УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Цаазаар авах ялын тухай” өөрийн байр суурийг ийн илэрхийлжээ.
Тэрбээр “Өчигдөр нэг сайтад ярилцлага өгөхдөө “би цаазаар авах ялыг сэргээхийг дэмждэг” гэсэн утгатай үг хэлчихсэн юм. Тэгтэл сошиал орчинд хөөрхөн сэвээ болчихож. Тэнэг мангар мэдлэггүй амьтан АН -ын гишүүн байж хүн цаазлах харгис үйлдлийг дэмждэг гэж ирээд тэрүүхэндээ пуржигнаад авчээ. Байнга шахам нохой шуугиулж явдаг надад тоогоод байх юм биш л дээ. Гэхдээ Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөсөн УИХ -ын гишүүний хувьд нэг юм хэлчихмээр санагдаад болдоггүй ээ.
Ямар ч алуурчин зандалчинг цаазаар авахгүй энэрэх сэтгэлтэй хүмүүс Үндсэн хуулиа унших хэрэгтэй. Уншаагүй бол одоо харчих. Үндсэн хуулийн 16 р зүйлийн 1 д “Амьд явах эрх” гэдэг дээр “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн байгаа.
Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2012 оны Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактаар цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт 2 р протколд манай улс нэгдэн орсон байдаг. Үүнийхээ дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цаазаар авах ялыг хассаныг 2017 оноос даган мөрдөж эхэлсэн үнэн. Гэтэл өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд цаазаар авах ял нь хэвээрээ байж байдаг. Тэр байтугай Үндсэн хуулийн 10 -р зүйлийн 4 -д “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасан нь хүчин төгөлдөр байна.
Одоо тэгээд яах вэ. Элбэгдоржоо дагах уу… яаран сандран өөрчилсөн Эрүүгийн хуулиа дагах уу. Ийм маргаанд тавих эцсийн цэг бол Үндсэн хууль. Зүйл заалт бүрийг даяар олноо дагаж мөрдөхөө бид тунхагласан. Тэгэхээр би “Үндсэн хуулиа дээдлэн сахина” гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд хэлсэн үг, хийсэн үйлдэл, өргөсөн тангарагаасаа үл няцна би” гэжээ.
Өчигдөр
Өчигдөр
2025-10-21
2025-10-21
89051
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.