Гал голомтоо сахин Монгол Улс оршсоор буй, ганганах шувуудын дуунаар түүх соёлоо дэглэсээр буй гэдгийг дэлхий дахинаа тунхаглах нь дээ. Монголын төр их эзэн Чингис хааны одонгоо дэлхийн хэмжээний эрдэмтэн, профессор, зохиолчид олгох тухай сайхан мэдээ чих дэлслээ. Болж байна, бодлого гэдэг чинь энэ шүү дээ. Цэнхэр гаригийн байдал ээдрээтэй болох тусам өчүүхэн хүн байтугай өндөр улс арчигдаж, монопол гүрнүүд шүлсээ залгин, шүдээ хурцлан жижиг орнуудыг ангуучлахад бэлэн байгаа энэ үед Монголын төр Чингис хааны 15 дахь одонгоо олон улсын хэмжээний эрдэмтэн, зохиолч Жак Уэтерфордод олгож, дэлхийн сонорыг дэлдийлгэх нь дээ. Чингис хаан бол аль ч цаг үед үлдээсэн улс, үргэлжлэх түмнийх нь хил хязгаар, хэв хамгаалалт байх учиртай юм. Тэр бол дэлхийн оюун санаа, үзэл бодол билээ. Тэгвэл үүнийг тунхаглан судалгаа өрнүүлж, зохиол бүтээлүүдээ туурвин, бестселлэр болтол нь өсгөн тэтгэсэн хүн бол ноён Жак Уэтерфорд. Түүний “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан-эрхэм дээд үнэний эрэлд”, “Хубилай хаан, Монголын усан замын цэрэг” нэртэй судалгааны дөрвөн том бүтээл нь олон сая уншигчдад монголчуудыг, Монголын эзэнт гүрнийг таниулсаар ирсэн. Тэр дундаа их эзэн Чингис хааны улс төр, эдийн засаг, батлан хамгаалах бодлого, энэ бодлогыг өнөөгийн том гүрнүүд хэрхэн хуулбарлан дуурайж буйг дурайтал үзэглэсэн байдаг. Түүний дөрөв дэх номыг найман хэвлэлийн газар хэвлэхээс татгалзаж, Жак Уэтерфордын Монголыг Чингис хаантай нь тунхагласан бүтээл хана мөргөж байсан түүх ч бас бий. Тухайн үед Монгол гэж улс байгаагүй, Хятадын нэг муж төдий гэсэн үзлийг дэвэргэн хөөргөгчид зохиомлоор Жак Уэтерфордын туурвин бүтээх ажилд саад учруулсан байж болох талаар монголч эрдэмтэд анзааран бичиж байлаа. Эцэст нь ес дэх хэвлэлийн газар түүний Чингис хааны үлдээсэн оюун санааны их өвийн тухай бүтээлийг хэвлэж, тэр даруй бестселлэр болж шуугиулсан түүхтэй. Энэ эрхэм хүн “Миний оюун санааны эх орон бол Монгол Улс” хэмээн ярилцлага өгч, хаана явсан газар, хэзээ туурвисан цагтаа ямагт Монголыг сурталчилсаар өнөөг хүрчээ. Жак Уетэрфорд өөрийн нэрийн сантай, түүгээрээ дамжуулан түүх соёлоо дээдэлсэн хүмүүсийг шагнадаг. Энэ шагналыг нь манайхаас түүхч Өлзийбаатар гуай авч байсан удаатай. Жак Уэтерфордын хэлдэг бас нэг үг бий.
Чингис хаан өнөөгийн монголчуудад хоёр том өв үлдээсэн. Тэр нь монгол бичиг, Монгол Улс, түүний төлөө тэмцээрэй хэмээн энэ эрхэм хэдэнтээ ярилцлагадаа дурдсан нь байдаг. Тэрээр Чингис хааны үлдээсэн хүн төрөлхтний оюун санааны их өвийг тээгчид нь өнөөгийн монголчууд юм хэмээн үздэг нэгэн билээ. Их эзний үлдээсэн Монгол Улс оршин тогтнож, их эзнийг магтан тунхаглаж, түүх соёлыг нь түүчээлэн туурвигч эрхэмд төрийн дээд Чингис хааны одонгоо гардуулж байгааг дэлхий сонсог, дэндүү хайрлам орон улсад минь дархлаа болох болтугай! Үүнээс хойш олон улсын хэвлэлийн агентлагууд, түүний лекц уншдаг тэргүүлэх их сургуулиуд Чингис хааны одонт, профессор Ж.Уэтерфорд гэж бичиж мэдээлж, зарлах нь байна шүү дээ. Энэ чинь л агуулга, амин чанар юм. Чингис хааны одон ийнхүү дэлхийн хэмжээний шагнал болж, зэрэг ахиж, зэвт сум мэт шуугих нь дээ, хурай, хурай…
Нийтлэлч Р.Эмүжин
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.