COVID-19-ийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл хатуу хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр /2020.11.29/ УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар хөл хорионы хугацаанд хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн, 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна гэж дүгнэжээ. Мөн хөл хориог он дуустал сунгавал 432 мянган хүн ажлын байраа алдана гэж тус танхимынхан “зөгнөв”.
Хотын дарга Д.Сумъяабазарын захирамжаар байгуулагдсан түр зөвлөлөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ахуйн хэрэглээний барааны худалдаа, цайны газар, кафе, ресторан, үсчин, хувцас, гутал, цаг, гэр ахуйн модон эдлэл, цахилгаан барааны засвар үйлчилгээний газрууд, авто засвар, угаалга зэрэг 20 төрлийн үйлчилгээний газрыг эхний ээлжинд нээх саналыг боловсруулж, Улсын онцгой комисст уламжилжээ.
Нийслэлийн зүгээс дээрх маягаар хөл хорионы үед бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авах санал гаргасан бол ДЭМБ болон ЭМЯ-наас хөл хориог энэ чигээр нь 14 хоног сунгах санал гаргав. Өөрөөр хэлбэл, Хотын дарга аль болох эдийн засаг, иргэдийн амьжиргааг илүүд үзсэн бол ЭМЯ иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, хөл хориог үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Мэдээж УОК ямар ч шийдвэр гаргасан гурван сая иргэний эрх ашигт бүрэн нийцнэ гэж үгүй. Хөл хорио суллавал зарим хэсэг нь буцааж чангатгахыг шаардана. Харин хэвээр үлдээвэл зарим нь сулруулахыг шаардана. Ард иргэд хүссэн ч, эс хүссэн ч УОК, Засгийн газрын шийдвэрийг дагна.