Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрчим хүчний нүүрсний үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Адуунчулуун” ХК-ний төлөөлөл” Бид өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд нэг тонн нүүрсийг 12600 төгрөгөөр борлуулж байна. Гэтэл өнөөдөр Монголд 12600 төгрөгөөр нэг таваг хоол авч идэж чадахгүй. Манай компани хувьд сүүлийн дөрвөн жилд 2.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал нэг тонн нүүрс тутмаас бид 4752 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, банкны зээл гээд 600 гаруй сая төгрөгийн өртэй. Ийм их алдагдал дунд бид зүүн бүсийн эрчим хүчийг таслахгүйн тулд алдагдал хүлээж ажиллаж байгаа. Тиймээс Засгийн газарт нэн даруй нэг тонн нүүрсний үнийг хорин мянган төгрөг болгох шаардлага хүргүүлж байна” гэв.
“Багануур” ХК-ний Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга О.Бат-Ирээдүй” Манай компани төвийн бүсийн эрчим хүчний 50 хувийг хангадаг. Бидний хувьд 2019 онд 7.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жилийн хугацаанд төлж чадаагүй. Энэ нь компанийн эдийн засгийн алдагдалтай хамааралтай. Нүүрсний үнийг төрөөс хатуу барьж байгаа нь хууль зөрчихөөс өөр аргагүй байдалд хүргэж байна. Мөн бид олон жил ажилласан боловсон хүчнээ алдаж байна. Ажлаас гарах хүсэлтээ өгч байгаа залуус цалин мөнгө хэцүү байгаа учир явж байгаа. Иймд нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол бид ажил хаялт зарлаж дараагийн арга хэмжээ авна” гэлээ.