Долоодугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар болсныг Европын Холбооны /ЕХ/ уур амьсгалын ажиглалтын байгууллага мягмар гарагт батлан мэдээлэв.
Дэлхий даяар хэт халж, түймрийн аюул нүүрлэсэн өнгөрсөн сар нь дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар гэж бүртгэгдэж байсан 2019 оны долоодугаар сараас цельсийн 0.33 хэмээр халуун байжээ. Түүнчлэн 1991-2020 оны долоодугаар сарын дунджаас 0.72 хэмээр халуун байв.
1800-гаад оны сүүл үеэс хойш манай гараг ойролцоогоор цельсийн 1.2 хэмээр дулаарсны улмаас хэт аагим халуун улирал удаан үргэлжилдэг болсноос гадна давтамж нь ойртож, шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн хор хөнөөлийг улам нэмэгдүүлж байна.
“Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн олон бүс нутагт, тэр дундаа, Зүүн Европт хэт халсан. Мөн Өмнөд Америкийн хэд хэдэн орон, Антарктидын ихэнх хэсэгт агаарын температур дундаж хэмжээнээс нэлээд дээшилсэн” гэж ЕХ-ны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийг судлах газраас мэдээлжээ.
“2023 оны дэлхийн дундаж температур түүхэнд гуравдугаарт бичигдэхээр өндөр түвшинд хүрсэн бөгөөд 1991-2020 оны дундажтай харьцуулахад цельсийн 0.43 хэмээр, 2016 оныхоос 0.49 хэмээр, 2020 оныхоос 0.48 хэмээр илүү байсан. 2016 оны сүүлийн сарууд харьцангуй сэрүүн байсан бол 2023 оны үлдсэн сарууд Эль-Нино үзэгдлийн нөлөөгөөр дулаан байх төлөвтэй байгаа тул 2023 ба 2016 онуудын зөрүү ирэх саруудад багасах төлөвтэй байна” гэдгийг тайлан мэдээнд дурджээ.
Эрдэмтдийн зүгээс долоодугаар сард агаарын температур шинэ дээд үзүүлэлтэд хүрч болзошгүйг анхааруулсаар байсан юм. Үүний зэрэгцээ дэлхийн далайн гадаргын дулааны хэм түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь манай гарагийн уур амьсгал, далайн экосистем, эргийн ойролцоо амьдардаг хүмүүст сөрөг үр дагавартай. Далайн гадаргын температур долоодугаар сарын 30-ны өдөр цельсийн 20.96 хэмд хүрч нэмэгдсэнийг Уур амьсгалын өөрчлөлтийг судлах төвийн мэдээлэл харуулжээ. Өмнөх дээд үзүүлэлт 2016 оны гуравдугаар сард /20.95 хэм/ бүртгэгдэж байв.
Аймшигт үр дагавар
“Дэлхийн агаарын температур, далайн гадаргын температурын аль аль нь долоодугаар сард түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэхийг бид харлаа. Энэ манай гараг дэлхий хийгээд хүн төрөлхтөнд аймшигтай үр дагаврыг авчирна” гэж тус төвийн орлогч дарга Саманта Бержесс ярилаа.
Одоогийн байдлаар 2023 он дэлхийн түүхэнд аагим халуунаараа гуравт бичигдэж, дэлхийн агаарын дундаж температур сүүлийн жилүүдийн дунджаас цельсийн 0.43 хэмээр, аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр илүү байна. Энэ үзэгдэл түр зуурынх байсан ч гэлээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг харуулж байна гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
Ойн түймэр Грекийн нутгуудыг хамарч, Канадад 12 сая га талбай түймэрт сүйдээд байгаа бол Зүүн Европ, Хойд Африкийн олон бүс нутаг, АНУ-ын өмнөд нутаг, Хятадын зарим хэсэг хэт халалтад нэрвэгдэж байна. Түүнчлэн саяхан Хятадын нийслэл Бээжинд цаг уурын ажиглалтын 140 жилийн түүхэнд бүртгэгдэж байгаагүй маш хүчтэй аадар бороо орсон юм.
“Уур амьсгалын өөрчлөлтийн аюултай бид нүүр тулж байна. Аймшигтай байна. Энэ бол дөнгөж эхлэл. Дэлхийн дулаарлын эрин дуусаж, дэлхийн буцлам халууны үе ирж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш саяхан сэрэмжлүүлсэн билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.