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдээ энгийн ангиллаар авсан байна. Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаар ийнхүү цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг энгийн горимоор авсан бол 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор заавал шилжүүлж, шинэчлэн бүртгүүлэх ёстой. Хэрэв үүнийг биелүүлээгүй бол хуулийн 4 дүгээр зүйлд заасан ёсоор “лиценз”-ийг хүчингүй болгох ёстой аж. Үүнээс гадна компани тусгай зөвшөөрөлтэй талбайн орчимд археологийн судалгаа хийлгэсэн хэмээн хуурамч дүгнэлт гаргуулсан байсан нь илчлэгдсэн. Энэхүү хуурамч дүгнэлт нь 2022 оноос өмнө хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болж, байгаль орчны мэдээллийн санд бүртгэгдсэнээс гадна жил бүрийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөнд нь нэг үзүүлэлт болж дурьдагдсан байгаа. Ийнхүү илчлэгдсэнийг нь 2023-2026 онд тэнд Соёлын өвийн үл хөдлөх дурсгалын судалгаа хийсэн орон нутгийн судлаачдын судалгааны тайлан, тэрчлэн тухайн газраас шинээр илрүүлж Соёлын өвийн дурсгалын бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн соёлын өвийн дурсгалуудын бүртгэл зэрэг нотлох баримтууд гэрчилж байна.

Тэрчлэн “…Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөр тухайн газарт 2017 онд MV-020783,  MV-020784 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг авсан. Үүнийг нягтлаж үзвэл Ашигт малтмал, газрын тосны газраас уг компанид эдгээр тусгай зөвшөөрлийг олгосон захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн дөчин долоо дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д тус тус заасанчлан илт хууль бус шийдвэр болсон бөгөөд мөн хуулийн дөчин долоо дугаар зүйлийн 47.2, 47.3-т зааснаар анхнаасаа хуулийн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус шийдвэр гэж үзэхээр байна. Тиймээс уг хуулийн 48 дугаар зүйлд зааснаар шийдвэр цуцлагдах ёстой. Энэчлэн тухайн захиргааны шийдвэр нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн арван нэг дүгээр зүйлийн 11.1.1, мөн арван хоёр дугаар зүйл, арван найм дугаар зүйлийг зөрчиж гаргасан байх тул гучин долоо дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэлтэй байна” хэмээн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлд бичигдсэн байна.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7, мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн арван нэг дүгээр зүйлийн 11.1.1, мөн арван хоёр дугаар зүйл, арван найм дугаар зүйл,  Захиргааны ерөнхий хуулийн дөчин долоо дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7, 47.2, 47.3, 48 дугаар зүйлүүднд заасан үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлүүд хүчингүй болох ёстой” хэмээн Сумын ИТХ болон тухайн асуудлаар ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны хэргийн шүүхэд 2025 оны зунаас нэхэмжлэл гаргасан ч, шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй буцаасаар байсан. Гэсэн ч нэхэмжлэгчид шантарсангүй нэхэмжлэгчийг солин шинээр дахин нэхэмжлэл гаргаж, маргаан үргэлжилсээр байгаа юм байна.

Захиргааны хэргийн шүүхийн маргаантай холбоотой асуудлуудыг судлаж үзэхэд нэхэмжлэл гаргасан төрийн болон төрийн бус байгууллагыг “нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна” гэсэн шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгчид хуульд зааснаар бид нэхэмжлэх эрхтэй гэж маргаад дийлдэгггүй юм байна. Ялангуяа нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хувьд хууль дүрмийн шаардлагыг хангасан учраас 10 гаруй жил Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн нэхэмжлэл гаргаж, 10-аад нэхэмжлэлд хэрэг үүсгүүлэн шийдүүлж ажилласан байхад зөвхөн энэ хэрэг дээр “шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн “гүтгэсээр” байгаа нь хачирхалтай зүйл болж байгаа ажээ. Энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад шүүхийн зүгээс иймэрхүү шудрага бус зүйлүүд тулгарсаар байгаа бөгөөд 2017 оноос хойш бүгд нэгдэж, тухайн асуудлыг шаргуу тавьсны хүчинд 2018 онд дээд шүүх дээр өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр бодит асуудал байгааг дээд шүүх хүлээн зөвшөөрч дараа, дараагийн шат дараатай хэлэлцүүлгийг явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шудрага болгохын тулд өөрчлөлт оруулна гэж амалсан нь уг хэлэлцүүлгийн тэмдэглэл, хэвлэлд гарсан нийтлэлээр гэрчлэгдэж байна. Гэвч дараа дараагийн хэлэлцүүлэг ч явагдсангүй, хуулинд өөрчлөлт ч орсонгүй. Судалгааны байгууллагаас энэ тухайд ултай судалгаа хийж, дүгнэлт зөвлөмжийг хүргүүлсэн боловч хэрэгсээгүй орхисон нь харамсалтай.

Шүүхийн маргаан өрнөж, иргэдийн төлөөлөл хийгээд холбогдох газруудын өргөдөл, гомдол, хүсэлтүүд нааш цааш илгээгдэж, байр суурийн зөрчил үргэлжилсээр байх зуур тусгай зөвшөөрөл эзэмшигч ямар ч арга, ямар ч үнээр хамаагүй хүссэнээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, бүүр улайрсан гэхээр аяс  байдлыг үзүүлж байсан нь анзаарагдана. Нөгөө талаас иргэдийн эсрэг байр суурь ч түүнээс дутахгүй идэвхжиж Халзан бүрэгтэй дэх өрөмдлөгийн талбайд олноороо очиж эсэргүүцэл илэрхийлэх, уг газарт болон сум аймгийн төвүүдэд эсэргүүцлийн тайван жагсаал цуглаан хийх явдлууд өрнөсөөр байлаа.

“Ямар ч арга, ямар ч үнээр хамаагүй хүссэнээ хэрэгжүүлэхийн төлөө” гэдэг тухайд хэдэн мэдээ баримтууд дурдья. Компанийхан нутгийн болон бүс нутгийн ард иргэд цаашилбал олон нийтийн дунд байгаа шүүмжлэлтэй сөрөг байр суурийг “урвуулах”-ын тулд мөнгө төгрөг, эд зүйлээр урхидах гэж ихэд улайрч байлаа. Тухайлбал 2021 оны үеэс нөлөөллийн бүс нутгийн айл өрхүүдийг талдаа татах зорилгоор хүнс, эд зүйл тараах, өөрсдийн үйл ажиллагааг зөвшөөрүүлэх боломжтой байж магадгүй хэн байгааг тандаж, ажигласны үндсэн дээр нутгийн иргэд айл өрхийг түүвэрлэн мөнгө санал болгосон байна (үүнийг гэрчлэх Б.Б, Ч.А, Д.Э, Д.Б, Н,Б, Н.Д Д.М нарын олон хүмүүс бий) Дунд сургууль төгсөж, их дээд сургуульд элсэж буй хүүхдүүд болон тухайн нутгаас их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад мөнгөн тэтгэлэг олгоно гэсэн зар гаргаж тэтгэлэг олгох, сум, аймгийн төрийн байгууллагуудыг ашиглаж талдаа татахын тулд гол төлөв удирдах хүмүүст нь ухуулга явуулан, “санхүүгийн дэмжлэг олгоно, хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хэлцэл гэрээ байгуулах /2023 онд Ховд аймгийн Мянгад сумын сургууль, эмнэлэг, цэцэрлэг, эмэгтэйчүүдийн зөвлөл ахмадын зөвлөл, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудыг ятгаж мөнгөн дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийлгэх гэсэн хүсэлт өгүүлсэн байсныг ард иргэд мэдэж эрс шүүмжилсэний учир сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж бүгдийг буцааж татуулсан (Сумын ИТХ-ын 2023 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 11/05 дугаар тогтоол)/, аймгийн хэмжээний томоохон эвент арга хэмжээнүүдийн урьдчилсан төлөвлөгөөг судлан мэдсэний үндсэн дээр аймгийн удирдлагыг “урхидан” тэдгээрийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байна хэмээн их хэмжээний хандив тусламж өгөх /2023 онд Ховд аймагт зохион байгуулагдсан хөрөнгө оруулалтын чуулганыг 300 сая төгрөгөөр, мөн онд явагдсан “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын арга хэмжээг их хэмжээний мөнгөөр ивээн тэтгэсэн, Мөн эко бие засах газрууд байгуулж өгнө гэх мэтээр Ховд хот буюу Жаргалант сумын удирдлагыг ятгах замаар санамж бичиг байгуулсан. Аймгийн эрүүл мэндийн газрын ойн баярын арга хэмжээнд нэлээд хэмжээний мөнгөн хандив өгсөн. Эрүүл мэндийн газарт тухайн компаниас өгсөн хандиваас зарцуулсан 30-аад сая төгрөгийн зарцуулалтын баримтыг бид гаргуулан авсан/. Сумуудаар явж ард иргэдийн дунд уулзалт зохион байгуулахын сацуу мөнхүү бэлэг, эд зүйл тараах сугалаа гаргах гэх мэт уран нарийн аргуудыг уралдуулан явуулав.

Ингэхдээ “яаж зүгээр байхав” гэхчлэн арга хэмжээ болгоныг ашиглаж компаний сурталчилгаагаа явуулдаг байна. Харамсалтай нь тэрхүү сурталчилгаандаа илтэд дэгс, худал мэдээллүүдийг цацаж байсан явдал бий. Тухайлбал 2023 онд Ховд аймагт явагдсан хөрөнгө оруулалтын чуулганы танхимын өргөн дэлгэцээр сурталчилгаа хийхдээ, түүнчлэн Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ховд.мн” цахим сайтын мэдээллийн сувгаар сурталчилгаагаа олон давтамжтайгаар явуулахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хяналт шалгалтын тайлан дүгнэлт, түүний дотор Цөмийн энергийн комиссоос явуулсан магадлан шинжилгээний дүгнэлтийг илт гуйвуулан, зориудын худал мэдээлэл түгээснийг тухайн мэргэжлийн байгууллага мэдсэний учир “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний захирал болон Ховд аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн байдаг.

Компаний энэхүү “уран аргат” менежментийн бодлогыг хууль ёсны гэж үзэх боломжгүй, хуульд нийцэхгүй аргаар, мэх хэрэглэж явуулсан менежмент гэж үзэхээс аргагүй байгаад хамаг учир оршиж байгаа юм. Юу гэвэл тухайн компаний тусгай зөвшөөрлөөс эхлээд, боловсруулж батлуулсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө гэхчлэн баримт бичгүүд нь хуулийн зөрчилтэй гэх үндэслэлээр маргаантай. Мөнхүү Халзан бүрэгтэй ууланд газрын зөвшөөрөлгүйгээр “кэмп” байгуулсан явдал нь бас хууль бус. Тодруулбал Ашигт малтамлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11, 27.1.14, 35 дугаар зүйлийн 35.3.7, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.11,  55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтуудыг зөрчсөн. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахын тулд Ховд гол, хар нуурын сав газрын хамгаалалтын захиргаа, Ховд аймгийн Байгаль орчны газраар гаргуулсан ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ нь мөн хуульд нийцээгүй хэргээр маргаантай, Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй. Тэрчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3-т тус тус заасанчлан орон нутагтай заавал хамтран ажиллах гэрээ байгуулсан байх шаардлагыг хангаагүй, уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигддаг олон улсын болон үндэсний түвшний нийтлэг зарчим болох тухайн нөлөөллийн бүс, түүнчлэн нутгийн болон бүс нутгийн ард иргэдээс хүлээн зөвшөөрөгдсөн буюу олон улсын томъёоллоор “нийгмийн зөвшөөрөл”-ийг авсан байх шаардлага хангагдаагүй учир тус компани ийнхүү “хөрөнгө оруулалт”, тусламж дэмжлэг нэрээр элдэв арга саамууд хэрэглэх нь зохимжгүй юм. Энэхүү явуулсан арга сэдэл бүхнийг нь “заль мэх” гэж гэж үзэх үндэслэлтэй ажээ. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний Халзан бүрэгтэйд явуулж буй үйл ажиллагааг тойрсон асуудлуудыг судлан, хамтарсан мониторинг хийж, дүгнэлт, байр суурийн баримт бичиг боловсруулсан олон улсын “Байгалийн баялгийн шудрага ёс” буюу хуучнаар /“ТАН”-Төлсөн авснаа нийтэл/ эвслийн Монгол дахь байгууллагуудын холбооноос гаргасан баримт бичигт энэ тухай тодорхой дурьджээ.

Нүд балай чих дүлий

 Компанийн тусгай зөвшөөрлийн асуудлаар дүгнэлт гаргуулах, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан дүгнэсэн нь хуудуутай байгаа гэх үндэслэлээр Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага, одоогийн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өргөдөл, гомдол, хүсэлтүүд хүргэгдсэн тухай өмнө үгүүлсэн. Холбогдох хуулиудад /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль/, мөн холбогдох журмуудад зааснаар өргөдөл гомдлыг хүлээн авсан төрийн байгууллага 30 хоногийн дотор, хэрвээ тодорхой шалтгааны улмаас хугацаа сунгагдсан тохиолдолд хамгийн эцсийн хугацаа нь 90 хоногийн дотор асуудлыг заавал хэлэлцэн шийдвэрлэх ёстой, тодорхой хугацаанд урьдчилж заавал хариу өгөх ёстой байтал өргөдөл, гомдол, хүсэлт хүргүүлэгчдэд Байгаль орчны яамнаас ямар ч хариу өгөөгүй байна.

Тэр ч атугай УИХ-аар 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энэ асуудлаар зохион байгуулагдсан Ерөнхий хяналтын сонсгол дээр БОУАӨ-ийн яамны Хүрээлэн байгаа орчны газрын дарга Г.Энхмөнх мэдээлэл танилцуулга хийхдээ яаман дээр ийм өргөдөл гомдлууд огт хүргэгдээгүй мэтээр илт худал танилцуулсан нь ноцтой асуудал гэж харагдахаар байгаа юм. Энэ нь тухайн сонсголын бүрэн хэмжээний дүрс бичлэг, сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэл, сонсголд оролцогчдоос УИХ-ын Өргөдөлийн байнгын хороонд хүргэгдсэн гомдол зэрэгт байгаа баримт мэдээллүүд болон яаманд хүргэгдсэн баримт материалууд, тэрчлэн гэрчүүдийн гэрчлэлээр нотлогдож байна.  

Компанийн зөвшөөрөл, батлагдаж буй баримт бичиг, явуулж буй үйл ажиллагаанууд төдийлөн жудагтай бус, хуулиас гадуур, хүч түрэмгийлсэн байдлаар явагдаж байгааг тодорхой хүмүүс, байгууллага, газрууд тодорхой түвшинд илчлэж, хуулийн дагуу асуудлыг тавьсаар авч, “дүлий дүмбэ”, “нүдэн балай чихэн дүлий” гэхээр хандлага ноёлсоор байгаа нь энэ нийтлэлийг уншиж буй хэн бүхэнд тодорхой анзаарагдсан байх. Тэгэхээр үүний цаана юу байна вэ?

Компанийн эзэмшигч, эцсийн өмчлөгчид болон тэднийг тойрсон тодорхой бүлэглэл, эрх бүхий этгээдүүдийн сүлбэлдлэг, хуйвалдаан байгаа нь анзаарагдаж байгаа юм. Засгийн газрын мэдээ сонины 2020 оны нэгэн дугаарт Г.Байгалийн нийтэлсэн мэдээлэлд “Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордын ашиглалтын үйл ажиллагааг 2020 оноос эхлүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг  батлуулсан тухай Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийг үндэслэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд (тухайн үеийн) Д.Сумъябазар ярьсан” гэж бичсэн бий. Орон нутагт судалгаа хийдэг байгууллага тухайн үед нь  Ашигт малтмал, газрын тосны газраас энэ талаар тодруулахад “Тийм зүйл байхгүй. Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан тухай мэдээлэл манайд байхгүй байна” (АМГТГ-ын 2021 оны 10 сарын 22-ны 8/4705 дугаартай албан бичиг) гэж хариулсан.

ТЭЗҮ боловсрогдоогүй гэдэг нь тухайн үед компаниас авсан хариултаар ч нотлогдсон. Гэтэл сайд яагаад хэвлэлд худал зүйл ярив? Сайдаар ийм зүйл яриулах лобби явагдсан болж таарахаар байна.

2024, 2025 онуудад орон нутагт “Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж байх үед Улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж нутгийн иргэдтэй хийсэн уулзалтан дээрээ компаний илт хууль бус зүйлүүдийг яагаад өөгшүүлээд байгаа талаар иргэдийн асуусан асуулт, тавьсан шаардлагад хариу өгөхдөө “ЗЗНДНТУ-ын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд сүүлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “ард иргэдийн саналыг харгалзаж үзэхгүй байх заалт оруулж баталсан тул та нарын санал хамаа байхгүй. Уул уурхайн үйл ажиллагаа, зөвхөн эрх бүхий байгууллага болон аж ахуйн нэгжийн үзэмжээр явагдахаас аргагүй болсон” хэмээн хуулийг илт гуйвуулж худал тайлбарласан зүйл ярьсан нь бас нэг ноцтой үзэгдэл болов. Уулзалтанд оролцогчдын зүгээс тэр дор нь гишүүний болчимгүй худал үгэнд няцаалт өгч хэрэгжиж буй Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд буй иргэдийн санал, эрх, эрх чөлөөг маш тодорхой хамгаалсан заалтууд байгааг үг үсгээр нь хэлж өгснөөр Б.Пүрэвдорж гишүүн худал хэлснээ хүлээхээс аргагүй болсон юм. Энэ явдал тэнд байсан гэрчүүдээр болон тухайн үед хийгдсэн дүрс бичлэг шууд лайвуудаар нотлогдоно. Мөнхүү Б.Пүрэвдорж гишүүн энэ мэтээр мэдэн будилах, хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ядах гэх мэт сэдэл үйлдлийг олноор гаргасныг энд дурьдах нь зүйтэй.

2024 оны 11 дүгээр сард Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны тусгай зөвшөөрөлтэй талбайд ард иргэдийн томоохон эсэргүүцлийн цуглаан болж 2-3 өдөр үргэлжилэхэд шинээр Засаг дарга болоод байсан М.Амарсанаа Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийнхээ дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар Захирамж гаргаж, тухайн компаний үйл ажиллагааг зогсоов. Тэгмэгц компани Засаг даргын Захирамжийг хүчингүй болгуулахаар их хэмжээний  мөнгө (2,637,064,561,30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая, жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг, гучин мөнгө) нэхэмжилж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг Засаг дарга тэр даруйд урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүлээн зөвшөөрч, шүүх Захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна (Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 125/ШШ2025/0006 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн Захирамж). Ийнхүү шүүх дээр эвлэрэл байгуулсантайгаа зэрэгцэн аймгийн Засаг дарга маань “Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаа бол төрийн бодлого учраас ажлыг нь дэмжиж явуулах ёстой. Хамгаалах болно” хэмээн ярьж, олон нийтэд хандуулан нийтийн мэдээллийн сувгаар цацуулж эхлэв.

“Ярьж, цацуулж эхлэв” гэсний учир нь 2022 оноос Халзан бүрэгтэй дэх асуудлын талаар мэтгэлцээн маргаан өрнөсөөр байхад бодит байдлаас зөрүүтэй, зөвхөн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний  ашиг сонирхлыг хамгаалсан дэгс мэдээллийг байнга дамжуулж, үүнийхээ улмаас “мэргэжлийн байгууллагаас хүртэл шаардлага авч байсан” “Ховд.мн” цахим сайтын эрхлэгч маань аймгийн Засаг даргын өрөөнд очин энэ зүйлийг яриулж, бичлэгийг олон нийтэд түгээхдээ өөр ямар нэгэн эх сурвалжтай огт харьцаагүйгээс гадна Засаг даргаас учир зүйг тодруулах, ямар үндэслэлээр ингэж ярьж байгааг нь асуух оролдлогыг огт хийхгүй байлаа. Тиймээс энэ талаар хөндлөнгийн ажиглалт мониторинг хийсэн газруудаас (ТАН эвслийн төлөөлөл, гишүүн байгуулага) “Ховд.мн цахим” сайтын эрхлэгч Н.Т-тэй холбогдон, тухайн асуудлаар яриа, мэдээлэл өгөхийг удаа дараа хүссэн ч “Ховд.мн” цахим сайтынхан булзааруулж зугатаасаар, өдгөө ч бусад эх сурвалжтай харьцахаас зайлсхийсээр байгаа ажээ. Харин ч тэднийг мэдээлэл өгье гэж хүсэлт тавьсан даруйд Н.Т онгоцоор Улаанбаатар руу нисэж, хэд хэдэн УИХ-ын гишүүн, тухайн үед АҮЭБ-ын сайд байсан Ц.Туваан нараас аймгийн Засаг дарга Амарсанаатай ижил байр суурь илэрхийлсэн ярианууд авч сувгаараа цацав. Ингээд буцахдаа “мөн л онгоцоор залрав”.

Анзааран нягтлаж үзвэл аймгийн Засаг дарга  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирол, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх (16 дугаар зүйлийн 16.2.4,) эрхтэй” гэсэн заалт, түүнчлэн тухайн компани нь газрын зөвшөөрөлгүйгээр “кэмп байгуулан үйл ажиллагаа явуулсан тул ашигт малтмалын тухай хуулинд заасан “газар, усыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах (27 дугаар зүйлийн 27.1.11)”, “газар ашиглах эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх (27 дугаар зүйлийн 27.1.14)”, мөнхүү газрын тухай хуулинд заасан “нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газарт, газар эзэмших эрх, гэрчилгээгүйгээр дур мэдэн байгууламж байгуулвал сумын Засаг дарга таслан зогсоож, албадан буулгуулах (59 дүгээр зүйлийн 59.1.1)” заалтуудыг тус тус баримтлан, өөрийн гаргасан шийдвэрээ шүүх дээр хамгаалах бүрэн боломжтой байхаар харагдаж байгаа юм. Гэтэл шийдвэрээ хамгаалах бус эсрэгээрээ ажиллаж эхэлсэн нь сонин.

Энэчлэн 2024 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан Х.Батболдын албан бичгээр БОУАӨЯ-нд тухайн асуудлаар хүргүүлсэн өргөдөл материалыг яам хүлээж авахгүй гээд “заавал шинэ Засаг даргын албан бичигтэй ирүүл” гэсний учир сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг дарга болон энэ талаар ажиллаж байсан иргэний нийгмийнхэн албан бичиг үйлдэж, яаманд уламжлахыг аймгийн Засаг даргаас хүсэж, материалыг бүрэн эхээр нь танилцуулахад М.Амарсанаа Засаг дарга иргэдийн өргөдөл хүсэлтийг БОУАӨ-ийн яаманд уламжилахаас шууд татгалзжээ. Түүгээр зогссонгүй энэ асуудлыг ярихаар өрөөнд нь орсон нэгэнд хэлэхдээ “дахиж энэ материалын талаар над дээр битгий орж ир. Миний үгэнд орвол би чамд хүссэн зүйлд чинь туслана” хэмээн дарамтлах байдал үзүүлжээ. Засаг даргад учрыг ойлгуулах, нөлөөлөх, “энэ таны хуулиар хүлээсэн үүрэгт ажил шүү дээ!” гэдгийг нь ухааруулах” гэж хагас жилийн нүүр үзсэн байна. Эцсийн эцэст “зүтгэлтнүүд” маань дүрс бичлэгийн камертай орж, “үйл явцыг ил тодоор цацна” гэсэн ба хуулийн үүргээ хөсөрдүүлсээр байвал таныг огцруулах уриалга гаргана” гэснээр Засаг дарга “гүрийхээ” больж, бичиг материал сая нэг яаманд хүргэгдэв (2025 оны 5 дугаар сарын 9-ний огноо-тойгоор).  Гэсэн ч яам ч бас үүнийг “эс мэдээч” болгон, нуун дарагдуулсаар байгаа ажээ.

Цаашилбал аймгийн Засаг дарга М.Амарсанаа Захиргааны шийдвэр гаргах нийтлэг зарчим, шудрага ёсны хэм хэмжээ, тодорхой хуулийн заалтуудыг (ЗЗНДНТУ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль гм) илтээр зөрчин, зөвхөн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-д зориулсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нутгийн иргэд, иргэний нийгмийн зарим төлөөллийн нэрсийг  оруулж 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/71 дүгээр Захирамж гаргахдаа тэдэнд учрьдчилж огт дуулгаагүй, саналыг нь асуугаагүй гэдгийг тэдгээр хүмүүс гэрчилж буй. (Тэгсэн атлаа “Ховд аймагт явагдаж байгаа бусад уул уурхайн төслүүдтэй холбоотой тийм ажлын хэсэг байгуулах нь байтугай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын аймгийн гурван талт дэд зөвлөл гэх тухайн салбарын хариуцлага, илт тод нээлтэй байдлын асуудлаар хяналт хэрэгжүүлдэг зөвлөлийг байгуулахаас улаан цагаан татгалзан, иргэний нийгмийн талын зүгээс хүргүүлсэн бүрэн үндэслэл баримт бүхий саналыг үл зөвшөөрч, “ахлагчийг нь эндээс хас” хэмээн бүтэн жил гаруй гацаасаар байгаа” /уг зөвлөлийн иргэний нийгмийн бүрэлдэхүүн мөн нарийн бичгийн даргын мэдээллээр/), Энэхүү шийдвэртээ дулдуйдан сум, багийн удирдлагууд руу эрх зүйн үндэслэлгүй, дарамтлах өнгө аястай албан бичиг, заавар хүргүүлэх, утсаар шахалт үзүүлэх зэргийг үйлдэж, улмаар 2025 оны 9 дүгээр сард УИХ дээр Ерөнхий хяналтын сонсгол болохын өмнөхөн. Ашигт малтмал газрын тосны газрын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газрын дарга А.Батцоожоор “хяналт шалгалт явуулах тухай” эрх зүйн үндэслэлгүй, хууль бус удирдамж гаргуулж, түүндээ тулгуурлан УИХ-аас аливаа үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар хориглоод байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд “судалгаа хийлгэнэ” хэмээн өрмийн машин механизм аваачиж өрөмдлөг хийлгэх ажлыг зохион байгуулсан байна. Үүнийг мэдсэн иргэд, иргэний нийгмийнхэн газар дээр нь очиж, уг асуудлыг холбогдох газруудад тавина гэгмэгц тэр даруйдаа, санд мэнд ажлын багийг татан буулгасныг тэнд очиж хяналт тавьсан аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болон иргэний нийгмийн төлөөллүүд гэрчилж байгаа юм. Уг ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын уул уурхайн хяналтын уулсын байцаагч Ц.А, аймгийн БОАЖГ-ын улсын байцаагч М.Б нарыг өөрсдөд нь мэдэгдэлгүй шууд оруулсан байсан бөгөөд тэд үүнийг сонссон даруйдаа эсэргүүцэж, “хуйвалдаанаар зохион байгуулсагдсан ажлын хэсэгт хамрагдах боломжгүй” гэдгээ мэдэгдэн хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээгээр хүртэл үүнийгээ илэрхийлэв.

Ховд аймагт удаа дараа зохион байгуулагдсан иргэд олон түмний хөдөлгөөн, жагсаал цуглаанаас аймгийн ИТХ-ын даргад тухайн асуудлаар хэлэлцүүлэг, талуудын нүүр тулсан уулзалт, нийтийн сонсгол зохион байгуулахыг хүссэн хүсэлт, мэдэгдэл, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч огт хариу өгөхгүй, дарагдуулж булзааруулсаар өдий хүрчээ.

Энэ бүгдээс эрэгцүүлж дүгнэж үзэхэд нэн ялангуяа Ховд аймгийн удирдлагатай холбоотой аж ахуйн нэгжид болон бүлэг этгээдүүдэд зориудаар давуу байдал олгож, түүнийгээ хамгаалахаар илт улайрсан сэдэл үйлдлүүдийг олонтоо гаргасан нь тодорхой болж байна.        

Ард иргэд болон иргэний нийгмийн олон жилийн шаргуу нөлөөлөл, шаардлагын улмаас УИХ-ын дарга (асан) Д.Амарбаясгалан шийдвэр гарган, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийслэл хот дахь УИХ-ын “Чингис хаан” танхимд үгүүлэн буй асуудлаар “Ерөнхий хяналтын сонсгол” явуулав. Сонсгол явуулах зарчим хийгээд хуулийн дагуу бол /Нийтийн сонсголын тухай хууль”, “УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль/ сонсголд оролцогчид нь хэн нэгний нөлөөнд автахгүй байх ёстой бөгөөд энэ нөхцлийг хангахын тулд зардлыг нь төрөөс санхүүжүүлдэг. Гэвч сонсголд Ховд аймгаас хүрэлцэн очсон нэр бүхий нөхдүүдийн унаа, байр, хоолны зардлыг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК гаргаж “өөрийн урилгаар” сонсголд оролцуулжээ. Тэдгээр хүмүүс сонсгол дээр гагцхүү компаний эрх ашгийн өмнөөс дуугарав. Энэ баримтууд сонсголын тэмдэглэл, бичлэгүүдэд бий. Үүнтэй холбоотой ноцтой зүйл бас бий. Компаний захиалгаар сонсголд оролцсон нэр бүхий хүмүүсийн дунд тухайн компанитай тодорхой нөхцлөөр тохиролцох замаар мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн иргэн Б.Ч, мөн компаний захиалгаар шүүмжлэлтэй хандсан, асуудлыг илрүүлсэн нөхдийг дуугүй болгох, компаний үйл ажиллагааг дэмжин сурталчилах үүрэг гүйцэтгүүлэх талаар тохиролцох зорилгоор компанид үйлчилж, “рекетлэх ажиллагаа” явуулж ирсэн чөлөөндөө гарсан төрийн өндөр албан тушаалтан Б.Б гэх мэтийн хүмүүс байгаа. Иргэн Б.Ч нь тухайн компаний “пиар”-ыг хийж хөлсөөр ажиллая гэсэн санал тавьж мөнгө авсанаа цахим сүлжээн дэх өөрийн талбарт болон амаараа баталсан. Харин Б.Б-ийн хувьд гэрчийн ярьсанаар “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны зөрчилтэй асуудлуудыг сурвалжилж, олон нийтэд түгээсэн нэр бүхий чөлөөт сэтгүүлчийг өөрийн суудлын автомашины бүхээгт дуудан уулзаж, “чи дуугүй болчих” хэмээн их хэмжээний мөнгө атгуулах гэж зүтгэсэн. Хэд хэдэн олон нийтийн байгууллага, тэрчлэн улс төрийн намын гишүүд идэвхтнүүдэд ухуулга явуулах зорилгоор компаниас олгосон мөнгөөр тэдний үйл ажиллагааг санхүүжүүлэх захиалгыг гүйцэтгэх чиглэлээр ажилласан зүйлүүд бий. Эдний тоонд мөнөөх “Ховд.мн” сайтын эрхлэгч багтаж байгаа бөгөөд, урьдынхаа арга барилаар ажиллав. Энэ тухайд зөвхөн “Ховд.мн” сайт-аар зогсохгүй тэнд очсон ихэнх хэвлэл мэдээллийнхэнд компани болон эрх мэдэл бүхий этгээдүүд нөлөөлсөн байж болзошгүй нэг шинж байдал ажиглагдсан. Юу гэвэл сонсголын үеэр болон сонсголын дараа тэд бүгд компаний эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, нэг талын байр суурь бүхий мэдээллээр “бөмбөгдсөн” хэрнээ сонсголд оролцогчдын дундах өөр байр суурьтай талууд буюу зарим мэргэжлийн эх сурвалжууд, иргэний нийгмийнхэн, олон улсын эвслийн төлөөллийн үг, үзэл бодол, байр суурийг огтхон ч мэдээлсэнгүй. Сонсголд оролцогч иргэн Г.Баяртогтох энэ тухайд сонсгол дээр хэлэхдээ  “…нэг зүйлийг би түрүүн анзаарлаа. Хэвлэлүүд гадаа байна. Мөнгөтэй талд үйлчилж байна, мөнгөтэй хүмүүсээс ярилцлага авч байна, уул уурхайн ашигт малтмалыг явуулж байгаа хүмүүсээс ярилцлага авч байна. Үнэн шударгаар үг үзэл бодлоо илэрхийлж байгаа нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудаас ярилцлага авахгүй байна” гэж мэдэгджээ.

Сонсголын үеэр компанийн талаар шүүмжлэлтэй байр суурь бүхий иргэний нийгмийн төлөөллөөс (Г.Т) нэр бүхий хэд хэдэн мэдээллийн хэрэгслүүд ярилцлага авсан боловч “эфирээр” гаргаагүй байна. Яагаад гаргахгүй байгаа юм бэ? гэж тухайн сэтгүүлчдээс асуухад бүгдээр “манай удирдлага гаргуулахгүй байна” гэж хариулсан тухай эх сурвалж үгүүлж байгаа юм. Сэтгүүлч С.Б нь 2023 онд Ховд аймгийн Мянгад сум, “Халзан бүрэгтэй хайрхан”-аар очиж нэвтрүүлэг бэлтгэн гаргасан бөгөөд ингэхдээ малчдаас авсан ярилцлагаа тасалж монтажлах замаар тэдний ярианы агуулга болон утга санааг гуйвуулж, “захиалсан даалгаварт” нийцүүлэн гүтгэх байдлаар гаргасан. “Мянгад суманд хэн ч амьдардаггүй сөнөчихсөн газар байна” гэх мэтээр бодит байдлыг зориудаар гүтгэсэн худал мэдээллийг өөрийн амаар өгүүлж, нийтийн цахим сүлжээнд сурталчилсан явдлууд бас өрнөсөн байна. Сэтгүүлч С.Б-ийн энэхүү авирлалд гомдолтой байгаагаа илэрхийлж, хаана, хэнд гомдол гаргаж, гомдлоо барагдуулж болох вэ гэж асууж сурсан малчид, иргэд орон нутагт олон байгаа юм. Мөн дээр өгүүлсэнчлэн компаний захиалга гүйцэтгэгч Б.Б-ны “рекетэнд” өртсөн чөлөөт сэтгүүлчийг компани зохион байгуулалттайгаар ангуучилсан бөгөөд урьд нь эрүүгийн хэргээр ял эдлэж байсан Т гэгч нэгэн этгээдэд захиалга өгч энэ ажиллагааг явуулсан байна. Тэр этгээд чөлөөт сэтгүүлчийг дарамтлахдаа мөн Б.Б-ны адил “чи амаа хамхи, тэгэхгүй боль хохь чинь болно шүү” хэмээн удаа дараа сүрдүүлж, мөнгө санал болгодог байсан. Хамгийн сонирхолтой нь Ховд аймгийн өндөр албан тушаалтан Ховд.мн сайтаар “тэр нөхөр (чөлөөт сэтгүүлч) компаниас мөнгө авсаныг би гэрчлэнэ” хэмээн ярилцлага өгч, олон нийтэд түгээлгэсэн. Үүний улмаас хоорондын маргаан хэрүүл үүссэн зэрэг түүхүүд ч бий.  Өгүүлэгдэж буй “маапаантай”, хор хутгах, турхирах ажлыг гардан хариуцаж зохион байгуулагч нь компаний Ховд аймаг дахь төлөөлөгч гэх Ш.Б мөн болохыг олон эх сурвалж мэдээлдэг юм.

Сэрэмж, санамж, сэхээрэл, ухааралд !

 Тэрчлэн сонсголын үйл явцын бичлэгийг үзэж, дэлгэрэнгүй тэмдэглэлийг уншиж байхад нэг хачирхалтай зүйл бас ажиглагдав. Сонсголд оролцсон нутгийн иргэд, Иргэн Н.Дарханбаяр, М.Баянзул, Г.Баяртогтох нарын хэд хэдэн хүн “уул уурхайн компаний бус буруу зүйлийн талаар, нутгийн иргэд малчдын эрх зөрчигдөж байгаа талаар ярьсан байна. Тэрээр “үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо гаргасан хүмүүсийг уг компани “хууль хүчнийхэн”-ээр дарамтлуулдаг, Цагдаагийн газарт байнга дуудуулдаг, их хэмжээний  мөнгө нэхэмжилдэг, иргэний банкны харилцах дансыг хаалгаж, амжиргааг нь тасалдуулдаг гэх мэт хүний эрх зөрчсөн асуудлууд гаргасаар ирсэн” тухай өгүүлжээ. Сонсгол өндөрлөх нэлээн дөхсөн үед “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны Захирал А.Цолмон сонсголд оролцогчийн асуултад хариулж дууссаны дараа сонсгол даргалагч Б.Баярбаатар А.Цолмонд хандаж хэлсэн нь “…би төсөл хэрэгжүүлэгчээс энэ дашрамд хүсэлт байна. Энэ өнөөдөр хэлэлцүүлэг эхэлсэн цагаас хойш саяныг хүртэл нэг ийм худалдагдсан, хахуул, авлигатай холбоотой нэг юм явлаа шүү дээ. Эс үгүй бол боов боорцог тараасан энэ  тэр гээд зөндөө юмнууд ярьлаа. Тэгэхээр энэ талаар мэдээллийг нууцын хэмжээнд надад гаргаж өг. Шаардлагатай бол хуулийн байгууллагад шалгуулна. Энийг хэнд хэзээ үнэхээр өгсөн юм байгаа бол. Мэдээллээ тэгэхдээ нууцын хэмжээнд шүү. Иймэрхүү юм болсон бол болсон, болоогүй бол болоогүй гэдгийг тогтооно” гэсэн нэг хачин зүйлийг сонсгол даргалагчийн индэр дээрээ сууж байгаад хэлсэн байна. “Төсөл хэрэгжүүлэгч”-ийн үйлдсэн гэм буруугийн шинжтэй зүйлүүдийг гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох зүйлсээр дэнслэж тогтоох байтал сонсгол даргалагч маань “танай компаний “но”-той зүйлсийн талаар  энэ хүмүүсийн яриад байгаа зүйлийг та өөрөө надад нууцаар, нууцалсан байдлаар гаргаж өг. Тэгээд би үнэнийг тогтооно” гэсэн чинь одоо юу гэсэн үг вэ? Үнэхээр хачирхмаар зүйл юм …! Сонсголын тайлантай холбоотойгоор 2025 оны 10 дугаар сард сонсголд оролцсон орон нутгийн оролцогчдын УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гаргасан өргөдөлд сонсгол даргалагч нь сонсголын өмнө тухайн орон нутагт ажиллахдаа өөрийн явсан зам дээр цагдаа зогсоож, тийшээ зорчигчдийг явуулахгүй байхыг тушаасан байсан. Ард иргэд уулзахыг хүсэхэд зогсолгүй машинаараа дайрах шахан өнгөрөөд давхиж одсон. Сонсгол даргалж байхдаа илт нэг талд үйлчлэх байдал гаргасан гэх мэт гомдолтой зүйлүүдийг мэдүүлжээ.

2023 онд Жадамбаагийн Отгонбаяр гэгч нь энэхүү “Халзан бүрэгтэй” хайрхан дахь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэдийн хоорондын маргааны дундуур орж Ховд нутгийн нэр бүхий иргэд, иргэний нийгмийн төлөөллүүдийн зургийг эвлүүлэн, бүгдэд нь нэр цол өгч, “гадаадаас, Орос, Хятадаас санхүүждэг, шантаачид” гэхчлэн гүтгэж доромжилсон постыг нүүр номын хаягаараа нийтийн цахим сүлжээнд оруулж, маш идэвхтэй түгээжээ. Тэгтэл УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол дээр тэр нөхөр өөрийгөө Эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан газрын дарга хэмээн танилцуулж, үг хэлсэн байна. Үүнийг ажигласан нэр бүхий УИХ-ын гишүүн (Э.Б) хэлэхдээ “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний “пиар”-ыг хариуцдаг нөхөр өөрийгөө төрийн яамны газрын дарга гэж танилцуулаад орж ирж байгаа нь энэ үгсэл хуйвалдаан ямар түвшинд хүрснийг гэрчилж байгаа хэрэг” гэсэн байна.

“Энгийн учир зүйгээр /логик/ авч үзвэл дээрх бүх үйл байдал, түүнийг бий болгосон сэдэл үйлдлүүд нь бэлхнээ хуйвалдааны “авлигын шинжтэй”, цаана нь томоохон эрх ашиг, томоохон үгсэл, бүлэглэлцээн байгааг илтгэж буй нь мэдэгдхүйц. Нутгийн болон бүс нутгийн иргэд, олон нийт огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа “төсөл” гэгчийг явуулахаар хэтэрхий улайрч асар их мөнгө зарцуулан, хахуул өгөх гэж хөөцөлдөх замаар хүмүүсийг талдаа татах, шүүмжлэлтэй хандсан хүмүүсийн “амыг барих”, зөвхөн бизнесийн эрх ашгийн төлөөнөө эрх мэдэл бүхий, нөхөд, албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг ашиглан нэг талыг барьсан, хөлс мөнгөнд барьцаалагдсан “пиар”, бодит бус сурталчилгаа явуулах, цаашилбал дарамтлах, рекетлэх арга барилаар ажиллаж буй нь ихээхэн зохисгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй шүүх, цагдаагийн байгууллагыг компани өөрийн хүссэнээр хөдөлгөж байж болзошгүй. Юу гэвэл компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрхэн ажилласныг энд өмнө нь өгүүлсэн. Үүний зэрэгцээ компаний хууль зөрчиж буй асуудлыг, тухайлбал тодорхой газар нутагт газар эзэмших зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар байгууламж /кэмп/ байгуулж дураар авирласаар байгааг шалгаж шийдвэрлэхийг хүсэж Ховд аймгийн цагдаагийн газарт нэр бүхий иргэд 2025 оны 12 дугаар сард гомдол гаргасан байна. Гомдлыг шалгасан мөрдөн байцаагч Г.Г болон хянасан прокурор А.Б нар нь гомдол гаргасан, мэдүүлэг өгсөн нэр бүхий иргэний нэр болон мэдүүлгийг тэмдэглэл, дүгнэлтээс хасаж, тэрчлэн тодорхой нотлох баримттай хууль зөрчсөн зөрчлүүдийг сайтар шалгалгүйгээр, энэ тухай тодорхой мэдээлэлтэй нөхдөөс тодруулах ямар ч оролдлого хийхгүйгээр “хууль зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна” хэмээн “зохион бичлэг” бичиж, “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан” тогтоол гаргасан (Прокурорын 2026 оны 01 дуүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаар тогтоол) Тэрхүү тогтоол, шийдвэрээ гомдол гаргагчдад мэдэгдэлгүй даруй 2 сар гаруй хугацаанд нуусан болохыг нь бид судлаж мэдсэн юм. Цагдаа, прокурорын энэ мэт авирлалыг дэмжин өөгшүүлэх нэг хүчин зүйл байгааг бид эрэн сурвалжлагын явцад мөн анзаарав.

Юу гэвэл манай одоо мөрдөгдөж буй хуулиудад мөрдөн байцаалт болон прокурорын хяналтанд байгаа аливаа өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шалгаж байгаа талаар иргэн хүн, тэрчлэн уг асуудлаар хөндлөнгийн байдлаар хяналт, мониторинг судалгаа хийж буй аливаа этгээд мэдээлэл авах боломж хуулиар хаалттай байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн болон албаны мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж гурав ангилсан бөгөөд  бидний өгүүлж буй хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах, хянах шатны талаарх мэдээлэл нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар “танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээлэл” болж таарч байна. Үүнийгээ хуулийн  9 дүгээр зүйлийн 9.2.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл”, мөн 9.2.2-т төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл” гэж нарийвчлан тодруулжээ. Улмаар 9.3-т Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэсэн байна. “Хуульд заасан үндэслэл, журам” гэдгийг нь мөшгөж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан зохицуулалт болж таарч байна. Тэнд юу гэж заасан байна гэхээр “1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэжээ.

Тэгэхээр  сая цухас өгүүлэгдсэн цагдаа, прокурорын “санаанд нийцэхгүй” үйл байдал гэх мэтийн талаар тодруулж мэдэхийг хүсэж, мэдээлэл авахаар албан ёсоор хандахад ямар ч тохиолдолд “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгч, бид хад мөргөсөөр байгаа нь хуулийн эдгээр зохицуулалттай холбоотой болох нь ойлгогдож байна.

Өөр хоорондоо “зүй орох зайгүй” холбоо хамаарал бүхий эдгээр асуудлуудаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргавал яах вэ гэсэн асуултанд “Холбогдогч нь албан тушаалтан болон төрийн албан хаагч биш бол авилгад хамаарахгүй, гомдол гаргаад нэмэргүй” гэж хариулж, зөвлөгөө өгч буй хуульчид, цагдаагийн албан хаагчидтай иргэдийн төлөөллүүд маань олонтоо таарсан байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж эсвэл иргэн, төрийн чиг үүрэг хэрэгжүүлдэгээс бусад хуулийн этгээд иймэрхүү авилгын сэдэл үйлдэл үзүүлж болох нь ээ гэсэн ойлголт төрүүлэхүйцээр хариулт болон зөвлөмж өгсөн байгаа юм. Авилгын эсрэг хуулийг үзвэл нэр томъёоны тодорхойлолт хэсэгтээ буюу гуравдугаар зүйлийн 3.1.1-д “авлига гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд /төрийн чиг үүргийг эрхлэсэн тодорхой албан тушаалтнууд, албан хаагчид/ албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ, мөн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ гэж тус тус заасан мөртлөө. “Хуулийн үйлчилэлд хамаарах этгээдүүд” гэсэнд төрөөс бусад хуулийн этгээд иргэд, аж ахуйн нэгж, эсвэл “бүлэглэгчид, хуйвалдагчид”-ийг хамруулаагүй байгаа нь хачирхал төрүүлж байгаа юм. Магадгүй энэ бол дээрх хуульч, цагдаа нарын хэлж байгаачлан авлигын үйл байдал гаргаж буй зарим этгээдүүдийг хуулиас гадуур үлдээж, өөгшүүлэх үр дагавар бүхий цоорхой болж” байгааг үгүйсгэх аргагүй байна. Тиймээс бидний ажигласнаар бол Авлигын эсрэг хуулийг дахин эргэн харж, магадлан нягтлаж, цоорхойг арилгах шаардлагатай гэж үзэхээр байна.

Тэрчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан сонсголын тайлан дүгнэлт нь үнэнд нийцэхгүй илт худлаа бичигдсэн зүйл олон байна хэмээн сонсголд оролцогч 40 гаруй иргэн Ховд аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, Ховд аймгийн Мянгад сумын ИТХ-аас хамтран УИХ-ын өргөдлийн байнгын хороонд 2025 оны 10 дугаар сард гомдол гаргасан тухай дээр дурьдсан.

Эх сурвалжуудаас олж авсан сонсголын тухай баримт мэдээллийг харгуулан нягтлаж үзвэл, УИХ-аас гаргасан тухайн тайлан дүгнэлтэд бичигдсэн зүйлүүдэд сонсголын албан ёсны дэлгэрэнгүй тэмдэглэл, бүрэн хэмжээний ведио бичлэгээс /парламент.мн сайт дахь Үндэсний олон нийтийн ТВ-ын шууд дамжуулалтын бичлэг/ илт зөрүүтэй, худал зүйл олон байгаа нь анзаарагдав. Тэгсэн атал УИХ-ын өргөдлийн байнгын хороо мөнөө л “үл хайхрагч байдлаа” үзүүлэн, өргөдөл гомдол гаргагчдад хуулийн хугацаанд бүү хэл одоо ч, ямар нэг хариу өгөөгүй, гомдлын мөрөөр арга хэмжээ аваагүй, хэлэлцүүлээгүй, хянан шийдвэрлээгүй хэвээр хагас жилийг үзэж байгаа юм байна.

“Сүлбэлдлэг, хуйвалдаан” хэмээн үзсэн бидний таамаглалыг нөхцөлдүүлэгч бас нэг зүйл буй нь Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд хавсаргагдсан цацраг идэвхт изотопын хөрсөн дээрх түвшин, ус, хөрсний хэмжилт, шинжилгээний дүнгүүд нь хөндлөнгийн болон бусад мэргэжлийн байгууллагаас хийсэн хэмжилт, хянан магадлагааний дүнгүүдээс зөрүүтэй,  дурьдаж буй газруудын харьцангуй сөрөг үр дагавартай, хор нөлөөтэй гэж гарсан байхад харин компаний гаргуулсан дүгнэлт нь их төлөв сөрөг нөлөө байхгүй, хор хөнөөл үгүй гэж мэдэгдэхэд чиглэгдсэн, тэрчлэн соёлын өвийн үл хөдлөх дурсгал, археологийн судалгааны дүгнэлт нь хуурамч байсан гэдэг нь илчлэгдсэн гэх мэтээр итгэх боломжгүй байгаа явдал юм. Тодруулбал 2022, 2023 оны тайланд нь орсон компаний өөрийн захиалгаар “Баялаг ундрах говь” ХХК-аар хийлгэсэн цацрагийн хэмжилтийн үзүүлэлтүүд нь цацраг маш бага зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа гэж дүгнэгдсэн байхад, мөн тухайн үед давхцан хийгдсэн Цөмийн энергийн комиссын ажлын алба, МУИС-ийн Баруун бүсийн салбар сургуулийн хийсэн хэмжилт судалгааны үр дүнгийн үзүүлэлтүүд нь харьцангуй их, нийтлэгдээ зөвшөөрөгдөх буюу чөлөөлөгдөх түвшинээс өндөр гэж гарсан.

Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар дээж авч лабораторт шинжүүлсэн усны найрлага, бохирдлын шинжилгээний үр дүн нь хүнд метал ихтэй, болзошгүй сөрөг нөлөөтэй гэж гарсан байхад компаний захиалгаар хийгдсэн шинжилгээний дүгнэлтээр бол найрлага хэвийн ямар нэг сөрөг нөлөөгүй гэж дүгнэсэн. Үүний улмаас маргаан зөрчил үргэлжилсээр байгаа юм. Тэгэхээр үүнд нөлөөлж буй хууль эрх зүйн бас нэг хийдэл буюу “гажуу солиу” гэж үзэхээр зүйлийг дурьдахаас аргагүй. Юу гэвэл манай улс дахь хууль, журмуудад (Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмууд) эдгээр үнэлгээ, хэмжилт, шинжилгээ, дүгнэлтүүдийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд төлбөр, зардлыг нь өөрөөсөө санхүүжүүлэх замаар гүйцэтгэгчийг өөрөө сонгон, захиалж хийлгэнэ гэсэн заалттай (Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.13). Захиалагчийн мөнгө авсан ямар ч гүйцэтгэгч захиалагчдаа л үйлчилж, тэдний хүссэнээр дүгнэлт гаргах нь магад гэдэг нь олон жилийн практик туршлагаар, баримтуудаар илэрхий болсоор буй хаа сайгүй анзаарч байгаа! Үүнийг буруу гэдгийг хаа, хаанаа мэддэг ярьдаг, Ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-ын танхимд ч хөндөгдөж байсан атал, засаж залруулах талаар ухаан бодол уралдуулах, шийдэл олохыг оролдох тухайд огтхон ч сэдэл, санаа, чармайлт гаргадаггүй нь бас л хачирхалтай.

Бодит нөхцөл байдал дээр өгүүлэгдсэнчлэн нэн ноцтой байхад, тэр тусмаа зарим хөндлөнгийн судлаачид, иргэний нийгмийнхэн, иргэд энэ маргаантай, эрсдэлтэй асуудлуудыг ярьж хэлсээр атал компани болон зарим эрх мэдэл бүхий нөхөд албан тушаалтнууд бүх зүйл хууль ёсны дагуу үлгэр жишээ явагдаж байгаа, ямар ч зөрчил байхгүй мэтээр ярьж, олон нийтэд мэдээлэл хийсээр байдаг нь хамгаас тоогүй зүйл юм. Уул уурхайн үндэсний ассиоциацаас “Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулганыг 2025 оны 6 дугаар сард Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж, аймгийн удирдлага, холбогдох хүмүүст уг арга хэмжээний удирдамж хөтөлбөрийг хүргүүлэн.  Зохион байгуулалтыг шийдсэн байдаг. Тухайн чиглэлээр орон нутагт мониторинг хяналт хийж ажилласан иргэний нийгмийн байгууллага арга хэмжээ болохоос яг 5 өдрийн өмнө, бүх зүйл ян тан болчихсон байхад үүнийг олж мэджээ. Тэрээр аймгийн удирдлагад хүргүүлсэн байсан хөтөлбөрийн төсөлтэй нь танилцсан бөгөөд тэрхүү хөтөлбөрт Халзан бүрэгтэй-д тусгай зөвшөөрөлтэй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК “баруун бүс нутагт “хариуцлагатай уул уурхай”-г үлгэр жишээчээр явуулж байгаа” мэтээр бичээд, уг компаний туршлага, мэдээллийг хамгийн эхэнд танилцуулахаар тусгаж, тэрхүү мэдээлэлд үлэмж цаг зарцуулахаар төлөвлөсөн байв. Иргэний нийгмийн байгууллага буюу /ТАН-”Төлсөн авснаа нийтэл”/ эвслийн төлөөлөл  аймгийн удирдлагатай өмнө нь ярилцаж тохирсон байснаараа чуулган дээр “Ховд аймаг дахь уурхай олборлолтын салбарын хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудлын талаарх” судалгааний дүнг танилцуулах цагийг хөтөлбөрт оруулж өгөхийг дахин хүсэж, зохион байгуулагч байгууллагатай холбогдон ярьж, албан ёсны тайлбар, хүсэлтээ  давхар хүргүүлжээ. Гэтэл ийнхүү хүсэлт хүргүүлмэгц нь тухайн арга хэмжээ тодорхойгүй, шалтгаанаар цуцлагдаж, тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Бүх зүйл нь бэлтгэгдчихсэн байсан үйл ажиллагаа чухам ямар шалтгаанаар цуцлагдсан тухайд одоо ч тайлбар байхгүй байгаа ажээ.

Дээр өгүүлэгдсэн булхайтай зүйлүүдийн эзэн болох нэр бүхий эрх мэдэлтэй нөхөд иргэд олон түмэнд хандаж сурталдахдаа “Халзан бүрэгтэй төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилт Засгийн газрын бодлогод тусгагдаж батлагдсан учраас шүүмжилж, эсэргүүцэж болохгүй” хэмээн анхааруулах, айлгахын хооронд олонтоо дуугарсаныг бид бас ажигласан. Тэгтэл Засгийн газрын аль ч бодлогын баримт бичгийг шүүж үзэхэд “Халзан бүрэгтэй төсөл”-ийг хэрэгжүүлэх” гэж үг өгүүлбэр алга байна. Тэгээд ч дурын нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг лоббидох Засгийн газрын бодлого гэж байх учиргүй. Дээрхийг сурталдаж, ухуулж буй албан тушаалтнууд ядаж “төрийн бодлого” гэдэг маань юу билээ? Төрийн бодлого гэдэг маань ард иргэдийн язгуур эрх ашиг, хүсэл сонирхлыг боомилох, дарангуйлах хэрэгсэл мөн билүү? гэдгээ ч бодолцож үзмээр гэсэн бодол төрнө. Ийнхүү иргэд олон нийтийг төөрөлдүүлсэн суртал явуулах хийгээд дээр олонтоо өгүүлэгдсэн нэг төсөл, нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын төлөө янз бүрийн арга, чарга хэрэглэн улайран ухалзаж байгаа хачирхалтай хандлагуудын цаана нэг ноцтой сэжүүр бий. Юу гэвэл 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар сонгуульд өрсөлдөгч улс төрийн хүчин бидний дурьдан буй компани болон “бизнесийн бүлэглэл”-ээс их хэмжээний, тодруулбал 1.8 тэрбумаас 2 тэрбум төгрөгийн “нууц санхүүгийн дэмжлэг” авсан тухай ам гарсан нөхөд мэр сэр бий. Манай багийн энэхүү эрэн сурвалжлагын үр дүнд илрэн гарч, энэхүү бүтээлд маань өгүүлэгдсэн тодорхой шинж байдлуудыг сайтар ажиглах юм бол үүнийг үгүйсгэх магадлал харагдахгүй байна.

Эцсийн бүлэгт бидний энэхүү эрэн сурвалжлагын үр дүнд илрүүлэн гаргаж ирсэн зүйлүүдийн гогцоо асуудлыг зангидан, цэгцэлж үзвэл нэгдүгээрт: ашиг сонирхолоороо нэгдсэн тодорхой нөхдүүдийг хамруулсан авилгын шинжтэй гэмт сэдэл, үйлдлийн сүлжээ сүлбэлдлэг байгааг та бид мэдлээ. Хоёрдугаарт: тодорхой хууль эрх зүйн баримт бичгүүдэд тэдгээрийн энэхүү санаа сэдэл, үйлдлийг өөгшүүлэн нөхцөлдүүлсэн цоорхой, ангал (Авилгын эсрэг хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Захиргааны болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд, Нийтийн мэдээллийн ил  тод байдлын тухай хууль гэхчлэн) амь бөхтэй оршин байгааг хамтдаа анзаарлаа. Гуравт “хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх” хэмээсэн сайхан үгээр халхавчилж, “нийгмийн хариуцлага” гэхчлэн гоёчилсон нэр томъёоны цаагуур нуусан зальхай, хууль бус, луйврын арга ажиллагаа явуулах, түүнийгээ шатлан өргөжүүлэх замаар, хүмүүсийн сэтгэхүй, нийгмийн ухамсарыг доройтуулан өеөдүүлэх  хөрс суурь манай нийгэмд нэгэнт бий болсныг анхаарч, сэрэмжлэн сэхээрэх зайлшгүй шаардлага тулгарсныг илчлэн үзүүллээ гэхэд болно. Энэхүү гогцоо асуудлууд тэр тусмаа гурав дахь асуудлын тухайд авч үзвэл одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын даруй 35 зүйл заалтад хамаатай хийгээд тэдгээр заалтуудын эсрэг чиглэгдсэн, үндэсний аюулгүй байдалд харш үйл байдлууд байгааг бид нягтлан тоймлож үзсэн болохыг энд дурьдах шаардлагатай.

Дашрамд энэхүү бүтээлээр илчлэгдсэн авилга хийгээд луйврын шинжтэй зүйлүүд нь дор бүрнээ гэрч, баримтуудаар нотлогдох учир Авилгатай тэмцэх газар гэх мэт хууль хяналтынхан шүүрэн авч шалган шийдвэрлэх бүрнээ үндэслэлтэй юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Мirror-Sky” баг 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.