“Хуланг дэлхий нийтэд ихэвчлэн зэрлэг илжиг гэдэг юм. том толгойтой, урт чихтэй, шодон сүүлтэй. Унгалдахгүй, харин илжиг шиг орилж чадна.
Тэд сүрэглэж амьдарна. Сүргийг азарга захирч бусдыгаа чихний аясаар залдаг. Тэр “ноён” өөрийн үр төлөө гишгэдэггүй. Энэ нь амьтны ертөнцдөө бол тун боловсон зан юм. Тэгэхдээ тэднийгээ сүрэгтээ байнга агуулаад явдаггүй. Охиноо гурван нас, хүүгээ хоёр нас хүрмэгц сүргээсээ хасч хөөдөг. Эмийг нь азарганууд булаацалдаад авах нь мэдээж. Эр нь ад үзэгдэн, хөөгдөж туугдаж явсаар хязаалан наснаасаа ганц хоёр гүү олж өөрийн сүргийг бий болгож эхэлдэг байна.
Гүү зуны дэлгэр цагт унагалдаг. түүнийг унагалж байхад бусад нь тойроод зогсчихдог аж. энэ нь элдэв дайснаас хамгаалах, бас нөмөрлөж байгаа хэрэг юм. Хулангийн унага босоо төрдөг гэж ярьдаг. Ер нь ч элсэн дээр уначихаад долоолгуулж байх боломж тун хомс. Байнгын түгшүүр, байнгын зугталт, байнгын болгоомжлол энэ амьтдын ердийн дүр зураг. Тийм учраас төрөөд нэг цаг болсон унага эхийгээ дагах чадвартай болсон байх ёстой.
Зарим гүү говийн гүн рүү зугтааж унагалдаг. Тэгэхдээ шилэрч байгаа хэрэг биш. Энэ эхэд нэг зовлон байна. Түүний хэвлийд өөр азарганы унага байгаа ажээ. Хэрэв тийм ахул ингэхээс өөр аргагүй. Хартай азарга өөрийн унага мөн бишийг андахгүй. Хоноцын хүүг бол босоогүй байхад нь дэвсэж орхино. Тийм учир зовлонт эх унагаа даага болтол хулан л харагдвал зугтаж байдаг үйлт нэгэн болдог ажээ.
Ер нь хулангийн унага эх хоёрт зовлон их бий. Хавар хээл хүндэрсэн үед чонын сүрэг довтолно. Зугтаж л таарна. Хөөлт удаан үргэлжилбэл олон боос гүүнүүдээс аль нь хээлээ сайн хавчиж чадах, аль нь хөгжил сайтай ураг тээж байна гэдгийг шалгах шалгуур болж хувирдаг. Яагаад гэвэл эдний дундаас нэг нь унагаа давхиан дундаа зулбан орхиж сүргийг авардаг юм. Тэр хамгийн дорой бойжилттой ураг байж таарна. Чононууд зулбадас булаацалдаж байх хооронд сүрэг хэдэн гүвээ давж амжина.
Унага нялх байхад бас л үргэх хэрэг гарна. Гүүнүүд унагаа цээжин дороо авч дэл хөхөл мундаанаас нь амаараа зууж хэнхдэгээрээ түрэн дэмнэж, зугтаана. Унаганд эцэх эрх байхгүй. Шургачиж ойчвол дууслаа гэсэн үг. Эх аврахыг оролдовч азарга эхийг сүргээс сууж үлдэхийг зөвшөөрөхгүй. Тийм учир хөөрхий эх унагаа унагачихгүйн тулд дэлнээсээ байдгаараа зуучихсан бусдаас хэд дахин их хүч гарган давхиж аюулаас мултардаг байна.
Сүргийн азарга хөгширч эхлэх нь бас нэгэн түгшүүр авчирна. Нэг л шөнө идэр залуухан азарга давхин ирж эзэн суудаг байна. Хөгшин азаргыг шилдэн өвдөглүүлж хоёр нүдийг нь булдруу болтол тангарч хаядаг. Залуу азарга эхийгээ дагаж ирсэн унагануудыг толгой дараалан цавчиж ална. Энэ бол амьтны ертөнцөд байдаггүй булай авир юм.
Энэ муухай авир түүний тохойн чинээ сэлдийтэй холбоотой. Ийм хэрэгсэл савлуулсан амьтанд гучин гүү ч цөөднө. Түүний амьдралын утга учир ердөө л гүүнийхээ тоог нэмэх, тэднийгээ бусдад алдахгүй байх. Ингэхийн тулд эр сүвтэй бүгдийг хардаж, тэднээс зугатааж амьдардаг амьтан болгож хувиргажээ.
Хэдэн гүүгээ тууж улам бүр хулжсаар л байна. Улам бүр зожгирсоор л. Шөнөөр бэлчээрлэнэ. үүрээр усанд орж өдөр хамгийн алс бөглүү газар очиж амарна. Тэр нь орчлонгийн цэнхэр хязгаар. Бас улнаас нь төөнөсөн улаан цөлд босоогоороо л унтацгаадаг аж. Унаганууд эхийнхээ гэдсэн доор, хөл дээрээ зүүдэлцгээнэ. Холын бүдэг хангайн зүгээс хааяа нэг салхи сэвсхийнэ. Өвөг дээдсийн амьдарч байсан устай, ургамалтай, сэрүүн тал нутаг зүүдэн дунд сүүмэн, сүүмэн. хар хор, зовлон жаргал буцалсан түгшүүрт амьдрал түр зуур зогсох мэт чив чимээгүй. Гэтэл гэнэт, харуулын хөгшин гүү хамраараа часхийтэл шүгэлдэхэд сүрэг дэрхийн сэрдэг. Ямар аюул айсуй вэ? Хүн үү? Чоно уу?! эсвэл ясны хонзонт азарга уу?
Хулангийн тоос дахиад л тэнгэрт хадаж эхэлнэ.
Ж.Мягмарсүрэн “Унагаа зуусан хулан” номноос
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.