УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очиртой ярилцлаа.
-УИХ-ын гишүүнээс “буусны” тань дараа таарахад “Ар гэрийн амьдрал, ахуй хаягджээ” гэж байсан. Өнгөрсөн хугацаанд төвхнүүлж авч дээ?
-Дөрвөн жилд сэнтэглэж, яваад ар талынхаа ажлыг нэлээд орхигдуулсан нь үнэн. Аминдаа л төр, түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гэж хичээсэн. Хамаатан садангууд маань “Ажлын далим болгоод уулзах гэхээр “цаг ав” гэх нь халаг байсан. Одоо тэгээд яаж байна” гээд л ам асуудаг байлаа. Тэднийхээр бол төрийн ажлыг, хувийн асуудалтайгаа амжуулаад сэргэлэн байх ёстой юм байж л дээ. Гэхдээ буруудаагүй ээ. Сая үйлдвэрээ босгох гээд мэргэжлийн хяналт, улсын бүртгэл, гааль, татвар гээд яваагүй газаргүй. Яг ном журмаар нь явбал хугацаа алдаад шантрах, шатах хоёрыг зэрэг үзэх юм билээ. Үйлдвэрийн байрандаа цагаан ор дэлгээд хонож байсан. Хөөцөлдөх ажил нь тэрнээсээ ч лут. Авсан зээл маань хатуу төлөвлөгөөтэй. Нэг ажлаа дуусч байж дараагийнхыг авна. Хугацааг нь хэтрүүлчихвэл санхүүжилт орохгүй байх эрсдэлтэйгээс гадна өмнө өгснөө буцаагаад татчих магадлалтай. Тэгээд л өнөөх элдэв зөвшөөрлийг хөөцөлдөөд явахаар таних, танихгүй залуус “Балдан ахдаа тусална” гэх юм. Төрд байхдаа муу эр байсан бол хэн тэгэх вэ. Дарханы удирдлагууд надад “УИХ-ын гишүүн байсан хүмүүс хөрсөндөө буудаггүй их уддаг юм билээ. Та харин гагнуур хийгээд, шавар зуураад л явах юм” гэж байсан. Би ямар ч ажил хийгээд амьдралаа аваад явж чадна.
– Зарим хүмүүс таныг Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийг хууль бусаар хувьдаа авсан гэх юм билээ?
-Дархан үйлдвэрийн хот байх үед энэ үйлдвэр баригдсан. Оросууд манайд сайн байсан цаг үе таараад тэр үедээ хамгийн сайн технологи нэвтрүүлсэн юм. Хувьчлалын тухайд төр 51 хувийг эзэмшдэг, бусад хувьцаа нь гадуур задгай байх үед нь би хэдэн хувьцаа худалдаж авсан. Сүүлд хувьчлалаар “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат төрийн мэдлийн 51 хувийг нь авсан юм. Миний хувьд Б.Эрдэнэбаттай үнэ тохирч тэрхүү хувьцааг нь авсан. Оросын техникийг нь ашиглаад хуучнаар нь явуулаад л байсан. Хүн хүч, өртөг зардал ихтэй болохоор нь судалж байгаад хамгийн сүүлийн үеийн гурилын үйлдвэрийн технологийг нэвтрүүлсэн. Үүнээс сайн технологи гэж байхгүй. Бүтэгдэхүүн нь манай болон гаднын бүх стандартыг хангана. Сайн гурилаар монголчуудаа хангана, чанартай тэжээл гаргаад малдаа өгчихнө. Хүчин чадлын хувьд бас чамлагдахааргүй. Монголын хэрэглэгчдээ хангахаас гадна гадагш нь экспортлох боломжтой. Монгол хүн гурил, махтайгаа байхад болчихно шүү.
-Таны тэргүүлдэг “Монголын малчдын нэгдсэн холбоо” энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж ажиллахаар болжээ. Өнгөрсөн сонгуулиар Та АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж байсан даа.Үзэл бодол байр суурь тань өөрчлөгдөөд байна уу?
-Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ.Монголчуудыг өнө эртнээс тэжээж ирсэн нүүдлийн мал аж ахуй гэх том эдийн засаг нэг хэсэг хаягдсан.Хөдөө аж ахуй, хөдөөгийн тухай ярьсан хүнийг хоцрогдсон, хуучинсаг сэтгэлгээтэй гэж үздэг. Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл, иргэншлийн тухай ярьсан хүнийг социализмын үеийн жалга, довны үзэлтэн гэж үзэж хөгжил, дэвшилд чөдөр болно гэж үздэг ойлголт байсан. Миний хувьд дахин давтагдашгүй нүүдлийн соёлыг тээгч малчин түмнийг, монголчуудыг үе үеэр нь тэтгэж ирсэн монгол малыг төрийн бодлогод оруулах гэж эртнээс бодож, төлөвлөж, ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн байхдаа Малчдын талаар төрөөс баримтлах бодлого баримт бичиг, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлуулж чадсан. Гэвч С.Баярын Засгийн газарт нэлээд сайн ажил болж байсан энэ хөтөлбөрүүдийн хэрэгжилт унасаар өнгөрсөн дөрвөн жил зогсчихлоо. Би өнгөрсөн хугацаанд түмэнд тустай зөв үйлийг санаачлагч нь хэн байх, аль намынх вэ гэдгээс нь үл хамаарч дэмжиж ирсэн. Үүнийхээ төлөө урвасан, шарвасан гэх нэр хочийг зүүж л явлаа. Хүн шиг байж, амьдралаа цагаан зам, мөртэй туулж өнгөрүүлэх юмсан гэж бодож явдаг. Хүн л юм чинь алдах нь байгаа л биз. Гэхдээ том алдаа гаргаагүй ээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаа. МАН-ын Засгийн газар өнгөрсөн богинохон хугацаанд малчдын тэтгэвэрийн насыг наашлуулсан гэх мэт олон ажлыг амжуулжээ. МАН-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрт санаачилж, сэдсэн “Монгол мал” хөтөлбөрийн маань олон ажил тусгагдсан байгаа.
“МОНГОЛ МАЛ” ХӨТӨЛБӨР МААНЬ ӨӨРИЙНХӨӨ САНХҮҮЖИЛТИЙГ ӨӨРӨӨ ОЛООД ИРСЭН ЮМ
-“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн “автор” нь та. Үе үеийн сонгуульд эрх баригч нам таны энэхүү хөтөлбөрөөр нүүр тахалж байгаа харагддаг. Өнгөрсөн Засгийн газрууд хэр хэрэгжүүлсэн юм бэ?
-Монгол хүн, эх орны хувь заяатай холбоотой монголчуудыг мянга мянган жил тэжээж ирсэн энэ сэдвийг улстөрчид мартчихсан байсан юм. Гэтэл манайхны ярих дуртай тусгаар тогтнолын баталгаа жинхэнээсээ мөн байхгүй юу. Би анхнаасаа УИХ-д зорилготой, төлөвлөсөн зүйлтэй орсон. Тэрхүү зорилго нь монгол малчин, монгол малыг төрийн хойморьт хүргэх явдал байсан. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого баримт бичиг, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлуулах гэж нэлээд юм болсон. Эцэст нь “мал” Очир, “ухна” Очир, “хуц” Очир гэдэг нэртэй болсон. Монгол орон даяар малчдаар өөрсдөөр нь хэлэлцүүлж, олон улсын байгууллагын дэмжлэгийг хүлээж батлуулсан. Тэгээд би ганцаараа санаачилсан юм гээд хөөрч явсангүй. Парламентад гишүүд намаар талцалгүй, туйлшралгүй дэмжсэн. Энэ хөтөлбөрүүд 2021 он хүртэл арван жилийн хугацаатай хэрэгжинэ. Санхүүгийн эх үүсвэр нь баталгаатай. Жил болгоны төсөвт улсын нэгдсэн төсвийн гурав хуваасны нэгтэй тэнцэх хөрөнгийг санхүүжилтэд гаргахаар заасан. Яг үнэндээ ”Монгол мал” хөтөлбөр маань өөрийнхөө санхүүжилтийг өөрөө олоод ирсэн юм. Оросууд 45 сая толгой малаа гурван жил эрүүлжүүлэх вакцин тариаг үнэгүй өгсөн. 2011 онд. Манай нөхдүүд хариуцлагагүй байдлаасаа болж галт тэргэнд тээвэрлэж байгаад замдаа хөлдөөж, түүнийгээ нуугаад өнгөрсөн юм билээ. 375 сая шилжих рублиэр 21 аймагт мал ариутгалын техниктэй машин өгсөн. 2010 онд“Монгол мал“ хөтөлбөрийн вакцинаас болоод Баян-Өлгий Увсад мал хээл хаяад байна гэхэд судлаад учир нь олддоггүй. Тэгсэн “аваргууд” аль зургаан сард халууны улиралд мал хээлтүүлгийн улирал эхлэхээс дор хаяж сараас 45 хоногийн өмнө сүүлийн вакцин тариа товлож хийгдсэн байх ёстой вакциныг аравдугаар сард хийгээд хээл хаюулчихсан байгаа юм.
-Завхан аймгийн малчдад хуц, ухна тууж тараадаг байсныг тань мэдэх юм. Үр дүн нь одоо гарсан байх. Тийм үү?
-“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн тооцоог би хийлгүүлж байсан. Аймгийн Цөм сүргийн улсын үйлдвэрийн газар, зоотехникч, эдийн засагч нараар тооцоолуулсан. Жилдээ мах, ноолуурын гарц нэмэгдэнэ. Цус сэлбэгдсэн болохоор хээл авалт сайжирна. Хээл авсан мал эрүүл учир биологийн чадамж нь сайжирч зулбахгүй, хээл тогтохгүй байдал үгүй болно. Төл цариг сайтай, бойжих чадвар өндөр гэх мэтээр жилдээ 3,5-5 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого Завхан аймагт бий болж байсан. Завханы малчдад би 15.000 хурган хуц, ухна ишиг өгсөн юм. Одоо нүүр улайхааргүй сайхан ууц гарч байна. “Монгол мал хөтөлбөрийг эхлүүлээд түүнийгээ танилцуулж байхад Тэлмэний нэг залуу надад хэлж байсан. “Би 20-оод жил туувар хийж, мал, мах бэлтгэж байна. Таны хөтөлбөр хэрэгжээгүй байхад Завханы мал жижиг байсан. Төлөгний гулууз мах 13-15 кг байсан. Одоо 15-20 кг татаж байгаа. Энд байгаа дөрвөн сая мал таны авч ирсэн хуц, ухны төл байна. Үүнээс өөр буян гэж юу байх вэ.” гэж байсан юм. Тэр залуу одоо Завханы хойд 10 сумын махыг бэлтгэдэг том ченж болсон байна билээ.
Төл цариг сайтай, бойжих чадвар өндөр гэх мэтээр жилдээ 3,5-5 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого Завхан аймагт бий болж байсан. Завханы малчдад би 15.000 хурган хуц, ухна ишиг өгсөн юм. Одоо нүүр улайхааргүй сайхан ууц гарч байна. “Монгол мал хөтөлбөрийг эхлүүлээд түүнийгээ танилцуулж байхад Тэлмэний нэг залуу надад хэлж байсан. “Би 20-оод жил туувар хийж, мал, мах бэлтгэж байна. Таны хөтөлбөр хэрэгжээгүй байхад Завханы мал жижиг байсан. Төлөгний гулууз мах 13-15 кг байсан. Одоо 15-20 кг татаж байгаа. Энд байгаа дөрвөн сая мал таны авч ирсэн хуц, ухны төл байна. Үүнээс өөр буян гэж юу байх вэ.” гэж байсан юм.
-Хуц, ухнаа хаанаас авдаг байсан юм бэ?
-Тэр чинь их нарийн. Газар нутаг болгонд нь таарах шинж чанарыг нь харна. Архангайн Хотонт суманд илүү нугаламт гэж бий. Тэрийг Завхан аймгийн залгаа суманд тавина. Хөвсгөлийн дархад хонь гэж бий. Их өндөр, цас, цаг агаарын хатуу ширүүнд дасалтай илүү нугаламт хонь. Мөн л Хөвсгөлтэй цаг орчин ойролцоо залгаа сумдад нь өгнө. Илүү нугалам гэдэг нь нуруу, сээрнийх нь аль нэг нь илүү байдаг, зарим тохиолдолд хоёулаа илүү байхыг хэлдэг юм. Тэрийг дагасан ашиг шим нь өндөр байна. Увсын Хяргас сумд баяд хонь гэж бий. Тэрийг Завханы зүүн хойд сумдад аваачина. Урд говийн сумуудад Архангайн Бугат гээд сайн хонийг аваачина. Социализмын үед СЭВ-ын орнуудын хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр малын үүлдэр угсааг сайжруулах ажил хийж шилмэл малын цөм сүргийг бий болгож байсан. Тэр үүлдэр задраад дуусч байснаас би эрж олж байсан юм. Ямааг нь Завханы буурал гэж үүлдрийг манай нутгийн ямаачин баатар Жамц гэж хүн тэх, монгол ямаа хоёрын дундаас гаргаж авсан юм. Тэсвэртэй, ноолуур хамгийн нарийн мөртлөө, хамгийн их гарцтай байдаг. Эрчимийн хар ухна, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны Баяндэлгэр гэх мэт өндөр ашиг шимтэй малыг аваачиж байсан.
-Их хол газраас малаа өөрөө туудаг байсан гэх юм?
-Өөрөө л тууж авчирдаг байсан. Хүнээр туулгахаар цаадуул чинь хүний нүднээс далдуур хэцүү. Архангайгаас Тосон ороход 560 км. Өдөрт 10-15 км л явна. Илүү явуулж болохгүй. Машинаар зөөсөн мал мал болдоггүй. Тэгээд ган зуд ихтэй үед ишиг, хурга хортой өвс идэж хордож үхчих гээд явахгүй. “Портер”-той 3 тонны устай, 2 адуучин, 2 тууварчинтай, хөтөлгөө морьтой явна. Тэр жилийн таван сард гарсан хурга, ишгийг л авна. Тавдугаар сарын 15-даар хурга засах үеэр нь айлын хотонд бууна. Гавьяат зоо техникчээ дагуулаад л явна. Эцэг малын шинж чанартай хурга авна. 100 эр хурганаас үсрээд 6-7 нь л тэнцэнэ. 2006 оноос эхлээд Завхан руу зөөсөн. Бусад хүмүүс чихэр, архи тараана. Нэг кг чихэр, “Чингис” архи, Си-Ди нийлээд 25 мянган төгрөг болдог байсан. Би харин хургаа 15 мянгаас 25 мянгын хороонд авна. Туувартайгаа 30 мянган төгрөг болно. Малчиддаа өгөөжтэй. Нэг удаа үнэхээр зав муутай үед Хөвсгөлийн Эрчимийн хар ухныг Тосонцэнгэл рүү туух ёстой боллоо. Миний олон ажил давхцаад болдоггүй. Хоёр залууг хөтөлгөө морьтой нь явуулахгүй юу. “250 км газарт өдөрт 15-20 км явуулчихаарай. Хэтэрхий их хөөж болохгүй шүү” гээд л захилаа. Өөрөө бол Завхан, Улаанбаатарын хооронд ажилтай л яваад байлаа. Тэгж явж байгаад нэг Тосонцэнгэлээр дайрсан чинь хүмүүс “баахан хар ишиг ирсэн, хөөрхөн юм билээ” гэцгээж байна. Өөрийнхөө ишигнүүд юм болов уу гээд хоног тооллоо. Тэгсэн тууварт гараад гурав хонож байдаг юм. Тэгээд л бодлоо. “Минийх биш юм байлгүй” гээд. Гэтэл надаас өөр ийм “балай” юмаар оролдож байгаа хүн байхгүй бодогдоод болдоггүй. Тэгээд л яваад очлоо. Зусландаа гарчихсан айлын эзэнгүй хашаанд хэдэн ишиг дөрвөн хөл нь дөрвөн тийшээгээ салаад тараад хэвтэж байна. Манай хэд мөн байна. Тууварчинаа хайлаа. Тэгсэн мотоциклиор хөөчихсөн байгаа юм. 250 км-ийг 3 хоногт гуравхан сартай нялх амьтад хөл нь салчихсан шахуу иржээ. Айлын хашаанд хоёр хоног хэвтсэн байгаа юм…
-Тууварчдад гомдолгүй хөлс өгнө биз дээ?
-…Нэг тууварт 500 мянган төгрөг болоод л явчихдаг юм. Тухайн үедээ хангалттай хөлс л дөө. Хоёр өдөр босдоггүй нөгөө мал чинь. Тэгээд хүч тамирын тариа хийлээ. Жин хасчихсан бөх шиг найгаад л босоод ирлээ.
-Машинд ачиж болдоггүй юм уу?
-Тэр нялх амьтан газар нутагтайгаа дасан зохицоод хөлөөрөө ирэх учиртай.
-Эхээс нь шууд салгачихаж болох уу?
-Эхээс нь салгаад тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 1-ний дотор суманд нь малчин айл гаргаад суурилуулчихдаг. Холын туувар даахгүй. Тэгээд зургаа, долоон сард туудаг юм. Би Арханхангайн Хотонтоос 800 хурга туусан юм. Наадмын дараа гол цатгалан сайхан байдаг юм. Хөгшин Орхоны хөндийгөөс аваад Орхон голыг гатлуулсан. Голын хөндий дүүрээд л гайхалтай шүү. Таван жилийн хугацаанд жилдээ 2500-3000, нийт 15.000-ыг тараажээ. Янз бүрийн хэл ам гардаг юм. Маллаж байгаа хоньчин чинь сумуудыг хувааж аваад тууж явахдаа л өөрийнхөө ах дүү нарт гайгүйг нь үлдээчихээд оронд нь сольж тавина. Архангай Тариат Цахирт оччихсон явж байна шүү дээ. Баянхонгорын хамгийн Отгоны залгаа суманд манай хурга яваад л байгаа.
-Хүнээ бүртгэж чадаагүй байж малаа бүртгэх гэж байна гээд шүүмжлээд байсан. Малын бүртгэл чинь таны санаа байсан юм уу?
-Монгол мал хөтөлбөр дотор бий. Хүний эмч бол хүний эмч. Бүх хүн төрлөхтний эмч бол малын эмч гэдэг. Сум бүрт мал эмнэлэгтэй болгож орон тоог баталсан. 330 сумд “аавын цээж”, фургон өгч, ажлын байрыг нь бэлдээд ширээ, сандал, гар утас хүртэл авч өгсөн.
-Өмнөх Засгийн ажлыг дараагийнх нь үгүйсгэдэг жишиг бий болчихлоо. Таны санаачилсан хөтөлбөр дээр хүртэл харагдлаа. Энэ өвчин хэзээ илаарших бол?
-Ардчилсан хувьсгал ялснаас хойших 10 гаруй жилийн үйл явцыг би буруутгаж чадахгүй. Энэ хугацаанд бидэнд зах зээлийн эдийн засаг гэдгийг мэддэг хүн байсангүй. Бүгд л гарааны ижил нөхцөлд байсан. Харин түүнээс хойших өнөөдрийг хүртэл цаг үеийг “болохгүй байна” л гэж хараад байна. Цөөн хүн амтай, жижиг улсын зовлон ч байна. Би эдийн засаг, банкны тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж, хуучин социалист гэгдэж байсан Герман, Польш, Унгар, Вьетнам зэрэг орноор явж байсан. Тэгэхэд уулзсан хүмүүс намайг их ичээсэн. “Та бүхэн хууль судалж байна гээд бидний дээгүүр л нисээд АНУ, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудаар яваад байсан. 100-200 жилийн хөгжлийн түүхийг үзсэн тэр улсуудын хууль, эрхзүйн орчин танайд яаж таарах вэ.
-Н.Энхбаярын намд ороод удалгүй гарчихсан?
-Хоёр нам тусдаа сонгуульд орвол бие биенийхээ саналыг хуваахаас хэтрэхгүй. Эвсэл болж орвол ялах магадлал өндөр байсан. Тухайн үед Н.Энхбаяр дарга бидэнд мэдээлэл өгөхдөө “Эвсэл болж орно” л гэдэг байсан. Гэтэл хуулийн хугацаа дуусах гээд байхад эцсийн шийд гардаггүй. Н.Энхбаяр дарга З.Энхболдтой тохироод уяж байгаад МАН, МАХН-ын аль алиныг нь бүртгүүлэхгүй байхаар тохирсон гэх яриа хүртэл дуулдсан. Тэр хүмүүсийн бодлыг уншиж мэдэхгүй юм даа.
Биднээс туршлага судалсан бол гарааны ойролцоо түвшинээс гарсан болохоор танай салбар эрүүлжчих байсан даа” гэж хэлж байсан. Үнэхээр л тэр улсууд биднээс илүү хөгжчихлөө. Гэтэл манай банк, санхүүгийн салбар хэрэглэгчээсээ асар өндөр хүү аваад өөрсдөө л томроод байшин, сав нь гоё болоод байдаг. Санхүүгийн зах зээлийн 90 хувийг банк атгаж байна. Өнөөх даатгал, лизинг гэх мэт бусад салбар нь орхигдчихсон. Одоо бүр бизнесийн салбар руу орж аж ахуйн нэгж, компаниудын зах зээлийг булаацалдах боллоо. Хамгийн наад захын жишээг хэлье. Монголын малчдыг “Банкны мал маллаж байгаа юм” гэж шоглодог. Үнэхээр л малчид хэдэн малаа банкинд барьцаалчихсан хүнд нөхцөлд байдаг. Жилд хоёрхон удаа ноос ноолуур, мах бэлтгэлийн үед мөнгөний бараа хардаг. Гэтэл Австралид малчид үргэлж мөнгөтэй байгаад банкнаас зээл авах бол жилийн 2 хувийн хүү төлнө. Тэндмалын гаралтай түүхий эдийн үнэ өндөр учир зээл авах хэрэгцээ шаардлага ч бага.Өөр нэг гажуудал нь ядаж 40 нас хүрсэн хүнийг УИХ-д сонгохоор нас заах хэрэгтэй. Ийм насны хүмүүс төлөвшчихсөн, хар бор амьдралыг үзэж туулчихсан байдаг.
СОНГОГЧИДДОО “САВАН ТАРААСАН” ГЭЖ БУРУУТГААД ГИШҮҮНЭЭС НЬ ХӨӨЖ БИЛЭЭ
-Та өөрөө хорин хэдэн настайдаа л депутат болж, Үндсэн хууль батлалцаж, Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан. Тэр үед өөрийгөө голж байсан уу?
-Өөрийгөө голсон хоёр тохиолдол бий. Улсын Бага хурлын хамгийн залуу гишүүн нь С.Баярцогт бид хоёр байлаа. Эхнийх нь Багануур, Шивээ-Овоогийн байдал их хүндэрсэн үед болсон юм. Оросоос авдаг шатахуун, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт тасарсан. Улаанбаатар хот бүхэлдээ хөлдөх аюулд ороод байлаа. Тэгээд УБХ-ын гишүүдэд томилолт өгөөд уурхайнуудад ажиллуулсан юм. Би Багануурт очсон. Шөнө нь гараад өглөө нь шууд уурхай дээр яваад очтол үүдний жижүүр эгч оруулдаггүй. “Дарга ажил ихтэй, ойрдоо хүн хүлээж авахгүй байгаа. Өргөдлөө нэг дэх өдрөөс өг” гэдэг юм. Тэгээд л үүдэнд нь цаг гаруй суулаа. Уурхайн даргын өрөөнд шуурхай болж байсан юм билээ. Хурал тараад дарга нь гарч ирснээ намайг таньсан. 1992 оны эхээр бас нэг хөгтэй явдал болдог юм. Шинэ Үндсэн хуулиа баталчихаад түүнийгээ танилцуулах, Төрийн сүлдээ залах ажлаар УБХ-ын гишүүдийг орон нутагт томилж, би төрсөн нутаг болох Завхан руу явах боллоо.Таньдаг хүн таараад би аймгийн захиргаан дээр яваад оччихлоо. Гэтэл намайг тосч авах хүн маань миний хойноос аймгийн даргын өрөөнд орж ирээд “Балдан -Очир дарга ирдэггүй ээ. Хүлээж ядаад онгоцонд нь хүртэл орж үзлээ” гэдэг юм. Тэр хүн сүүлд нь УБХ-ын гишүүн гэхээр нь “гоголь” малгайтай, кракуль захтай пальтотой ширвээ хар сахалтай нас тогтсон хүн ирнэ гэж хараад л тийм хүн хүлээгээд байсан гэдэг юм. Тухайн үед л өөрийнхөө нас намбанд таарсан зан авир, албан тушаалтай байх хэрэгтэй гэж боддог болсон.
-Ардын их хурал, Улсын бага хурлын гишүүд өнөөгийнхөөс илүү тулхтай, хүн чанар сайтай байж дээ гэх юм. Үнэхээр тийм юм уу?
-Их л шударга зарчимч байсан даа. Улсын бага хурлын гишүүд асуудлыг хэлэлцэхдээ олон талаас нь хэлэлцэж, маргана. Эцэст нь хууль батлагдсан л бол түүнийгээ сурталчлах үүрэг хүлээнэ. Ц.Элбэгдорж иргэдтэй хийх уулзалт дээр өөрийгөө цөөнх болоод санал гаргасан ч батлагдаагүй гэх зэргээр ярьжээ. Тэгээд бид нарт загнуулна. “Чи ганцаарчилсан тоглолт хийлээ” гээд л… Өнөөх маань хоёр удаа бидэнд загнуулаад дахиж тэгж ярихаа больсон. Хүн чанарын тухайд сайн гэхэд хэцүү, муу гэхэд бэрх нэг тохиолдол болсон юм. Улсын Бага хурлын гишүүдэд шаардлагатай үед ярьсан, хэлсэнээ баримтжуулж бичиж бай гэсэн даалгавар өгөөд хүн тус бүрт дуу хураагуур бүхий хуурцагтай магнитофон өгөхөөр боллоо. Тухайн үед цалин 1350 төгрөг авна. Өнөөх нь 3000 төгрөгний үнэтэй. Тийм үнэтэй юм авчихаад юугаараа амьдрах вэ. Угаасаа бид нар чинь Улсын бага хурлын гишүүн болж Улаанбаатарт ирээд гэртээ хөргөгч, зурагт зээлээр авчихсан өрөнд орчихсон байлаа. Би тухайн үед аваагүй юм. Надаас гадна хэд хэдэн залуу гишүүд ч бас аваагүй.
-Хувийнхаа орлогоор худалдаж авах ёстой байсан юм уу?
-Тийм, бид нар өөрсдөө авна. Тухайн үед магнитофон аваагүй биднээр Дамдин гишүүн бичиг хийлгэлээ. Өнөөх нь “Миний авах ёстой магнитофоныг Дамдин гишүүнд олгоно уу“ л гэсэн утгатай. Тэр үед тийм айхтар нарийн бүртгэлтэй байлаа. Тэгээд л хөөрхий, бидний нэр дээр авсан магнитофоноо “Ардын эрх” гэх мэт сонины сурвалжлагч нарт жаахан үнийг өсгөөд зарчихсан юм билээ. 3500-4000 төгрөгөөр л өгчихсөн бололтой юм билээ. Тэр нь тухайн үедээ сэтгүүлч, сурвалжлагч нарт бол олдохгүй ховор эд. Тэрнээс гадна Дамдин гишүүн Ардын их хуралд нэр дэвшихдээ Улаанхуарангийн цэргийн ангид офицер байсан юм билээ. Мань эр цэргүүдэд өгдөг нормын барааны саванг дундуур нь хугалаад айлуудад тарааж. Тэгээд л бид нар түүнийг “дамын наймаа хийсэн, сонгогчиддоо саван тараасан” гэж буруутгаад Улсын Бага хурлын гишүүнээс хөөчихөж билээ.
-Сүүлд нь тэр хүнтэйгээ тааралдаж байсан уу. Бага хурлаас хөөгдөөд их л эвгүй байсан байх даа?
-Дамдин гишүүн Италид их удаан амьдарсан. Одоо бол Монголдоо байгаа. Одоо бид нар уулзалдана. Нүүрийг нь харахаар эвгүй шүү. Би бол их л гэмшдэг. Бид нар үнэндээ амьдралыг нь самраад хаячихсан юм.
-Засгийн газрын 20 дугаар тогтоолыг задруулсан гээд хэд хэдэн гишүүн буруудаж байсныг санаж байна. Үнэхээр л шударга нийгэм байж дээ?
-Засгийн газраас 20 дугаар тогтоолыг гаргачихаад Улсын бага хуралд гурав хоногийн дараа танилцуулсан юм. Засгийн газрын тэрхүү тогтоолоор 10 мянгаас бага хадгаламжтай хүний мөнгийг хоёр дахин өсгөж байсан юм. Монголчууд тэр үед дээд тал нь 30-50 мянган төгрөгний хадгаламжтай байсан юм билээ. Тэгсэн 30-50.000 төгрөгний хадгаламжтай байсан гишүүд өөрийнхөө нэр дээрээс хадгаламжаа аваад хүүхдүүд, гэр бүлийнхээ нэр дээр болгоод мөнгөө үржүүлчихсэн байхгүй юу. Засгийн газрын нууц тогтоолыг задалсан, хэмээн Засгийн газрын хэд хэдэн гишүүнийг буруутгаж байсан. Тухайн үед анх удаа Улсын Бага хурал хаалттай хуралдаж байсан юм. МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин тэр үед “Ардын эрх” сонины сурвалжлагч байлаа. Ө.Энхтүвшинг цуг байсан сэтгүүлчдийг хурлын заалнаас гаргаад л.Тэгээд хуралддаг юм. Монгол Улсын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга Р.Гончигдорж аахилаад л гүйгээд ороод ирлээ. “За, гишүүд үзэг харандаа, дэвтэр цаасаа далд хий. Ерөнхий сайд асуудал танилцуулна” гэдэг юм байна. Би тухайн үед “дайн болсон юм биш байгаа” л гэж бодсон. Тэгээд л хуралдлаа. Бидний дунд нь ганц микрофон явна. Үг хэлэх гишүүнд өнөөхийг нь аваачиж өгнө. Хурлын тэмдэглэл гэж 21 хуудас протоколыг танилцуулж байсан юм. Хожим тэр тэмдэглэл архиваас алга болсон гэж дуулдсан. Хуралдаанаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайг бид нар загнаад. “Та ийм тогтоол гаргах гэж байгаа талаараа бидэнд хэлэх ёстой. Гаргасан хойно нь нууцаа задлаад зарим гишүүд, тэдний ойр дотныхонд мөнгө завших боломж олгосон байна” гээд…
НЭГЭН ЦАГТ БИ МАХН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙСАН
-Та чинь Бага хурлын гишүүн байсан үенийхээ тэмдэглэлийн дэвтрийг хадгалж явдаг юм билээ.
-Надад тэр үеийн 5 төгрөгний үнэтэй зузаан дэвтэр 10 бий. Их өр хэлэлцсэн таалаар болон Үндсэн хууль хэлэлцэж байсан үеийн тэмдэглэл байдаг юм. Эдийн засгийн чигийн хуулиудын ноорог бий.
-МАХН-д элссэн түүх тань бас сонин байна?
С.Баярцогт бид хоёр залуучуудын эвлэлийн төлөөлөл болж УБХ-д сонгогдсон. Тухайн үед бид хоёрын хэн хэн нам бус байлаа. Намууд өөрийн гишүүнээр элсүүлэх гээд уулздаг байсан юм. М.Энхсайхан ардчилсан намын, Р.Гончигдорж социал демократ намын дарга. Аль аль нь чи манай намд орчих гээд л ятгана. “Орост намаа татан булгачихлаа. Румынд Чаушеског эхнэртэй нь буудчихлаа. МАХН-д ямар ч ирээдүй байхгүй. Манай намд орчих” гэнэ. Би өмнөөс нь “Ардчилсан Үндсэн хуулийг МАХН-ынхан олонхи байхдаа баталлаа. Энэ намаас коммунист үзэл санаа ерөөсөө харагдсангүй” гээд л тайлбарлана. Нөгөө талаас МАХН-ынхан ч бас элсчих гэж ятгана. МАХН-ын 70 жилийн ойн баяраар Б.Даш-Ёндон дарга С.Баярцогт бид хоёрыг өрөөндөө дууддаг юм. С.Баярцогт бид хоёр хамт явж байтал өнөөх чинь “Чи орж бай. Би бие засчихаад араас чинь орно” гээд л алга болчихдог юм. Р.Гончигдорж угаасаа түүнийг “өмчилчихсөн” байсан юм. Тэгээд би “гарман дээр морио солихгүй” гээд МАХН-ыг сонгосон.“МАХН-ыг залуучууд сонгож байна” гээд л сурталчилна тэр болгонд л миний нэр хамгийн түрүүн явдаг байлаа. Сангийн болон Үйлдвэр, худалдааны яамны сайд, Дархан хотын даргаар ажиллах саналыг надад нэг бус удаа тавьж байсан. Залуу хүн учраас суралцах, хувийн амьдралаа төвхнүүлэх зэрэг олон шалтгаан байна гээд л татгалзсан юм. Би итгэл үнэмшилдээ үнэнчээр зүтгэдэг. Тийм ч байх болно гэж л бодсоор өдийг хүрсэн.
-Д.Тэрбишдагва гишүүний бичсэн “Зааг” номонд Таныг МАХН-ын байранд өрөө түрээслэдэг байсан гэж байсан. Тэр нэлээд сүүлд болсон явдал уу?
-Би оросод сурангаа бизнес хийдэг байлаа. МАН-ын шатдаг байрны гурван давхрыг бүхэлд нь шахуу түрээслэнэ. “Монро импекс”-ийн Уламбаяр, Тээбээ ах /Д.Тэрбишдагвыг ийн хэлэх аж.сэт/ бид хэд өрөө түрээслэж байсан. Санхүүгийн хувьд дэмжиж байгаа нь тэр. Тэр том байрны урсгал, тэнд ажиллагсдын цалин энэ зардал энэ тэр нь тухайн үедээ бол дийлдэхгүй их гарна. Бидний түрээсээр болгодог байсан. Би нэг хэсэг МАХН-ыг санхүүжүүлж байсан. Бүх аймгийн дарга нартай өлөн цуглуулах гэрээ хийнэ. Тэгээд ашигийн 10 хувийг тухайн орон нутгийн МАХН-д өгнө. Өлөнгөө Герман руу гаргана. Сүүлдээ бүр МАХН-ын нярав шиг нь л боллоо. “Дарга гадагшаа айлчлах гэж байна. Тийзийг нь ав. Буудлынх нь төлбөрийг өг. Намын гишүүд дэмжигчдийн дунд арга хэмжээ зохиох гэсэн юм. Зардлыг нь гарга” гэнэ. Тэр бүрийд л ажилтан нь юм шиг зохицуулж байсан.
-Ингэж зүтгэж байсан намдаа хожим“эсэргүү гишүүн” нэрийг зүүсэн?
-Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг байсан. Тэгээд л зарим нөхдөд ад болсон юм.
-Н.Энхбаярын намд ороод удалгүй гарчихсан?
-Хоёр нам тусдаа сонгуульд орвол бие биенийхээ саналыг хуваахаас хэтрэхгүй. Эвсэл болж орвол ялах магадлал өндөр байсан. Тухайн үед Н.Энхбаяр дарга бидэнд мэдээлэл өгөхдөө “Эвсэл болж орно” л гэдэг байсан. Гэтэл хуулийн хугацаа дуусах гээд байхад эцсийн шийд гардаггүй. Н.Энхбаяр дарга З.Энхболдтой тохироод уяж байгаад МАН, МАХН-ын аль алиныг нь бүртгүүлэхгүй байхаар тохирсон гэх яриа хүртэл дуулдсан. Тэр хүмүүсийн бодлыг уншиж мэдэхгүй юм даа.
-Одоо та аль намд байгаа вэ?
-МАН-ын гишүүн
С.Гэрэлсүх
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.