АСЕМ-Д ШАЛГАЛТ ОРУУЛСАН ЕРӨНХИЙ АУДИТОРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

2019-05-8 Uncategorized

Ерөнхий аудиторын суудал хэдэн сар эзгүйрэв. Энэ хугацаанд аудитын зарим дүгнэлт баталгаажаагүй. Хуулийн хугацаа нь ч өнгөрсөн гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, хийдэл үүсч, бусдад боломж олгосон байж мэдэх нь. Тэгвэл эл суудалд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Занданбатыг зүтгүүлж, байнгын хорооны хуралдаанаар дэмжээд авлаа.

Ер нь ч, Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэх үеэр ерөнхий аудиторыг томилж байгаа нь тохиолдол биш юм. Чөтгөр шүглэсэн гэлтэй энэ албан тушаалын эзэд томоохон асуудлын өмнө, эсвэл дараахан нь солигддог жишиг бараг тогтоод байгаа.

Тухайлбал Д.Хүрэлбаатар гэхэд Оюутолгойн төсөлд аудитын шалгалт оруулна, Тавантолгой төсөлд анхаарал хандуулна, Төрийн бүх байгууллагад хөндлөнгийн шалгалт оруулж но-той ноцтой, буруу ташаа зүйл, авлига, төсөв мөнгөний хэтрүүлэлт байгаа эсэхийг олж тогтооно хэмээн чуулганы индрээс гишүүдийн асуултад хариулахдаа мэдэгдэж байв.

Тэрбээр ажлаа авсан даруйдаа АСЕМ руу орсон. Аудитын байгууллагаас “АСЕМ” нэрээр хяналтгүй зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн задаргаа бүхий аудитын тайланг олон нийтэд дэлгэж, хэсэг нөхдийг бачууруулсан нь үнэн. Зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад ч шилжүүлэн шалгуулж байгаа.

“АСЕМ Вилла” цогцолбор буюу “Скай ресорт” компанид 125 тэрбум төгрөгийн жилийн 4.5 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгосон байдаг. “Холидэй Инн”, “Империал”, “Рамада”, “Чингис, “Цэцэг” зэрэг 16 зочид буудалд нийт 108.4 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тараасан. Нийтдээ 233.4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Энэ зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл учир дутагдалтай, хяналт сул байгаа тул хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн гээд тоочвол нэлээд уртхан жагсаалт гарна.

Харамсалтай нь, энэ бүх эхлүүлсэн ажил М.Энхболдод таалагдаагүй бөгөөд түүнийг хүчээр өргөдлийг нь өгүүлсэн гэдгийг ойрын эх сурвалжууд хэлдэг. Эл шуум үнэний ортойг бататгаж Оюутолгойн төсөл рүү аудит оруулахаас урьтаж Д.Хүрэлбаатарыг бүрмөсөн холдуулаад авлаа. Түүний өмнөх ерөнхий аудитор А.Зангад хүртэл Чингис, Самурай бондыг зах замбараагүй зарцуулсан асуудлын үеэр эл суудалд сууж, мөн асуудлыг гаргаж тавиад удалгүй чөлөөлөгдөж байсан билээ.

Эх сурвалж: Buzznews.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.