Нам, эвслүүд 1349 кандидатаа сонгогч руу илгээв

2024-06-3 Uncategorized


2024 оны УИХ-ын сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдэв. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нэр дэвшигчдээ бүртгэж дуусав. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намууд болон бие даагчдаас ирүүлсэн баримт бичгийг судалж, зарим нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй гэж мэдээлсэн. Бүртгэх боломжгүй нэр дэвшигчдийн дунд татварын өртэй, бичиг баримт дутуу өгсөн, өөр намын харьяалалтай байж өөр намаас нэр дэвшсэн, авлига, албан тушаалын хэрэгт холбоотой зэрэг нэр дэвшигчид тавьдаг шаардлагуудад нийцээгүй 154 хүнийг бүртгэхгүй гэж зарласан. Мэдээж авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон болон ял шийтгэл эдэлж байсан зэрэг шалтгаануудаас бусад “хайнга” алдааг нэр дэвшигч, намууд засварлаад хуулийн хугацаандаа хүргүүлсэн бол зарим хүний хувьд нэр дэвших асуудал нь эргэлзээтэй болж байна.

Сонгуулийн ерөнхий хороонд нам эвслээс тойрогт 1031, жагсаалтад 385, нийт 1416 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байсан. Зөрчлүүдээ арилгах шаардлагатай, өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан зэрэг шалтгаанаар нийт 1245 нэр дэвшигчийг хуулийн шаардлага хангасан гэж бүртгэсэн юм.

Харин ямар нэг зөрчилтэй шалтгаанаар 154 хүнийг бүртгээгүй юм. МАН-аас татварын өртэй хоёр буюу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, харин нэг нэр дэвшигч бичиг баримтаа дутуу өгчээ.

Ардчилсан намаас нэг хүнийг бүртгэхээс татгалзсан бөгөөд жагсаалтад багтсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж нэр дэвшсэн Ж.Баясгаланг татварын өртэй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Мөн татварын өртэй 76, төрийн жинхэнэ албан хаагч ажил, албан тушаалаас чөлөөлөгдөөгүй нэг, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн дөрөв, ял эдэлж байгаа тав, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэг, бичиг баримт дутуу 63, бие даагчаар бүртгүүлэхдээ 801 хүний гарын үсэг дутуу дөрвөн хүн байгааг мэдээлсэн. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгүүлэхэд өөрийн хүсэлтээ гаргаж, татгалзсаныг эс тооцвол бусад нэр дэвшигчид зөрчлөө арилгах хугацаа олгодог зохицуулалттай. 154 нэр дэвшигчээс зөрчлөө хуулийн хугацаанд засуулсан бол нэр дэвшигчээр бүртгэх боломжтой юм.

Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ өгсөн хэдий ч 17 хүн нэр дэвшихээс татгалзаж, өөрөө хүсэлтээ өгсөн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр Үндэсний эвслээс нэг, Бүгд найрамдах намаас гурав, Монголын социал демократ намаас хоёр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас гурав, Иргэний хөдөлгөөний намаас нэг, Ард түмний хүч намаас нэг, Монголын хүний төлөө намаас нэг, Ард түмний олонхийн засаглал намаас тав зэрэг нийт 17 хүн нэр дэвшихээс татгалзжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны зургадугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авчээ. Энэ хүрээнд бүртгэхээс татгалзсан 154 хүнээс 103 нэр дэвшигч зөрчлөө арилгаж, СЕХ-нд материалаа хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, зөрчлүүдээ арилгаж, 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлсэн байна.

Хуулийн дагуу нэр дэвшигчдийн бичиг баримт авах хугацаа дуусгавар болсон. Тиймээс одоо нэр дэвшигчийн тоо нэмэгдэхгүй харин хасагдах боломжтой. СЕХ-нд зөрчлөө арилгасан 104 хүний бичиг баримтыг нягталж, тэднийг бүртгэх эсэхээ шийдэх юм. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохоор 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1349 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна.

Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргаж, нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Нам, эвсэл, бие даагчид СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх учиртай. Сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургадугаар сарын 26-нй 00.00 цагаар дуусгавар болж, зургадугаар сарын 28-ны өдөр санал хураалт болох юм. Санал хураалтын өдөр сонгогч өөрийн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигчийг дугуйлж, мөн нам, эвсэлд саналаа өгөх юм.

Тиймээс сонгогчид нэр дэвшигчидтэй сайтар танилцаж, сонгуульдаа идэвхтэй оролцох нь иргэн бүрийн үүрэг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.