Туурга тусгаар Монгол Улс 1963 онд НҮБ-д гишүүнээр элсэж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэвэл, таниулан алдаршуулсан баатрууд нь гарцаагүй яруу алдарт тамирчид билээ. Их спортыг хөгжүүлэх манай улсын хүчин чармайлт 100 жилийн түүхтэй ч анхлан амжилтад хүрсэн нь бөхийн чөлөөт барилдаан юм. Энэ төрлийн анхны амжилтууд харин үндэсний бөхийн дархан аварга Жижидийн Мөнхбатттай холбогддог билээ. Ж.Мөнхбат аварга 1962 оноос бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж, хоёрхон жилийн дараа “Токио 1964” олимпын наадамд шагналт байрт шалгаран, Монгол Улсдаа олимпын анхны оноог авчирч байсан нь бөхийн төрмөл авьяасынх нь илрэл байв.
Хүчит аварга маань 1966 оны ДАШТ-д дэлхийн гурван удаагийн аварга Мансур Мехдизадехт хожигдон дөрөвдүгээр байрт орсон ч 1967 онд Энэтхэгийн Дели хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Түүний медаль Монголын их спортын буюу олимпын төрлийн спортын түүхэн дэх ДАШТ-ий анхны медаль байсан юм. Улмаар дараа жил нь болсон “Мехико 1968” олимпод ЗХУ-ын бөх, дэлхийн аварга Борис Гуревич, Болгарын бөх, “Токио 1964” олимпын аварга Продан Гаржев нартай тэнцэж, бусад өрсөлдөгчөө цэвэр болон оноогоор ялж, олимпын анхны мөнгөн медалийг хүртсэн юм.
Анхдагчдын гавьяа бусдад итгэл найдвар төрүүлэхэд оршдог. Спортын төв ордны хөлс үнэртсэн танхимаас дэлхийн медальтан төрж болно гэдгийг харуулснаараа тэрбээр 1968 онд Монголын шигшээ баг дөрвийн дөрвөн медаль хүртэхэд хамгийн ихээр нөлөөлсөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн чөлөөт бөх төдийгүй нийт спортынхны амжилтыг тэрбээр хагалж чадсан учраас Монголын тамирчдын амжилт ар, араасаа гарсан гэж хэлж болно.
Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн агуу тамирчнаас гадна дасгалжуулагч, багийн удирдагчийн үүргийг өөртөө авсан зүтгэлтэн хүн байсан. Түүнчлэн үндэсний бөхөөр дархан аварга цолд хүрсэн 10-хан бөхийн нэг билээ. 1968 оны олимпод ялагдалгүйгээр мөнгөн медаль хүртсэн амжилтыг нь марталгүй санаж байдгаа илтгэн ОУОХ 100 жилийн ойн “IOC TROPHY” цомоо олгосон билээ.
Спортод агуу амжилт гаргасан тамирчид олон ч анхдагч болно гэдэг ховор хувь тавилан гэдгийг тэрбээр спортын замналаараа харуулсан агуу аварга байлаа. Амжилтыг эвдэж болно, анхдагчийн мөрийг хэн ч баллуурдаж чаддаггүй ажээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87332
30274
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.