Олон улсын ахмадын баяр энэ сарын 1-нд болсонтой холбоотойгоор “Зууны мэдээ” сонин ахмадуудын өдөр өнжүүлэх төвийн талаарх сурвалжлага, тэдний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс хэрхэн анхаарч байгаа талаар нийтлэл хүргэсэн. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлдэг Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт өнгөрсөн онд 884 ахмад хамрагдаж, нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан гэж ХНХЯ-наас мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр ахмадуудыг ажилд авах газар байхгүй байгааг бид хөндөж бичсэн билээ. Харин энэ удаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэмээх төрийн байгууллага ахмадуудад зориулсан ямар халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа талаарх нийтлэлээ хүргэж байна.
“Ахмад настны тухай хууль”-д заасны дагуу нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зөвлөгөө өгөх үйлчилгээ, явуулын үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх ёстой.Тухайлбал, зөвлөгөө өгөх үйлчилгээнд ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх багтдаг. Харин явуулын үйлчилгээгээр ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийхэд туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар тусгажээ.Мөн ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсвэл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах гэсэн гурван төрлийн үйлчилгээг эрх бүхий аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан үзүүлдэг.Үүнээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа 140 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгоно хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх үйлчилгээнүүд цаасан дээр л үлдсэнээс бус шимийг нь хүртэх ёстой ахмадууддаа хүрээгүйг өдөр өнжүүлэх төвд уулзсан ахмадуудын төлөөлөл баталсан билээ. Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлтийн хэрэгжилтийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, сум хорооны халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ханган ажиллах үүрэгтэй байдаг.
Хуулийн дагуу ахмад настанд өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэх төвүүд аймаг, дүүрэг бүрт байх ёстой. Тухайлбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс өдрийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн эсвэл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах үйлчилгээг үзүүлдэг. Гэвч энэ нь санхүүжилтээс үүдэн ахмад настнуудад хэрэгцээт үйлчилгээг тасралтгүйгээр үзүүлж чаддаггүй талаар бидэнд ярьсан юм.Түүнчлэн ахмад настанд үзүүлэх халамжийн үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлтөд жилд дундажаар 26 орчим тэрбум төгрөгийг төсөвлөдөг байна. Хүрэх эзэндээ очиж чадаагүй энэ 26 тэрбум төгрөг яг юунд хэрхэн зарцуулагддаг нь бидний анхаарлаа хандуулах ёстой бас нэгэн чухал асуудал мөн юм. Гол “эзэн” нь гэртээ харж хандах хүнгүй, идэх хоолгүй шаналж байхад тэдэнд “хаягласан” дээрх төсвийн мөнгө чухам хаачдаг вэ.
Бид өмнөх нийтлэлээрээ “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд хэчнээн саяыг зарцуулсан, тэдэнд зориулсан ажлын байр бий болгохоор зорьж байна гэсэн олон үр бүтээлгүй зүйл ярихаа зогсоож ахмадуудын дотоод сэтгэл рүү өнгийдөг байя. Хамгийн түрүүнд тэдний хөгжил, эрүүл мэнд, оюун санаа гэсэн бүх зүйлд анхаардаг ахмадын өргөөнүүдийг “амь оруулж”, ахмадуудын өдөр өнжүүлэх төв барихад тэрбум гаруй төгрөгөөсөө хэдхэн хувийг зарцуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шаардаж байна. Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг цогц байдлаар дэмжин хөгжүүлэх зорилтдоо хүрэхийг 330 мянга орчим ахмад чих тавин хүлээж байна” хэмээн бичсэн билээ. Энэ удаа ч мөн адил ахмадуудын асуудлыг бүрэн дүүрэн хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадахгүй үйлчилгээнд зарцуулж байгаа 26 тэрбумаараа цогц үйлчилгээтэй ахмадын өдөр өнжүүлэх төв барихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас шаардаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин