Ерөнхийлөгчийн зургаа дахь ХОРИГ

2019-06-3 Uncategorized
Ерөнхийлөгчийн зургаа дахь ХОРИГ

Хуульд Ерөнхийлөгч хууль санаачлах, бас хориг тавих эрхтэй байхаар заажээ. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн санаачилсан хууль зөрчилтэй байвал хэн “хориг” тавих вэ гэх маргаан ч хуульчдын дунд гарч байсан юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн энэ хоёр эрхийн нэгийг нь хасна гэх яриа ч гарч амжсан. Ямартай ч төрийн Тэргүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ удаагийн парламентаар батлагдсан зургаа дахь хуульд хориг тавилаа.

Ерөнхийлөгчийн зургаан хоригийн дөрөв нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хаяглагдаж байв. Өмнөх таван хоригийг алийг нь УИХ хүлээж аваагүй. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нарын тавьсан хоригийг парламент нь хүлээж авахдаа тун хойрго ажээ.

Захиргааны ерөнхий хууль

Хамгийн сүүлд тавдугаар сарын 30-нд Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь “хориглов”. Хуульд батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогын үндсийг хэрэгжүүлсэн Засгийн газрын шийдвэр,  УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй үйл ажиллагааг захиргааны шүүхээр шийдвэрлэхгүй гэсэн заалт байгаа юм. Эдгээр нь Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй, Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж тухайн салбарт ажиллагсдын эрх зүйн баталгааг бүрэн алдагдуулж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.

Хоригийг эндээс үзнэ үү. http://eagle.mn/r/59900

Анх удаа тухайлсан томилгоог “хориглов” 2017.10.27

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан хориг байв. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм.

Төсвийн тухай хууль 2017.11.02

-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив. Энэ үед сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдож, анхны төсвөө батлуулж байсан үе юм. Гэвч 2017 оны төсвийн тодотголд  тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй билээ.

2017.12.05

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. УИХ мөн л энэ хоригийг хүлээж аваагүй.

Гишүүдийн бүрэн эрх 2018.06.16

-УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын бичиг ирсэн. Энэ дагуу УИХ асуудлыг хэлэлцсэн ч гишүүдээ авч үлдсэн юм. Уг асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолд хориг тавьсан. Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан. Гэвч УИХ мөн л хоригийг хүлээж аваагүй.

Татварын багц хуулийн төсөлд хориг тавив 2019.05.15

Татварын багц хуульд хориг тавихгүй 2006 оны хүчингүй болсон хуулийг ашигласан тухай Сангийн сайд тайлбар хийж байв. Үүнээс үүдэн олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ажлаа дутуу дулимаг, тооцоо судалгаагүй хийлээ гэх шүүмжлэл гарсан. Ерөнхийлөгч эдийн засгийн мэдлэггүй байж болох ч түүний багт ажиллаж буй зөвлөх, туслах, шинжээчид ажлаа яг таг мэддэг байх ёстой гэх маргаан ч өрнөж амжсан билээ. УИХ Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээж аваагүй юм.

Тавдугаар сарын 30-нд Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх ёстой. Ингэхдээ гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хоригийг хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.