Зөвлөлдөх санал асуулга зөвийг шийдээсэй

2023-02-15 Uncategorized


Иргэдийг санал бодолгүй, эс бөгөөс санаж бодох нь буруу гэж басах маягаар зөвлөлдөх санал асуулгыг зүгээр “шоу” гэж хэлэх хэсэг ч байна. Нийлэхээрээ ард түмэн ухаантай. Ямартаа ч иргэдийг хуурах боломжгүйг хэдхэн хоногийн өмнө сэм хэлэлцэн баталсан цахим сайд Н.Учралын хуулийн тавилангаас харцгаая. Иргэдийн санал бодлыг сонсолгүй хэлэлцэн баталсан хууль ямар асуудал шүүмжлэл дагуулж, яаж хоригт орохыг харцгаасан.

Монгол Улс 2003 он гэхэд нийт экспортынхоо 50 хувьд хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн гаргадаг байжээ. Уул уурхайн тэсрэлт эдийн засгийн тэлэлт дагуулсан хэдий ч ердөө хорин жил өнгөрөхөд нийт экспортын 90 хувь нь ашигт малтмалын түүхий эдээр солигдож орхижээ.

Хэдэн зуу, хэдэн сая тонноор хэмжигдэн хил давах ашигт малтмалын орлого нийгмийн тодорхой хэсгийг хөрөнгөжүүлж, хүн амын дундах орлогын ялгаа, амьдралын хэв маягийн заагийг бий болгож, нэг улс, нэгдмэл үндэстэн дотор нэг нэгээсээ өөр давхаргуудыг үүсгэж амжив. Уул уурхайн баялгийг ил далд эзэмших хүсэлтэй анги давхарга эрх мэдлийг юун түрүүнд худалдан авах болж, улс төр хэмээх салбар бодлого биш мөнгө хийдэг бирж болов. Үнэндээ өнөөдрийн сонгуулийн тогтолцоог уул уурхайгаас өөр санхүүжүүлэх чадалтай зүйл үлдээгүй.

Төрийн эрх мэдэл, түүний бодлогын төлөө өрсөлдөгч улс төрийн намуудын санхүүжилт уул уурхайн мөнгийг угааж гаргадаг схем болсон гэхэд хэн ч үүнийг нотол гэж тулгахааргүй ойлгомжтой болжээ.

Юун түрүүнд улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод цэвэр болгохгүйгээр улс төрийг бодлогын талбар болгож чадахгүй. Хоёрдугаарт, эрх мэдлийг ээлж дараалан сэлгэж, эсвэл хамтдаа үүнийг эзэмших замаар хэсэг бүлэглэлүүд хөрөнгөждөг өнөөдрийн сонгуулийн тогтолцоог өөрчилж, бусад нам, сэтгэн боддог “уураг тархи”-нуудыг парламентад оруулах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн дунд хамгийн өндөр давталттай яригдсан сэдэв энэ хоёр мөн.

Зөвлөлдөх санал асуулгаас хэрэв үр дүн хүлээж байгаа бол дээрх хоёр зүйл. Сонгуулийг хоёр намд л ашигтай мажоратороор биш пропорциональ болон холимгоор явуулах нь агаар сэлгэх боломж олгодог ч үүнийг Үндсэн хуульд баталгаажуулаагүй цагт яг өнөөдрийнх шиг сонгууль болгоны өмнө эрх барьж буй намууд өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчилдөг хэвээрээ л байх болно. Мөн парламентын гишүүдийн тоог нэмэхгүй бол худалдагддаг, эсвэл намын даргад багцлагддаг “утсан хүүхэлдэй” хэвээр байх болно. Үүнийг мөн Үндсэн хуульд тусгах цаг нь болсон гэж үзэж байгаа. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дутуу үлдээсэн” гэх дээрх хоёр өөрчлөлт зайлшгүй болохыг улс төрийн намууд, судлаачид, тэрчлэн иргэд олон нийт мөн үеэс хойш ярьж, бичиж ирсэн тул үүнийг үгүйсгэх утгагүй.

Үүнээс илүү өргөн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөөлж цаасан буулгасан “ажлын хэсэг” ч бий. Гэхдээ сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилт зэргээс төдийлөн холдохгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгаас гаргаж ирж магадгүй байна.

Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхгүй” гэдэг мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө илэрхийлж байсан ч өчигдөр Төрийн ордонд эхэлсэн зөвлөлдөх уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, мөнгөнөөс хараат бус байлгах ёстой. Ийм учраас мөнгөнөөс хараат бус сонгуулийг зохион байгуулж, нийт ард түмнийг төлөөлж чадахуйцаар төлөөллийн байгууллагаа сонгох нь зүйтэй” гэж хэлжээ. Тэгэхээр ийм зүйтэйг Үндсэн хуулиар л шийдвэрлэх боломжтой.

Иргэд Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох “төрийн хэрэгт шууд оролцох” эрхээ эдэлж, хуульчлагдсан зөвлөлдөх санал асуулгад оролцон Төрийн ордонд хоёр өдөр чуулж, улс төр, нийгэм, баялгийн хуваарилалт зэрэг сэдвээр санал бодлоо илэрхийлээд баяртай байх аж.

Тэдний санал бодол, илэрхийлэлд дараа нь судлаачид дүн шинжилгээ хийж, ийм өөрчлөлтийг хүсэж байгаа юм байна шүү, үүний тулд ингэж шийдэх нь зүй юм байна шүү гэх дүгнэлтийг бодлого тодорхойлогчдод гаргаж өгөх юм. Төлөөллийн ардчиллын ийм хэлбэрийг олон оронд хэрэглэдэг. Манайд хоёр дахиа хэрэгжүүлж буй нь энэ. Өмнөх тохиолдол нь 2017 онд болсон. Үүний дараа иргэдийн санал асуулгад үндэслэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тийм ч учраас иргэд энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын зорилгыг бас л тэгж харж буй нь хий хоосонгүй таамаг юм.

Иргэдийг санал бодолгүй, эс бөгөөс санаж бодох нь буруу гэж басах маягаар зөвлөлдөх санал асуулгыг зүгээр “шоу” гэж хэлэх хэсэг ч байна. Нийлэхээрээ ард түмэн ухаантай. Ямартаа ч иргэдийг хуурах боломжгүйг хэдхэн хоногийн өмнө сэм хэлэлцэн баталсан цахим сайд Н.Учралын хуулийн тавилангаас харцгаая. Иргэдийн санал бодлыг сонсолгүй хэлэлцэн баталсан хууль ямар асуудал шүүмжлэл дагуулж, яаж хоригт орохыг харцгаасан.

Иргэд зөвлөлдөх нь муу юм уу, буруу зүйл огт биш. Харин тэдний нэрээр улстөрчид түрээ барих л буруу. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас зөвийг шийдээсэй.

Нийтлэлч: Боргилмаа

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.