Хүчирхийллийг өөгшүүлэгч нь хүн та өөрөө…

2020-11-25 Uncategorized

Өнөөдөр Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдөр.  Монгол Улс 1997 оноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-нд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдөр  дэлхий нийтээр нийгэмд  гэр бүл,  бэлгийн хүчирхийлэл,  ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.

Хэдийгээр дэлхий дайдыг айдаст автуулсан “COVID 19” цар тахлын өвчлөл эх оронд минь илэрч, улсын маань нийслэлд цар тахлын голомт бий болсны улмаас олон нийтийн хөл хорио тогтоосон ч өглөө босоод цонхоор харахад гамшиг аюул, өвчлөл үгүй мэт нам гүм тунгалаг сэрүүн байх аж. Яг энэ өдөр яруухан уяхан бүсгүйчүүдэд тулгарч буй хүчирхийллийн статистик ухаж суух нь баахан уйтай. Гэвч сэрэмжлэх, сэргийлэх, хамгаалахын үүднээс бичих ёстой сэдэв, анхаарах л ёстой асуудлыг хөндөхөд хүрлээ.

Дөрвөн улсын нэг нь эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хуультай

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр, дэлхий дээр өмнөх 12 сарын хугацаанд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртжээ. Энэ талын мэдээлэл дутмаг, далд хэлбэртэй байдгаас гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй тулгардаг гэх. Тухайлбал, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн 40 хүрэхгүй хувь нь аливаа төрлийн тусламж хүсдгээс 10 хүрэхгүй хувь нь цагдаад ханддаг. Түүнчлэн дөрвөн улсын нэг нь эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс тусгайлан хамгаалах хуультай аж. Мөн дэлхий даяар тархаад буй “COVID 19” шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Учир нь хүчирхийлэл үйлдэгчтэй хүүхэд, эмэгтэйчүүдийг тусгаарлах байдлыг нэмэгдүүлж, тусалж чадах хүмүүс, боломжоос нь мөн холдуулж байгаа бөгөөд хүчирхийллийн улмаас тусламжийн утасны үйлчилгээ, хоргодох байраар хангах хэрэгцээ нэмэгдэж байгаа талаар Аргентин, Канад, Франц, Герман, Испани, Нэгдсэн Вант Улс, АНУ-ын засгийн газрын эрх баригчид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, иргэний нийгмийн байгууллагууд тайландаа тэмдэглэжээ.

Хөл хорио, тусгаарлалт нь аюулгүй байдал, эрүүл мэнд, мөнгөний түгшүүрээс үүдэлтэй хурцадмал байдлыг өдөөдөг. Тиймээс энэ арга нь хаалттай хаалгааны цаадах хүчирхийлэгчдийг хянах боломжийг сулруулж байна.

Арван эмэгтэйн зургаа нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг

Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, 2017 оноос эхлэн мөрдөж буй. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх 15 нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадна дэмжлэг үзүүлэн хамгаалах хоёр байр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Харин судалгаанаас харвал, манай улсад гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр, хамтран амьдрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн байдаг агаад эдгээр эмэгтэйчүүдийн дөрвөн  хүн тутмын нэг нь хэн нэгэнд ханддаггүй аж.

Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд, 8003 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1902-оор, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 279 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 104-өөр тус тус буурсан ч хөл хорио тогтсноос хойш нэмэгдэж буйг албаныхан хэлсэн. Статистикаас харахад, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 279 гэмт хэргийн 91 хувь нь хөнгөн, есөн хувь нь хүнд ангилалтай бол нийт гэмт хэргийн  48.1 хувь нь Улаанбаатар, 51.9 нь орон нутагт,  41.9 хувь нь согтуугаар, 86.4 нь гэр, орон сууцанд үйлдэгжээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх хувь нь оройн 19 цагаас өглөөний зургаан цагийн хооронд болдог аж.

Балчир үрсийн нулимс

Судалгаанаас харахад, сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 676 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртжээ. Харин 2020 он гарсаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон гэх тоог албаны хүн хэлсэн. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг тэдгээрийн 50-60 хувь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон байдаг. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэдэг нь ганцхан бэлгийн харьцаанд орсноороо хүчирхийлэгдэж байна гэсэн үг биш. Хүүхдийг ямар нэгэн байдлаар садар самуунд уруу татах, эмзэг хүрч болохгүй газруудад нь хүчээр хүрэх, харах, нүцгэн байхыг шаардах гэх мэт бэлгийн дарамтад байлгах эдгээр үйлдлүүд нь өөрөө бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийллийн бүрэлдэхүүнд хамаардаг.

Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий эцэг, өвөө, өвөөгийнх нь найз, хамаатан, үеэл гэх мэт хамгийн ойр тодны хүмүүс үйлддэг. Хувиар хэлбэл, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн 70 гаруй хувийг нь эдгээр хүмүүс үйлдсэн байдаг. Нийслэлд гэхээс илүү хөдөө орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг аж. Хамгийн харамсалтай нь, үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь илрэхэд маш хүн байдаг. Ахуй хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бага насны хүүхэд цагдаад хандаж чаддаггүй учир ээждээ хэлдэг. Гэвч ээж нь нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талд орж нуун дарагдуулдаг. Сургуулийн нийгмийн ажилчнаар дамжуулж цагдаагийн байгууллага хүчирхийлэлд орсон байгааг мэдэх тохиолдол их гардаг ч ээж нь нуун дарагдуулснаар мэдээ мэдээлэл өгдөггүй, эсвэл хүүхдийг мэдүүлэг өгөхөд нь ямар нэгэн байдлаар саад учруулдаг гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир хэлсэн.

Судалгаанаас харахад, 8-13 насны эмэгтэй хүүхдийн 60-70 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэх “хар” мэдээлэл бий. Оны эхний найман сарын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 160 хүүхэд байгаа ч, эцэг, эхдээ хэлээгүй, цагдаагийн байгууллагад хандаагүй нуугдмал байдалтай нууцхан нулимсаа арчиж байгаа нь олон гэж мэргэжилтнүүд хэлсэн.

Хүчирхийллийг мэдсэн ч мэдээлэхгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ

Эцэст нь тэмдэглэхэд, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд иргэд болон сургууль, эмнэлэг, эмч, багш, нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо маш чухал. Тиймээс эдгээр хүмүүс өөрсдийн ажлын явцад мэдсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Миний асуудал биш гэж ойлгож болохгүй, мэдсэн бол цагдаагийн байгууллагад нэн тэргүүнд мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ сайжруулах шаардлагатай. Ер нь хойд эцэгтээ хүчирхийлүүллээ гэхээс илүүтэй хамгийн ойр дотны хүмүүс болох хамаатны хүмүүс нь энэ төрлийн гэмт хэрэг хийдэг учир хөдөө орон нутаг руу явуулахдаа заавал ханьтай хүн явуулах хэрэгтэй. Эмэгтэй хүүхдийг эрэгтэй хэн нэгэнтэй хамт үлдээхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна гэж албаныхан анхааруулсан. Түүнээс гадна, манай улс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд анхаарал хандуулж хохирсон тэр эмэгтэйг орхичихдог. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд мэдээж ял шийтгэлээ аваад шүүхээр шийдвэрлүүлээд ял эдэлдэг. Харин цаана нь үлдэж байгаа хүүхэд энэ гэмт хэргийн асар том хохирогч болж үлддэг. Хэдийгээр тэр хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирол алга болдог ч сэтгэл зүйд нь үлдсэн айдас, тэр үеийн хар бараан дурсамж нь хэзээ ч арилдаггүй. Тухайлбал, өнгөрсөн жил биеэ үнэлэгчдийн дунд судалгаа явуулж үзэхэд 70 орчим хувь нь бага насандаа ойр дотныхоо хүмүүст хүчирхийлүүлж байсан эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэглэлүүд болох халаасны хулгай, дээрэм, залилан мэхлэх гэх мэт эмэгтэй хүмүүсийн үйлдэж байгаа гэмт хэргүүдийг судалж үзэхэд мөн ялгаагүй 60 гаруй хувь бага насандаа ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан хүмүүс байдаг.

Эцэст нь хэлэхэд, цагдаа бол гэмт хэрэг зөрчлийн араас явж, урьдчилан сэргийлдэг болохоос Баянхошуунд байгаа найман настай охиныг хянах боломжгүй. Тиймээс охидын эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллага болон улсаас цалинжиж байгаа төрийн байгууллагууд, нийгмийн ажилтнууд ажлаа хийх хэрэгтэй байна. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг… Хүний зовлон хамаагүй мэт санаж дүлүий дүмбэ оргиж явсаар өөрийнхөө хүүхдийн ирээдүйд шарилж тарьж, зулгаасан ч хүчрэхгүйд хүрэхээсээ өмнө яг одоо эргэн тойрноо анхаарч хэн нэгнийг хүчирхийллийн золиос болохоос сэргийлэх нь ардчилсан Монгол Улсын иргэн таны амин чухал үүрэг…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.