ОХУ бензин, шатахууны экспортдоо хориг тавьснаас хойших хугацаанд АИ92 бензиний нөөц хоёр дахин, дизель түлшний нөөц гурав дахин багассан. Хоригт Монгол Улс багтахгүй хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас удаа дараа мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ хориг бол ХОРИГ л байсан шүү дээ, эрх баригчид аа!!!
Хоригт Монгол Улс хамаарахгүй гэсэн ганц үг үсэг байхгүй, байгаагүйг холбогдох баримт бичгүүд нотолно. Тийм байтал өнөөдрийг хүртэл яагаад үнэнийг хэлсэнгүй ирэв.
Хэдийгээр өнгөрөгч сарын 16-нд экспортын хоригоо цуцаллаа гэсэн боловч 500ppm-ээс бага хүхэртэй дизель түлш экспортод гарахгүй хэвээр байна. Бензинээс euro5 А92 нэлээд үнэтэйгээр нийлүүлэгдэх зөвшөөрөлтэй байгааг мэдээгүй байна гэж үгүй.
Euro5 A92-ыг нэрлэсэн үнээр нь болов оруулж ирье гэхээр ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР гээч элий цайз чинь тээг болж буй нь үнэн шүү дээ.
Хоригтой холбоотойгоор есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 6-ны хооронд бүх ачилт нам зогссон байсныг олон нийтэд хэлчихээр Ж.Ганбаатар сайд огцорчих гээд байгаа хэрэг үү. Өнөөдрийн байдлаар 500ppm-ээс дээш 2000-3000ppm-тэй дизель түлшүүд бага хэмжээгээр болов авах боломжтой ч төмөр замын асуудалтай гэдгээ хэлчихээр Засаг ганхчих гээд байна уу?!
Ийм нөхцөлд мэдээж импортлогчид жулдаж, Засгийн газар хоорондын яриа хэлцлийн түвшинд оччихож байгаа болохоор нарийн ширийн мэдээллүүдийг нийтэд хүргэчихвэл салбарын сайдаас эхлээд тайван хонохын эцэсгүй хөөгдөж туугдах биз. Уг нь энэ чухал салбарын бодлогыг чихрийн худалдаачинд бус часхийсэн политикийн тоглогчид хариуцуулсан байсан бол улсаараа хөлдөж үхэхдээ тулан уйлж суухгүй нь үнэн. Халуун намраар тавьсан хоригт Монгол Улс хамаарахгүй гэж дэмий чалчихын оронд хадаг аягаа бариад хойд хөрш рүүгээ гүйлгэхгүй яав, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! Нөхцөл байдал ингэтлээ хүндэрч, ОХУ 500ppm-ээс бага хүхэртэй дизель түлш экспортод гаргахгүй хэвээр байхад Ж.Ганбаатар хэнээс, юу хүлээн өдөр хоногийг хүлээнэ вэ… Одоо, муу дээр муу муухай дээр улцан гэгчээр эрчим хүч доголдоод эхлэх нь. Тоггүй ядрахад түлштэйгээ гэлдэрцгээвэл ядаж хээр очоод гал түлээд хэвтэцгээчих биз. Тиймээс чихрийн худалдаачингаа яаралтай сольж, хойд урд хөрштэйгээ дориухан хэлцэлд орчихож чадах хүнээ олж тавих нь нэн тэргүүний асуудал боллоо, эрх баригчид аа!!!
Ядаж байхад эффектийг нь тооцолгүй тоглосон ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР чинь өнөөдөр энэ улсыг үгүй хийхдээ хүрч байна.
Өнгөрсөн жил Сангийн сайд Б.Жавхлан гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Хоёр хуудас хүрэхгүй, цөөн заалт бүхий хуулиар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг чөдөрлөнө хэмээн баяртайгаар мэдэгдэхдээ эффектийг нь өнөөдөр ингэтлээ хүнд тусна гэдгийг урьдчилан тооцоолоогүй л биз дээ, Б.Жавхлан сайд аа!!!
Гол нэрийн бараа бүтээгдэхүүн гэдэг дотроо шатахуун АИ92-ыг нэр зааж ирээд хуульчлуулчихсанаа өдийд таг мартчихсан яваа юм биш биз. Гэрийнхээ крантнаас урсдаг ус шиг шатахуун, түлшний асуудлаар зоргоороо оролдсоны балгийг хэзээ хэрхэн засах вэ?!
Үнэ тогтворжуулах хөтөлбөр уг нь шинэ зүйл биш.
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар санаачлан хэрэгжүүлж, шатахууны нөөц бүрдүүлж байсан тухайн үедээ 50 төгрөгөөр хоёр удаа үнэ буурсан. Гэвч дэлхийн зах зээл дээрх баррель нефтийн үнэ өсөхөд эндэх олс тасарч, шатахуун түгээх станциуд өнөөдрийнх шиг байдалд орж байсныг мартсан нэгэн үгүй биз. Тэр үед ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР гэдэг цаг зуурын, арга ядсан арга хэмжээ гэдгийг хэн хүнгүй хүлээн хүлээн зөвшөөрч, бууж өгч байв. Монголбанк уг хөтөлбөрийн улмаас 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшийн алдагдал хүлээж, өнөөгийн эрх баригч МАН-ынханд ам руугаа алгадуулж байлаа. Тэр гашуун сургамжийн үед буюу АН засаглаж байхад Б.Жавхлан төвбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан атал өнөөдөр ийм хөгийн алдаа гаргаж, хогийн улстөрчийн дүр бүтээсэн нь харамсалтай.
Импортын бараа, тэр дундаа шатахууны үнэ хэд байхыг эрх баригчид бус дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ “мэдэж, шийдэж” байдаг гэдгийг захын тэнэг ч мэдэх зүйл.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон “Шатахууны үнийг зах зээлийнх нь зарчим руу шилжүүлнэ. Тодорхой хэмжээнд зохицуулалт хийж явсан. Өнгөрсөн хугацаанд үнийг барьснаар иргэдийн ачааг авч хаясан ч шатахуун импортлогчид 60-аад тэрбумын алдагдалд орсон. Тиймээс үнийг зах зээлийн жамаар нэмж, буулгадаг болгоно. Үүнд яам болон ШӨХТГ-аас хянана” гэж байсан ч хөрсөн дээр бус хөөсөн дээр тогтдог улстөрчид ажил хэрэг болголгүй хаясныг бид мэднэ.
Өдгөө АИ92 шатахуун хомсдож, харин АИ95 хэвийн түгээгдэж байгаа.
Энэ кэйс ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ элийрлийн зөв бурууг хэнд ч ойлгомжтойгоор харуулаад өгчихөж байна. Б.Жавхлангийн өргөн барьсан хуульд АИ92 шатахууны үнийг монголын нөхцөлд тохируулан барь гэсэн тул нефть импортлогчид гадна зах зээлд үнэтэй байгаа АИ92-ыг татан авч хохирол амсахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Шатахууны худалдан авалт, тээвэр, ажилчдын цалин, нийгмийн асуудлын өртөг нэмэгдээд Б.Жавхлангийн оноосон дүнд нэгэнт барих боломжгүй тул ямар наймаачин дампууран дампууран АИ92 чирч ирэх билээ.
Тиймээс зах зээлийн зарчмаар үнэ нь зохицуулагдаж буй АИ95-аа таслалгүй татаж, өдгөө нөөц нь ч хэвийн хэмжээнд байгаа нь зүй ёсны хэрэг.
Тэгэхээр улстөрд хөл тавьсан хэн нэг нусгай бензин, шатахуун гэдэг стратегийн бүтээгдэхүүнээр оролдож болохгүй гэдгийг эрх баригчид хатуу санаж, хийрхсэн нөхдийнхөө балгаас хоёр он солигдтол түлш болоод АИ92-ын татан авалт хэсэгтээ тасрах нь зайлшгүй гэдгээ зарлах нь үнэнд арай ойр байх биз ээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.