Хүчирхийлэлд зөвтгөл байхгүй
Б.Сүндэръяа нийгэмд шүгэл үлээчихлээ. Тэр хэн ч байж болно. Түүнийг өнөөдөр олон бүсгүйчүүд алдаа, оноотой нь дэмжиж байна. Эцсийн цэгт энэ бүсгүйн зориг гарган хөндсөн сэдэв, хийсэн үйлдэл, хэлсэн үг нийгэмд яах аргагүй булшлагдаж, далдлагдсан асуудал байж. Тийм ч учраас түүний эхлүүлсэн хүчирхийллийн эсрэг аянд олон хүн гар өргөж буй юм. Харин нөгөө талд Б.Сүндэръяагийн хэлсэн ярьсан болгон хуулийн өмнө зүй ёсоор батлагдаж, Ц.Анандбазар гэдэг хүний буруутай үйлдэл хөдлөшгүй баримтаар нотлогдохыг хүлээн, байр сууриа илэрхийлэхээс түдгэлзэж буй албан ёсны байгууллага, хувь хүмүүс олон бий. Юутай ч хоёр талын асуудал хэрхэн, яаж шийдэгдэх нь хамаа алга. Хамгийн гол нь нийгэмд нэгэнт хүчирхийллийн эсрэг ийм нэгдмэл уур амьсгал бүрдсэн болохоор бэлгийн дарамт амссан бусад охидууд хуулийн байгууллагад ханд, хэвлэлд ханд. Зоригтой бай. Одоо л нэгдэж чадсан дээрээ эл сэдвийг “булшлая”. Эцэст нь цаг өөр болсон. Хүмүүс ёс зүйгүй, шударга биш, бүхнийг мөнгөөр шийдэж болдог гэсэн дээрэнгүй үзэлтнүүдээр удирдуулах дургуй болсон гэдгийг гэмтнүүдэд нийгмийн эл үйлдлээр зүрхэнд нь тусгая.