ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: Муу үг муу ҮР ДАГАВАРТАЙ, өөрт нь төдийгүй өрөөл бусдад ХОРЛОЛТОЙ

2026-04-30 Нийгэм

Хэрүүл, хараал хэлдэг хүмүүс их болсон. Зам дээр түгжирсэн ч биенийгээ доромжлох, бүдүүлэг үг хэрэглэх нь гэм биш зан. Үүнийг “Хэлний нүгэл хурааж байгаа юм” хэмээн Д.Нацагдорж хамба тайлбарлав.

Тэрбээр “Муу үг хэллэг муу үр дагавар авчирдаг. Өөрт нь ч өрөөл бусдад ч муу нөлөөтэй. Хүний амнаас гарч байгаа муу муухай үг хэллэг, агаар мандалд дуу авианы кодоор цацарч, лус савдагт хүртэл нөлөөлдөг юм билээ. Надад нэг хүн ирээд ингэж хэллээ. “Би нэг хүнтэй хэл ам хийсэн юм. Түүнээс хойш бие маань өвдлөө. Тэр л надад муу юм хийчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би “Тэр хүн чамайг хорлоогүй ээ. Та хоёр муу үг хэлсэн нь үнэн байна. Чи тэр хүнээ битгий буруутга. Ад тотгор хорлогч нар, лус савдгууд хэрүүлд дургүй. Хэрэлдээд эхлэхээр нь хоёуланд чинь дургүйцээд хорлочихжээ. Чи зовж байгаа бол нөгөө хүн чинь бас зовж байгаа. Хэрүүлийн үгний кодыг тэд маш өөрөөр хүлээж авдаг юм байна. Та хоёрын дундуур савдаг давхиж орж ирээд хорлочихжээ. Чи харин ном засал хийлгээд, сэтгэлээ сайхан ариусга. Тэгээд наад хорлол чинь арилах нь дамжиггүй” гэсэн. Энэ талаар мэдэхгүй хүмүүс “Хүнд дээрэлхүүлэхгүй, эргүүлээд янз бүрээр хэлнэ” гэдэг. Өөрөө харин бурууддаг.

Монголчууд ерөөл өргөдөг, сайхан үг хэлдэг ард түмэн байсан шүү дээ. Таагүй юм тохиолдсон ч “Ээ, буянаа нэм” гэдэг. Энэ чанар бидэнд дутагдаад байна. Сайн үг хэлж чадахгүй үедээ жаахан тэвчээд, дуугүй болчихгүй юу. Хэсэг хугацаа өнгөрөхөд тайвшрах байлгүй дээ. Сайхан буянтай хүмүүсийн хэлж байгаа ерөөлийг монголчууд алгаа дэлгээд хүлээж авах хэрэгтэй. Надад хүмүүс сайхан ерөөл хэлдэг юм. Би “Ерөөл бат оршиг” гээд хариу ерөөдөг. “Урт насалж, удаан жаргаарай. Таны ойр орчим бүгдэд миний ерөөл хүртэх болтугай. Адис жанлав нь буух болтугай” гэдэг.

Энэ замбуутив зовлонгийн мөн чанартай. Бурхан багш замбуутивийн амьтдыг гэгээрэлд хөтлөхөөр хамгийн хүнд үүрэг даалгаврыг авч, сайн цагийн мянган бурхдын дөрөв дэх болж, цөвүүн цагийн амьтдын тусыг бүтээхээр бусад 999 бурхдаас 500 их ерөөл илүү талбин байж заларсан байдаг. Тийм ч учраас Буддын сургаалд айлдсанаар “Орчлонд зүүний үзүүрийн төдий амгалан үгүй. Орчлонгийн жаргал бол урвадаг зовлон. Хүн гэдэг чухал, сайн төрөлд төрчихөөд орчлонгийн муу муухай балчиг шаварт хутгаж буруу, нүгэлт явдлаар эрдэнэт хүмүүний амьдралыг барж дуусгах уу, чухал төрлийн мөн чанарыг ойлгоод зөв, сайн явдлаар орчлонг туулах уу гэдэг хоёр зам бий гэж би ойлгодог” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.