Л.Ганбат: Шалгалтын оноогоо шилэн технологи ашиглан харах боломжтой

2022-06-22 Uncategorized

Орон даяар маргаашнаас ЭЕШ эхэлнэ.Тиймээс энэ жилийн шалгалтын онцлог,  дүрэм журмын өөрчлөлт, сурагчид юуг анхаарах ёстой талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд ЭЕШ-д хэдэн сурагч хамрагдаж байна вэ. Үүний хэдэн хувь нь орон нутгийн сурагчид байгаа вэ?

-ЭЕШ-ыг 2006 оноос хойш зохион байгуулсан. Жил бүрийн шалгалтын зохион байгуулалт, агуулга, арга зүйн хувьд ахиц дэвшил, өөрчлөлтүүд гарсаар байна. ЭЕШ-д 36253 шалгуулагч хамрагдахаар  бүртгүүлснээс 29093 нь энэ жил  XII ангиа төгсөж байгаа сурагчид байна. Харин 7100  гаруй нь өмнөх онд төгссөн төгсөгчид. Нийт бүртгүүлсэн хүүхдийн 60 гаруй хувь нь орон нутгаас хамрагдаж байгаа. Харин ЭЕШ-д хамрагдсан тоогоор Дархан, Хөвсгөл, Орхон аймаг тэргүүлж байна. Бид энэ удаа улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлтгэсэн. Үүний 23 нь орон нутагт.

-Агуулга, дүрэм журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Ирэх жилийн ЭЕШ-ыг  агуулгын хувьд өөрчилж олон улсын шалгуурт дөхүүлэх ажлуудыг хийж байна. Шалгалтын явцыг  шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө олон нийтэд нээлттэй хүргэнэ. Энэ жил тухайн суралцагч өөрийн сонирхсон  мэргэжлийн хүрээнд 10 хичээлээс 3-4-ийг сонгож шалгалт өгч байгаа. Харин  ирэх жилээс хүүхэд бүр математик, монгол хэл, англи хэл, байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн таван хичээлийг заавал өгөхөөр зохицуулалт, судалгаа хийж байна. Хичээл бүр нь дотроо сонголтуудтай. Тодруулбал, нэг  нь заавал суралцах агуулгын хөтөлбөрийн хүрээнд сонгогдох бол хоёр дахь нь сонгон суралцах агуулгын хүрээнд байна гэсэн үг. Харин байгалийн ухаан нэг, хоёр, гурваас сонгож өгөх боломжтой. Энэ нь хими, биологи, физик  суурьтай байгалийн ухааны нэгдмэл агуулгаас сонгоно гэсэн үг. Харин энэ жилийн хувьд  ЭЕШ  хэд хэдэн онцлогтой. Арванхоёрдугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь дүн, оноогоо ахиулахыг хүссэн, ямар нэгэн зайлшгүй  шалтгааны улмаас ЭЕШ-д орж чадаагүй сурагчдад дахин шалгалт өгөх боломж бүрдэнэ. Үүнтэй холбоотойгоор олон улсын шалгалтын дүн, оноог ЭЕШ-ын оноотой  дүйцүүлэх журам саяхан батлагдсан.

-Шалгалтын дүн хэзээ гарах вэ. Шалгуулагчид хэрхэн, хаанаас батламжаа авах вэ ?

-Энэ жил ЭЕШ-ын батламж хуудсыг цахим болгосон. Тэгэхээр шалгалтын дараа  дүн оноогоо шилэн технологи ашиглан харах боломжтой. Харин энэ сарын 28-нд буюу улсын хэмжээнд ЭЕШ дууссаны дараа хүүхдүүд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас шалгалтын дүн, онооны батламж хуудсаа хэвлэж авах боломжтой гэсэн үг. Олон улсын  үнэлгээний  аргачлалын дагуу дөрвөн үзүүлэлтээр оноог гаргана.

-Монгол хэл бичгийн шалгалт нь босго оноонд хүрээгүй тохиолдолд ЭЕШ өгөх боломжтой юу?

-Монгол хэл бичгийн шалгалтыг жилд гурван удаа зохион байгуулахаар болсон.  Тиймээс арваннэгдүгээр сард дахин авна. Энэ жилийн хувьд монгол хэл бичгийн босго оноо 400 байсан. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард авсан хоёр удаагийн шалгалтад босго оноонд хүрээгүй сурагчид  ЭЕШ орох эрх нь нээлттэй. Харин энэ хичээлийн жилд дотоодын их сургуульд элсэх боломжгүй.  Монгол хэл, бичгийн шалгалтаа дахин өгч байж элсэх боломж бүрдэнэ гэсэн үг. ЭЕШ-ыг  хоёр удаа авч байгаатай холбогдуулж их, дээд сургуулийн элсэлтийг 2022-2023 оны хичээлийн жилд намар, өвөл гэсэн хоёр зарчмаар авахаар зохион байгуулалтыг хийж байна.

-Шалгалт өгөхөд хүүхдүүдээс гадна эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Энэ жилийн хувьд COVID- 19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд сургалтын хоцрогдолтой  байгаа. Тиймээс өөрийн хүссэн дүн, оноог авч чадахгүй байх вий гэсэн айдастай тулгарч байна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын айдас, стресс бухимдлаа хэрхэн давах тал дээр мэргэжлийн  сэтгэлзүйчид ажиллаж зөвлөгөө өгч байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарч, шалгалтын өгөхийн өмнөх өдрүүдэд амраах хэрэгтэй. Сурагчид шалгалтын өмнө сэтгэл санаагаа тайван байлгах шаардлагатай. Шалгалт өгөхдөө шаардлагатай бичиг баримтаа  бүрдүүлэн, хоцрохгүй  байх. Мөн нийслэлд  ажлын өдрүүдэд шалгалт авч байгаа учраас түгжрэлийг тооцоолж ирээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.