С.Баярын хэрэгт шүүхийн харьяалал тогтооно

2020-04-1 Uncategorized

Ерөнхий сайд асан С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2020 оны гуравдугаар сарын 9-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг нь шүүхэд шилжих үеэр С.Баяр твиттертээ “…Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачна гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм алга” гэж жиргэсэн байдаг.

Үүний дараа “…Ерөнхий сайд С.Баярын хэргийг прокурорт буцаажээ” гэх мэдээлэл тарав.

Эх сурвалжийн мэдээл­лээр С.Баярт холбогдох хэр­гийг прокурорт буцаагаагүй. Харин уг хэрэгт харьяаллыг тогтоолгож байгаа юм байна.

Учир нь С.Баярын хэргийн тухайд яллагдагч болон хэргийн бусад оролцогчийн зүгээс шүүхийн харьяаллыг буруу, зөв хэмээх гомдол,санал гарах магадлал өндөр аж. Ингэх нь уг хэргийг шүүх үйл ажиллагаанд саад болох тул дээрх арга хэмжээг авчээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.