Вакцинжуулалтын дараа хүндрэл гарвал төрөөс тэтгэмж олгох хуультай

2021-03-4 Нийтлэл
Вакцинжуулалтын дараа хүндрэл гарвал төрөөс тэтгэмж олгох хуультай
Одоогийн байдлаар дэлхийн 103 улс иргэдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна. Дэлхий дээр өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байгаа ажээ. Үүнийг улсаар нь тооцвол нэг улсад өдөрт 65 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг. Вакцин үйлдвэрлэгч улс орнууд иргэдээ олноор нь вакцинжуулалтад хамруулж байгаа. Харин вакцин импортлогч улс орнууд эхний ээлжид нэн шаардлагатай иргэдээ вакцинжуулалтад хамруулж байна. Манай улсын хувьд энэ сарын 23-нд дархлаажуулалтаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Өнөөдрийг хүртэл коронавирусийн эсрэг нүүр тулан ажиллаж буй 9531 албан хаагчдаа дархлаажуулаад байгаа тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Вакцинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, Ковид19-ийн эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болон вакцинжуулах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа бусад мэргэжлийн хүмүүс хамрагдсан. Вакцины заавар дээр байгаа хариу урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 50-60 хувьд нь хариу урвал илрэхээр байгаа. Манай улсын хувьд вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд хариу урвал илэрч байна. Халуурах, толгой өвдөх, бие жихүүцэх, вакцин хийлгэсэн хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдэг 2-3 хоногт арилж байгаа. Одоогоор вакцины дараах ноцтой хүндрэл, урвал илрээгүй” гэв.

Манай улс 2000 онд батлагдсан дархлаажуулалтын хуультай. Энэ хуулийнхаа дагуу иргэдээ дархлаажуулдаг. Тус хуульд хамгийн сүүлд 2015 онд өөрчлөлт оруулсан юм. Энэ хууль нь дархлаажуулалтын бүхий л процессыг зохицуулдаг. Одоо хийгдэж буй коронавирусийн эсрэг дархлаажуулалт ч мөн энэ хуулийн зохицуулагдаж буй.

Манай улсын хууль тогтоомжийн дагуу вакцин нь сайн дурын үндсэн дээр хийгддэг. Тодруулбал, иргэн вакцин хийлгэх эсэхээ өөрөө шийддэг гэсэн үг. Үүнийг Дархлаажуулалтын тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байдаг юм.

6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараах үүрэг хүлээнэ:

 6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

 6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;

 6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;

 6.2.4. олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

Харин сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдсан ч хүндрэл гарсан тохиолдолд тухайн хүндрэлийг арилгах асуудлыг төрөөс хариуцахаар хуульчилжээ. Дархлаажуулалтын тухай хуулийн 5.1.3-т “Сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдолд иргэдэд ердийн өвчний адил тэтгэмж олгоно” хэмээн заажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.