Дараагийнх нь Оюу толгой. Оюу толгой бол олон том улстөрчдийн эрх ашиг орсон, дийлэхэд бэрх хадны мангаа, аварга төсөл. Монголын боловсролтой гэгддэг, тэр боловсрол мэдлэгээ Монголын хөгжлийн төлөө зориулна даа гэж ард түмэн итгэж найдаж байсан, төрд сонгож явсан хүмүүс нь бүгд оролцсон. Баруунд олж авсан боловсролоо эх орноо тонон дээрэмдэхэд зориулсан хүмүүсийн тод дүрүүдтэй төсөл. Эдгээр нэр бүхий хэсэг улстөрчид Оюу толгой дээр онцгой цэвэрхэн луйврын ажиллагаа явуулсан нь одоо нийгэмд маргаан дагуулсаар, талцуулсаар байна. Эв эрүүл схемдээ одоо л орж байгаа хамгийн гоё, Монголын аврах төсөл.Гэхдээ эцсийн үнэнг энд бас хэлэх ёстой. Хуулийг ашиглаж, хуулийн цоорхойгоор Оюу толгойгоос ухаалгаар “юм”-аа аваад сурчихсан бүлэглэлүүд өнөөдөр ч ордонд оршсоор байгаа нь гунигтай байгаа юм. Энэ ухаалаг луйварчидтай, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан нөхдүүдтэй тэгээд хэн тэмцэж ард нь гарч чадна гэж. Үүнд нийгмийн учир мэдэх хэсэг бухимдаж байсан. Оюу толгойгоос олз олдог хэсгийнхэн одоо Л.Оюун-Эрдэнийг зүхэж байна. Үүндээ нийгмийн тодорхой хэсгийг ч ашиглаж байна. Л.Оюун-Эрдэнэ дийлдээгүй шалтгааныг энд маш товч, тодорхой хэлье. Л.Оюун-Эрдэнэ-Оюу толгой хоёрын тулаан бол Монголд биш, Олон улсад өрнөсөн үйл явц. Тэгэхээс ч өөр арга түүнд байгаагүй. Хэрэвзээ Монголын хуулиар, Монголоос халихгүй өрнөсөн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёстой “алуулах” байсан. Риогоос “Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн” гэх Монголд ашигтайгаар эргэсэн таван зүйлт шийдвэрийг үндэстэн дамнасан тэр аварга компани яагаад гаргав. Тэд яагаад бууж өгөв. Л.Оюун-Эрдэнэ Монголын тайзан дээр тэдэнтэй тогловол дотоодын луйварчидтай хавсраад түүнийг нам цохих учраас Олон улсад нээлттэй заргалдсан юм. Олон улсын анхаарлын төвд, Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр үзэлцсэн хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээж авахгүй л бол Рио Тинто групп нь Олон улсын хөрөнгийн бирж дээр Монгол дахь нэр хүндээсээ болж унах, бүх хувьцаа нь шалан дээр очих нөхцөлд хүрсэн. Тэднийг тийм хүнд байдалд оруулж чадсан. Үнэндээ аваргуудыг ингэж буланд шахсан нь Л.Оюун-Эрдэнийн үйлдэл. Үр дүн нь эх оронд тодорхой ирлээ. Өмнө нь Монголын тал төлөхөөр тооцоолж байсан 22 тэрбум долларын өр үүсэхгүй болсон. Улмаар Монголын талын 34 хувийн үнэ цэн өсч, ногдол ашиг цаг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн. Өнөөдөр гүний уурхай нь эхнээсээ ажилд орлоо, Монголын эрчим хүчний системээс эрчим хүчээ хангах гэрээ хийгдэж эхэллээ… Монголд эерэг тусах олон олон үр дүнгүүд өдөр сараар наашилж байна. Оюу толгой дээр огт өөр зарчим, хандлагатай нөхөр давхиж очно гэж зүүдлээ ч үгүй Риогийнхны алдаа, Монголын хожоо. Нөхдүүд Монголын Засгийн газрын тэргүүн гэж өмнөх шигээ юмнууд ирнэ гэж тооцсон. Өмнөөс нь барих технологи нь бэлэн. Гэвч шударга ёсны дүрмээр Оюу толгойтой тоглосон нь энэ.
Гурав дахь нь Хөгжлийн банк. Л.Оюун-Эрдэнийн журмын нөхдийн хөгөө хөлдөө чирсэн хэрэг явдал. Намын дарга, Ерөнхий сайд тэрээр заримдаа найзуудаасаа ичдэг, хэлэх үггүй болдог байх. Монгол Улсын хөгжлийн түүчээ болох мега төслүүдийг санхүүжүүлэх ганцхан зорилготой, хуулиар баталгаажсан үүрэгтэй энэ банкийг МАН-АН-гүй хуваагаад идчихсэн. Эгээтэй эхнэртээ булган дээл авч өгөх гэж Хөгжлийн банк руу гүйгээгүй гэж найдъя. Зарим нь ч авсан бололтой юм билээ дээ, шившигүүд чинь. Үүнтэй Л.Оюун-Эрдэнэ яагаад ч эвлэрч чадаагүй. Хөгжлийн банкийг уудалж дэлгэлээ. Монголын нийгэмд ийм бузар булай луйвар дээрмийг эрх мэдэлтнүүд хийжээ гэдгийг зарлалаа. Хуулийн байгууллагад нөхдөө өглөө. Энэ банк Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ингэж дэлбэрэх, дэлгэгдэх газар яавч биш. Тэнэгүүд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг системдээ оруулаагүйгээс тэнэгтэж баларлаа, бас баригдлаа гэж заримдаа бодох юм байна шүү дээ. Л.Оюун-Эрдэнээс сүүлд улс төрд орж ирсэн нөхөд нь хүртэл дор хаяж 30 тэрбумыг Хөгжлийн банкнаас туусан байх юм. Бүгдтэй нь хамт улс төр хийж явсан Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хуруугаа дүрээгүй байна гэхээр ерөөсөө итгэхгүй явсан ч өнөөдөр бол итгэж байна. Тэр оролцоогүй юм байна, оролцдоггүй учраас нээнтэггүй, нэр цэвэр улстөрчийн хийдэг тэмцлийг хийж байна. Хөгжлийн банкинд шударга ёсыг тогтоож эхэлснээр нэг зүйлийг сайн ойлголоо. Өнгөрсөн жилүүдэд энэ улс орныг улстөрчид удирддаг гэсэн бодолтой явж ирж. Тэгсэн үгүй юм байна, энэ улс орныг улстөрчид биш, энэ хэдэн банкны эзэд удирддаг байжээ. Үүнийг ард түмэн эхнээсээ ойлгохтойгоо боллоо. Одоо бол Л.Оюун-Эрдэнэ гэж улстөрч Монгол Улсыг удирдаж байна.
Одоо түүний дөрөв дэх “удар” юу байх вэ. Үүнийг олон хүн хүлээж байна. Ер нь бол Таван толгой л байх болов уу. Байгаасай ч гэж хүсч байна. Яагаад гэвэл яг яваад орчих зан чанар түүнд байна. Хэрэв тийм бол Таван толгойн нүүрснээс шанага шанагаар авч амташсан улстөрчдөд тэр дайн зарлана. Хариугүй зарлах гээд ч байгаа юм шиг мэдрэмж бас төрөөд байгаа шүү. Тэр зүгт анхаарлаа хандуулж эхэлсэн нь түүний цочир мэдэгдлүүдээс харагдах боллоо. Таван толгой хавийг өмнөх гурав шигээ хуулийн хүрээнд онгичиж, хууль ёсыг хэрэгжүүлж чадах ганц тэнэггэдгийг “аваргууд” мэдэх болсон учраас түүнээс маш их болгоомжилж байна. Тэр хэрээрээ зүхэж, харлуулж байна. Хууль дүрмийг уландаа гишгэсэн бүгдийг Ерөнхий сайд байгаа дээрээ арчиж хаяна гэсэн зарчим түүнд үйлчилж байна. Таван толгойгоор хөрөнгөө зузаалж ирсэн улс төр-бизнесийн аварга том бүлэглэлтэй Л.Оюун-Эрдэнэ одоо тулалдах нь магадгүй Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банктай зүйрлэх эцэсгүй бузар булайн үүр уурхай руу орж байгаа хэрэг байх. Том хүч түүний өөдөөс хөдөлнө. Тэр цуцаж мэднэ, гэхдээ цөхрөхгүй байх. Шударга ёсыг эхлүүлсэн улстөрч хүн замын дунд зогсвол сөнөдгийг Харвардад заалгаснаасаа илүү хажууд байгаа нөхдөөсөө мэдэрч байгаа байлгүй дээ. Ханаж цадахгүй байгаа луйварчдаас Таван толгойг салгаж Монголын эрх ашиг болгох нь магадгүй Л.Оюун-Эрдэнийг одоо хүлээж буй хамгийн том тулаан юм. Харин энэхүү тулааны ард гарч чадвал элдвээр хэлэгдэж яваа энэ хүүтэй монголчууд юу ч ярих хэрэггүй, дуугүй л дагаад хэсэгтээ алхацгаая…
Нийтлэлч Хашчулуун