Монголын төрд нутаг нуга, жалга дов, ах дүүсээрээ фракц үүсгэж, давуу байдал, эрх мэдэл олж авдаг, дээшээ төрийн сэнтийд нэг л гарсан бол буухаа мэдэхгүй доошоо гар хөлөө томилдог бэхэжсэн гажуудалтай тэмцэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы танхимаас тодорхой мэдэгдсэн. “5Ш” ажиллагаа ч энэ хүрээндээ үр дүнгээ харуулж, төрийн хүний хувцас өмссөн урт гартай, олон нүүртэй, энд тэнд үүрээ засаж, үүцээ бэхэлсэн томилгоонуудыг түншиж унагасаар байна. Тодруулбал, Нүүрсний хэрэгт нэр нь гар нь хутгалдсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Хөгжлийн банкны гэх дуулиант хулгайд нэр нь тодорч, хуудуутай нь нотлогдсон БШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын мандаж явахдаа нутгийн сайн дүүгээ томилсон Монгол Улсын Филармонийн даргын суудал эзгүйрчээ. Сонгон шалгаруулалт зарласан байна. Соёлын байгууллагад ч хүчтэй саглайж ургасан албан тушаалтнуудын эрх ашиг, гар хөл, нутаг нугын эзэрхийлэлийг “Шүүр” ажиллагаа тун чиг гярхай олж тогтоогоод, хайр найргүй шүүрдэж байгаа бололтой. Амь нэгтэй Архангайн гишүүдийн энэ мэт эзэн сууж, тэлэн бойжуулсан албан тушаалтнууд салбар харгалзахгүй бий л байх даа.
Юутай ч Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ парламент хэлэлцэн батлана. Хуулийн уялдаа хамгаас чухал. Сиймхий, цоорхойтой хууль батлагдвал хулгайчдад оргон зайлах, өршөөгдөх шат нь болно. Юутай ч өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай болох суурь реформыг Ерөнхий сайд хийнэ гэдгээ зарласан. Тэгэхээр соёлын салбарт ч энэ реформыг хийж эхэлсэн нь Монгол Улсын Филармониос хэдийн эхэлсэн бололтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.