Харин ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан НИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн үеэр ч, орон нутгийн сонгуульд ч гол пиараа хууль бус газар олголттой тэмцсэн нэрээр дүүргийнхээ иргэдийг сэнхрүүлж явна. Ж.Алдаржавхлангийн сонгуулийн штабаас гаргасан сонин, сэтгүүлд Хан-Уул дүүрэгт замбараагүй газар олголт, газрын наймааг таслан зогсоосон онцлох ажлын тоонд “18 дугаар хороо Удирдлагын академийн хойн Сүхбаатарын хөшөө орчмын газар” гэж бичжээ. Өөрөө ч энэ тухай ярилцлагадаа дурдсан байна лээ. Үнэхээр энэ хэсгийн газрыг чөлөөлж ногоон байгууламж хэвээр нь үлдээж чадсан бол дүүргийн оршин суугчид түүнд алга ташихаас аргагүй. Гэтэл бүтээгүй ажлыг бүтсэн, хүч хүрээгүй ээ хэрэгжсэн мэтээр олон нийтийг хуурч яваа нь харамсалтай. Ж.Алдаржавхлан бүхэл бүтэн дүүрэг удирдаж яваа хүний хувиар 4000-5000 иргэн, хүүхэд, хөгшдийн амарч зугаалах эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол Удирдлагын академийн хойд Сүхбаатарын хөшөө орчмын газрыг чөлөөлөхийн тулд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг шахаж ажиллах хугацаа хангалттай байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин