Томилолтын сурвалжлага
Өмнийн цэнхэр говийн хязгааргүй үргэлжлэх элсэн манхан дунд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох амбицтай Оюу толгойг өнгөрөгч өдрүүдэд мэргэжил нэгт нөхдийн хамт зорьсон тэмдэглэлээ сийрүүллээ.
Дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх эл үйлдвэр жилийн дөрвөн улирлын өглөө орой, шөнө өдрийн хэзээд ч чимээ нь үл тасарна. Хүнгэнэн дуугарах аварга том техник механизмуудыг харахад л сүрдэм, бишрэм. Үүнийг хөдөлгөх 20 мянга гаруй ажилтан 12 цагаар ээлжлэн ажиллаж байна. Тэдний 97 хувь нь баялагийн эзэн монголчууд төдийгүй 25 хувь нь орон нутгийн иргэд аж. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөж буй гэнэ.
Мэдээж тус уурхайн хамгийн гайхалтай хэсэг бол 1300 метрийн гүн дэх бүтээн байгуулалт. Тус уурхай нь Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 хувийг ашиглах гүүр болж, өнгөрсөн онд гэхэд л 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. Харин энэ онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.
Энэхүү гүний уурхай нь тээвэрлэлт болон агааржуулалтын дөрвөн босоо амтай бөгөөд 124 ширхэг хүдэр буулгуур болон нийт 200 км гаруй туннелтэй аж.
Энд нэг зүйлийг онцлоход, гүний уурхайн амин сүнс нь яах аргагүй үйлдвэрлэлийн босоо ам буюу Оюу толгойчуудын хэлж заншсанаар “цамхаг” юм. Энэхүү цамхаг нь дэлхийн уул уурхайн орчин цагийн техник технологи, стандартыг иж бүрэн шингээн Өмнийн говьд анх удаагаа нутагшсанаараа онцлог байгууламж. Тэр дундаа манай үндэсний инженер, техникчид, ажилчид бүтээн босгожээ. Тодруулбал, эл бүтээн байгуулалтад үндэсний 50 гаруй компани оролцож, нийт 2500 гаруй хүн 2.6 сая цаг аюул осолгүй ажиллажээ.
Уг босоо байгууламж нь 96 метр өндөр, 1284 метр гүн буюу Шангри-Ла зочид буудлын барилгыг 15 удаа давхарлаж өрсөнтэй тэнцэх аж.
Үйлдвэрийн ам нь үйлчилгээний болон хүдэр олборлолтын зориулалт бүхий хоёр өргүүртэй. Үйлчилгээний өргүүрийн тээврийн хөнөг нь дотроо хоёр давхар бөгөөд нэг удаад 300 хүн тээвэрлэх хүчин чадалтай аж. Ингэхдээ гүний уурхайн 1.3 км-ын түвшинд ойролцоогоор гурван минут явж хүрдэг байна.
Энэхүү Монголд анх удаа хэрэгжүүлж буй 1300 метрийн гүнээс газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургын дэвшилтэт системийг ашиглаж буй юм. Найман км урттай энэхүү систем нь өдөрт 95 мянган тонн хүдэр тээвэрлэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлээд зогсохгүй, байгальд ээлтэй, ухаалаг шийдэл болохыг уурхайчид онцолж байлаа.
Газрын гүн дэх уурхайд бүсгүйчүүд ч хоёр давхар байшинтай дүйцэхүйц өндөр, хүнд даацын машиныг сурмаг жолоодно.
Харин Оюу толгойн ил уурхайн тухайд, өдөрт 100 мянган тонн хүдэр олборлож байна. “Оюут”-ын уурхайн тэсэлсэн чулуулгийг дөрвөн том хутгуурт ачигчаар ачиж, 320 тоннын даацтай 30 машинаар зөөдөг аж. Эдгээр техник нь манай уул уурхайн салбарт хамгийн томд тооцогддог юм.
Энд хамгийн анхаарал татсан зүйл нь хүдрийн биет зөөдөг өөрөө буулгагч гэх хүнд даацын машин байв. Тус машины өөрийн жин нь 200 тн бөгөөд нэг явалтаар 300 тн хүдрийн биет зөөвөрлөх хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, эл бүгд нийлээд 500 тн гэхээр ажлыг бол умалзуулж буй биз.
Түүнчлэн тус уурхай нь 2028-2030 онд гүнийн болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байгаагаа мэргэжилтнүүд нь онцолсон юм. Өөрөөр хэлбэл, оргил үедээ өдөрт 17 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох зорилттой ажиллаж байна.
Хэрвээ тэдний том зорилт ажил хэрэг болж, уурхайн техникийн хүнгэнсэн чимээ их говьдоо цуурайтаж байвал 2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.долларт хүрэх болно.
Дашрамд, тус сурвалжлагын үргэлжлэлийг NEWSMEDIA.MN пэйж хуудаснаас видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү.
2025-07-4
2025-07-4
2025-07-2
2025-06-26
2025-06-26
88001
32543
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.