Тэрбумаар тоологдох хүн амтай орнууд төрөлт нэмэгдүүлэх “САНАА” уралдуулж байхад манайд үндэсний аюулгүй байдлын харанга дэлдэж байна

2 цагийн өмнө slider

Дэлхийн хүн ам өнгөрөгч оны байдлаар 8.2 тэрбум хүрсэн талаар холбогдох албаныхан мэдээлжээ. Тэр дундаа хөгжингүй орнуудад төрөлт багассан бол Ази, Африк зэрэг хөгжиж буй бүс нутагт хүн амын өсөлт харьцангуй өндөр хэвээр байгааг онцолсон байна. 

Өнөөдрийн байдлаар Энэтхэг улс хамгийн олон хүн амтай орноор бичигдэж буй бол удаах байранд Хятад улс 1.41 тэрбум хүн амтайгаар буюу эл хоёр орон дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүүг бүрдүүлж буй юм.

Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэрбумаар тоологдох хүн амтай манай урд хөрш төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд төрүүлэхтэй холбоотой эмнэлгийн бүх зардлыг төрөөс нь бүрэн даахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлд өндөр буюу 13 хувийн борлуулалтын татвар ногдуулахын зэрэгцээ хүүхэд асаргааны үйлчилгээг татвараас чөлөөлөхөөр болж.

Гэтэл эл улсын ганц хотын иргэдийнх нь тоонд ч хүрэхгүй хүн амтай манай улс төрөлтийг дэмжих ямар бодлого явуулж байна вэ? …..

Цөөхөн монголчууд жилээс жилд төрөлтийн тоогоороо хумигдаж байна. Өнөөдөр төр засгаас хүн амын тоогоо нэмэгдүүлэхэд нэг хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг буюу ойролцоогоор 28 ам.долларын дэмжлэг олгож байна. Харин 0-3 насны хүүхдээ хараад гэртээ суудаг ээж нарт “ЦАЛИН” гэсэн сүржин нэршилтэй 50 мянган төгрөг өгдөг. Гэвч өнөөдөр /Үндэсний статистикийн хорооны мэдээллээр/ инфляц сүүлийн жилүүдэд дээшээ огцом өссөөр есөн хувьд хүрч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тэнгэрт хадсан байдалтай байна.

Ийм байхад төрөлт буурах нь зүйн хэрэг. Улсын хэмжээнд өнгөрөгч онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан. Жилийн дотор 10 хувь гэдэг нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар 2030 он гэхэд төрөлтийн төвшин 2.00 болж, хүн амын өсөлт огцом саарах тооцоог гаргажээ.

Өөрөөр хэлбэл, төрөлт төсөөлснөөс хурдацтай буурах хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь 15-49 насны нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт Монгол Улсад 1980 онд 6.4 байсан бол 1991 оноос огцом буурч 4.0, 2003-2005 онд хамгийн бага 2.0 болсон. Улмаар 2014 он хүртэл аажмаар өсөж 3.1 хүрсэн ч 2023 оны байдлаар 2.7 болж буурсан байна. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоог 2020 онд гаргасан бөгөөд 2025 он хүртэлх тооцооллыг гаргасан. Ингэхдээ төрөлтийн нийлбэр коэффициентыг аажим, дундаж, хурдан бууралттай хэмээн төсөөлөн гаргасан. Хурдан бууралттай буюу хамгийн муу төлвөөр 2021-2025 онд ТНК 2.82 гэж үнэлсэн бол 2025 он хүрээгүй байхад буюу 2023 оны дүнгээр ТНК 2.7 болж буурчээ. 2024 оны ТНК хараахан гараагүй ч өмнөх жилээс төрөлт 10 хувиар буурсан гэдгийг дээр өгүүлсэн. Ийнхүү урьдчилан гарсан төлвөөс хурдтай багасаж буй аж.

Гэтэл үнэн чанартаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой улс орны оршин тогтнох амин чухал асуудлын нэг нь хүн ам зүй байдаг. Тэгтэл хүн амын өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага, агентлаг манай улсад алга. Тэр ч утгаараа эл асуудал анхаарлын гадна явж иржээ.

Эцэст нь хэлэхэд, олон тэрбум, 100 сая давсан хүнтэй улс орнууд төрөлтөө дэмжсэн бодлого барьж байхад Монгол Улс өнөөдөр хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсчихжээ. Үүнд эрүүл мэнд, хүнс, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, эдийн засгийн өсөлт зэрэг олон асуудал яригдана гэдгийг эрх биш Монгол төр мэддэг байлтай…

Эх сурвалж: Newsmedia.mn

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.