Хүүхдийн ханиад, томуу, хатгалгаа эмнэлгүүдийн ачааллыг дээд цэгт нь тулгаж байна. Монгол Улсын хэмжээнд ганцхан гэж хэлж болох хүүхдийн хамгийн том эмнэлэг болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал энгийн үеэс гурав дахин их байгаа нь ковидын үеийн эмнэлгийн ачааллаас ч илүү байна.
Тус эмнэлгийн үүдний коридор ч хөл гишгэх зайгүй, хаашаа л харсан өвчиндөө шаналан уйлах хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмнэлгийн үйлчилгээ авах санаатай дэмий л дугаарлан хүлээх нь эмгэнэлтэй. Үнэхээр Монголын төр ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хөсөр хаяж байна. Үүний эсрэг дуугарах, нийгмийн эмзэг асуудлыг хөндөн, УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг тавих, энэ чигийн ажлыг идэвхжүүлэх хүмүүс бол УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд. Гэтэл тэд эсрэгээрээ “Бид ханиад хүрчихсэн. Ажиллахад хэцүү байна. Өвчнөө эдгээчихээд удахгүй ажилдаа орно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэхүү хандлагаас нь харахад тэдэнд хүүхдийн өвчлөл хуруун чинээ хамаагүй бололтой. Өөрсдөө өвдчихсөн, төр, хувийн томоохон төлбөртэй эмнэлгүүдэд нэг муу ханиадаа эмчүүлэн яваагаа айхавтар хүнд өвдсөн гэж боддог бололтой. УИХ дахь эмэгтэй гишүүдийн хандлага ийм байхаар бусад нь энэ асуудлыг тоохгүй байх нь арга ч үгүй юм уу даа. Угтаа энэхүү парламент бол түүхэндээ хамгийн олон эмэгтэй улстөрчид сонгогдон ажиллаж байгаа гэдгээрээ онцлог. Гэвч сонгогдон гарч ирсэн эмэгтэй гишүүд нь өөрсдийн өнгө үзэмж, нэр алдар, ширээ сандалтай зууралдан эрэгтэй гишүүдтэйгээ эн тэнцүү улс төрийн “зодоон” хийж байна.
Сүүлийн үед нийгэмд хүүхдийн мөнгөний асуудал хэл ам болж байгаа. Энэхүү асуудалд ч эмэгтэй гишүүд маань дуугарсангүй. Тэд юуны төлөө энэхүү парламентад сонгогдон ажиллаж байгаагаа ер нь ухаардаг болов уу гэж бодогдохоор ажиллаж байгаа нь харамсалтай. Эцэст нь хэлэхэд, өөрсдийн хүүхдүүдээ гадаад, дотоодын хувийн өндөр төлбөртэй эмнэлэгт эмчүүлж байгаа хүмүүст ардын хүүхдийн амь, нас, эрүүл мэнд хамаагүй бололтой.
М.ОРГИЛ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.