Монгол Улс 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлдэг бөгөөд насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан. Тус байгууллагаас шинэчлэн гаргасан “Идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж”-д бүх насны хүн ам, бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой. Хөдөлгөөн бүр чухал ач холбогдолтой байдгийг онцлоод 7 хоногт 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөжээ.
Таргалалт гэдэг нь “энгийнээр” биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлнэ. Хүүхдийн таргалалтын онцлог нь тухайн насанд тохирох жин, өндрийн харьцаа алдагдаж биеийн бүтэц өөрчлөгдсөнөөр дотоод шүүрэл, бодисын солилцоо, дотор эрхтний үйлийн хямралд эрт хүргэх эрсдэлтэй. Дэлхий дээр нийт 43 сая хүүxэд илүүдэл жинтэй байгаа нь 5 xүүxэд тутмын 1 нь гэсэн үг юм.
Таргалалтын шалтгаан юу вэ?
Дотоод буюу эргэшгүй xүчин зүйл- Энэ нь удамшлын болон генетикийн хүчин зүйлийн нөлөөгөөр дотоод шүүрлийн тогтолцооны хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх эмгэг таргалалт юм.
Гадаад буюу эргэх өөрчлөлтүүд- Амьдралын буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөн, унтаж амрах дэглэм зэргээс үүсэх энгийн таргалалт. Хэдийгээр “энгийн“ гэх боловч таргалалтаас үүсэх сөрөг үр дагавар нь харьцуулшгүй их юм.
Таргалалтаас үүсэх эмгэгүүд:
Цусны даралт ихсэх
II дугаар хэлбэрийн чихрийн шижин
Тулгуур эрхтний эмгэгүүд
Зүрx судасны эмгэгүүд
Сэтгэл гутрал
Биеийн жингийн үнэлгээ
18.5 туранхай
18.5-24.9 хэвийн жин
25.0-29.9 илүүдэл жинтэй
30.0-34.9 Таргалалт I зэрэг
35.0-39.9 Таргалалт II зэрэг
40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.
Калори буюу илчлэг
Энэ нь 1 литр усны хэмийг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ буюу хүний бие 24 цагийн хугацаанд бодисын солилцоогоо хэвийн явуулахад шаардагдах энергийн хэмжээ юм. Хоногийн хэрэгцээт илчлэгийн хэмжээ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд уг хэмжээг мэдсэнээр хооллолтын дэглэмээ зөв тооцоолоход ач холбогдолтой үзүүлэлт юм.
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.