
Ормузын хоолой нь газрын зураг дээр ердөө нарийн зурвас мэт харагдах боловч энэ бүс нутаг дэлхийн эдийн засгийн амин судас юм. Хүн төрөлхтөн асар өргөн далай тэнгисийг эзэмшиж, технологийн өндөр хөгжилд хүрсэн атал өнөөдөр дэлхийн эрчим хүчний урсгал ганцхан “нарийн хаалга”-наас хамааралтай хэвээр байна. Энэ нь өөрөө бидний хөгжлийн парадокс юм.
Ормузын хоолой бол зөвхөн газарзүйн ойлголт биш. Энэ бол эрх мэдэл, нөлөө, эдийн засгийн ашиг сонирхол огтлолцдог зангилаа цэг. Иран болон АНУ зэрэг хүчирхэг тоглогчдын хоорондын зөрчил энэ бүсэд төвлөрөх нь санамсаргүй зүйл биш. Далайгаар дамжих нефть бол XXI зууны “алт” бөгөөд түүнийг хянах нь дэлхийг хянахтай дүйцэхүйц нөлөөтэй болсон.
Гэвч энд нэг ноцтой асуулт гарч ирнэ. Энэ нь дэлхий яагаад ийм эмзэг хэвээр байна вэ?… гэх асуулт
Бид глобалчлал, чөлөөт худалдаа, олон улсын хамтын ажиллагааг ярьсаар ирсэн. Гэвч бодит байдал дээр дэлхийн эдийн засаг цөөн хэдэн стратегийн гарцаас хэт хамааралтай хэвээр байгаа нь сүүлийн саруудад болж буй үйл явдлуудаас харагдаж байна. Тэгээд ч ормузын хоолой дээр үүссэн хурцадмал байдал нь зөвхөн бүс нутгийн асуудал биш. Энэ бол дэлхийн системийн сул талыг илчилж байна. Хэрвээ нэг хоолой доголдвол шатахуун, үйлдвэрлэл, тээвэр, улмаар өдөр тутмын амьдрал хүртэл доргиж байна.

Энэ хямрал бидэнд бас нэг зүйлийг ойлгуулах шиг… Дайн заавал хуурай газарт, буу сумтай өрнөх албагүй. Заримдаа эдийн засгийн судас боогдох нь зэвсэгт мөргөлдөөнөөс илүү хор уршигтай байж болно. Хөлөг онгоц саатах, даатгал өсөх, нефтийн үнэ нэмэгдэх гэх мэт цааш хөвөрнө. Нэг үгээр эдгээр нь чимээгүй боловч хүчтэй “эдийн засгийн зэвсэг” юм.
Түүнчлэн ормузын хоолойн асуудал бол эрчим хүчний хараат байдлын тухай гашуун сануулга. Дэлхий сэргээгдэх эрчим хүч, олон эх үүсвэртэй болох талаар ярьж байгаа ч бодит байдал дээр нефтийн урсгал тасалдахад бүх зүйл доголдож байна. Энэ нь бидний шилжилт хангалттай хурдан биш байгааг харуулна.
Эцэст нь, ормузын хоолойн хямрал бол зүгээр нэг мэдээ биш. Энэ бол дэлхийн анхааруулга. Нарийн зам дээр төвлөрсөн өргөн ашиг сонирхол хэзээ ч тогтвортой байж чаддаггүй. Хэрэв дэлхий үнэхээр тогтвортой, аюулгүй эдийн засгийг хүсэж байгаа бол ийм “эмзэг цэгүүд”-ээс хамаарал багатай системийг бий болгох шаардлагатай.
Нарийн хоолой дэлхийг атгаж байгаа цагт дэлхий өөрөө эмзэг хэвээр байх болно.
Эх сурвалж: Newsmedia.mn
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-03-24
2026-03-24
2026-03-24
35071
25806
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.