-Агаар цэвэршүүлэх хөрөнгөөс завшсан БОАЖЯ-ныхны хэрэгт удахгүй яллах дүгнэлт үйлдүүлнэ-
Засгийн газрын ээлжит хуралдаанд өнгөрсөн лхагва гарагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь томилох хүний нэрсийг танилцуулсан билээ.
Тэдний дунд Болгарт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайханыг эх оронд нь ирүүлж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 оны сүүлчээр хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн Ц.Цэнгэлийг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон нь олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Учир нь түүний англиар буюу НҮБ-ын албан ёсны таван хэлний нэгээр мэдээлэл хүргэж буй бичлэг цацагдаж, уг хэлээр ярих чадварт эргэлзсэн олон хүн Элчин сайдын албан тушаалд тохирохгүй гэж үзэж байгаа юм.
Уг нь Дипломат албаны тухай хуулийн 15.2-т “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” хэмээн заасан байдаг.
Хэлний мэдлэг, боловсрол нь ч өнгөрч. Эрх барьж буй МАН-ынхан сонгуулийн өмнө эрүүгийн хэргийн яллагдагчдаа Элчин сайдын албан тушаал өгч гадаадад илгээн ял завшуулах бодлого баримталж буй бололтой. Яагаад ийн хэлэх болов гэхээр Болгар улсад суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлээд буй Ц.Цэнгэлийг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас өнгөрсөн намар баталж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсаар байгаа юм.
Тодруулбал, Ц.Цэнгэлийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт үйлдэн утаа бууруулах хөрөнгөөс хувийн компани руу удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Уг нь төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргадаг ч БОАЖЯ-ныхан энэ мэтээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдаг нь илэрсэн.
Шалгалтын явцад Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн тушаалаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 42 сая төгрөгийг 4-5 удаагийн гүйлгээгээр гаргаж, тухайн аж ахуйн нэгжээсээ бэлнээр нь мөнгөө гаргуулан авч, яамныхаа шинэ жилийг тэмдэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татахаар болоод байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Ц.Цэнгэлийн холбогдсон хэргийг удахгүй шалгаж дуусан, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлэх юм байна. Уг нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргах, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглох заалт бий. Тэгэхээр Төрийн албаны ч, Эрүүгийн хуулийн ч холбогдох заалтыг зөрчсөн хүнийг Элчин сайдаар томилж болно гэж үү.
Ташрамд дурдахад, БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох, агаарын бохирдол бууруулах хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан өөр нэг хэргийг мөн л АТГ-ынхан шалгаж дуусаж буй гэсэн.
Тодруулбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа.
Түүнтэй хамт тухайн үеийн салбарын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татаад буй билээ. Хэдийгээр Д.Оюунхорол яллагдагчаар татагдсан тухай мэдээллийг няцааж буй ч прокурор, мөрдөн шалгах байгууллагын эх сурвалжууд үнэн гэдгийг баталсан юм. Тэднийг эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж “Гранд повер” гэх компанид давуу байдал олгосноос улсад дээрх хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж байв.
“Гранд повер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулж уг мөнгийг шамшигдуулсан хэрэгт шалгаж байгаа. Тус компанийнхан сонгон шалгаруулалтаар авсан ажлаа хийгээгүй байхад нь улсын төсвийн хөрөнгөөр дээрх цэргийн ангийг төвлөрсөн халаалтад холбосон билээ.
Г.РАВЖАА
Эх сурвалж: Өнөөдөр сонин
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.