“Төсөвт хандах цэвдэг ханддагаа УИХ-ын гишүүд өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их хурлын чуулганы индрээс хэллээ. Тэр өнгөрсөн 30 жилд явж ирсэн төсөв, мөнгөний бодлогыг Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа ийн хурц, тодоор шүүмжилж буй нь энэ.
Хэдийгээр тэр өмнө нь төсөвт хориг тавьж байсан ч учир шалтгаанаа оновчтой тайлбарлаж чадаагүйгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын элэг доог болж байсан ч энэ удаа тооцоо судалгаа, гаргалгаа, үндэслэлтэйгээр эш татсан нь УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед “бай”-гаа оносон хэрэг байлаа. Үе үеийн парламент төсөвт хүнийрхүү сэтгэлээр хандаж, татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг нь гэм биш зан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төсвийн орлого, зарлагыг дураараа өөрчилж, нэмж, хасах эрх гишүүдэд байхгүй болсон ч төслийг боловруулах үед тойрогтоо ахиу мөнгө төсөвлүүлэх лобби газар аваад байгаад асуудлын учиг бий юм.
“Эцэг” хуулийн өөрчлөлт нэрийн дор нүглийн нүдийг гурилаар хуурсан энэ явуургүй арга заль ирэх оны төсвийн төсөлд ч тусгалаа олж, боловсруулагдаж орж ирээд байна.
Тодруулбал, ирэх оны төсвийн алдагдал 2.1 их наяд байхаар Сангийн яамнаас оруулж ирсэн. Алдагдалгүй төсөв батална хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улиг болтлоо ярьдаг ч тэрбээр энэ оны болон ирэх жилийн төсөвт алдагдлын хэмжээг хоёр их наяд төгрөгт хүргэж, хэлсэн ярьснаасаа буцав. Дэлхий дахинд коронавирусийн цар тахлын үед эдийн засаг өөрчлөгдөж байна. Нэг ёсондоо, улс орнууд “Ковид-19”-ын өмнө эдийн засгийн боломж, хуримтлалуудыг бий болгож чадсан бол түүгээрээ цар тахлын хүнд үеийг давж гарах шаардлага тулгарч буй. Уг нь бидний дараагийн эдийн засгийн зорилт бол “Ковид-19”-ын өмнөх эдийн засгийн түвшинд богино хугацаанд очих болж таарч байна.
Ийм үед төсөвт үргэлгэн хандах бус бүсээ чангалж, тэвчиж болох бүх зардлыг танахаас өөр арга байхгүй. Гэвч Сангийн яамнаас боловсруулсан төсөл өөдрөг төсөөлөлтэй байгаа юм. Энэ нь баталсан төсвөө дахин тодотгож, зардал нэмэх вий гэх болгоомжлол төрүүлж эхэллээ.
Ганцхан жишээ дурдахад, 2020 оны улсын төсөвт сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлого ихээр төлөвлөсөн байсан. Өнгөрсөн гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гүрийсээр сонгуулийн дараа төсвөө тодотгож, 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан.
Өмнөх жилүүдийг жишээг мөн цухас дурдвал, 2018 онд төсвийн зардлыг 10 хувиар бууруулж нэг их наяд төгрөг, зураг төсөвгүйгээр хууль зөрчин орж ирсэн барилга, байгууламжуудыг хасах замаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 500 гаруй сая ам.долларыг төсвөөс хэмнэж болох байв.
2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байв. УИХ-ын гишүүдийн тойрогт төсвөөс 5-8 тэрбум хүртэлх төгрөгийг хуваарилж, зураг, төсөвгүй олон барилга, байгууламж барихаар тусгаж байлаа. Тэгсэн атлаа хугацаа нь дөхсөн гадаад өр, зээлийн төлбөрийг хэрхэхээ шийдээгүй. Валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй зэрэг алдаа, завхрал ихтэй төсөв болж байсан.
Эдгээр төсвийг боловсруулж оруулж ирсэн хүн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Тэр сүүлийн дөрвөн жилийн Монгол Улсын төсвийг боож, УИХ-аар хэлэлцүүлж, алдагдалтай төсвөө цээжээрээ хамгаалсаар батлуулж буй. Гишүүдийг лоббидохдоо ч тун гарамгай нэгэн аж. Үр дүнд нь татварын төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдаж, салхинд хийсэж байна. Хамгийн хачирхалтай нь хэн ч хариуцлага тооцохгүй, нэхэхгүй юм.
“Өрийг өрөөр дарах нь шараа архиар тайлахтай адил” гэх тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа хэлж байлаа. Гэтэл одоогийн удирдлагууд өрийг өрөөр дарснаа сайрхаж ярих болов. Бүр ард түмэнд гавьяа байгуулсан мэтээр ярьж, ойлгуулж, пи-ар хийж эхэлсэн нь олон нийтийн мэдээлэлд ойр бус байдлыг илтээр ашиглаж буй хэрэг. Төрийн мөнгө ёолдоггүй гэгчээр улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө зарцуулах ёстой хөрөнгийг ийн гарын салаагаар урсгаж байгаагаас өөрөөр цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, ядуурлыг яаж нэмэгдүүлэхгүй байх вэ гэдэгт зориулсан бодлого, шийдэл энэ Засгийн газар, УИХ-д алга.
Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгаа ч төсвөө уншаад ойлгодог, асуудлаа мэдэрдэг, иргэдийн амьдралд наалдацтай зүйл, заалт тусгуулахаар ажиллах нь хэд байна вэ гээд аваад үзэхээр үнэхээр учир дутагдалтай. “Таван үгнээсээ танигдана даа” хэмээн ахмадууд ярьдаг.
Шинэ гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж буй үгнээс ямархуу мэдлэгтэй нь эхнээсээ харагдах болсон. Бүхэл бүтэн улсын төсөв, мөнгөний бодлого ярьж байхад “Манай тойргийн тэр асуудлыг шийдэж өгөөч” гэж учирлахдаа бүр сонгогчынхоо зээлийн хүүг бууруулах тусгайлсан заалт оруулж өгөөч гэж буйг юу гэж ойлгох вэ. Манай тойргийнхон болж байвал бусад нь яах вэ гэсэн сэтгэл, хандлага хууль тогтоох байгууллагын гишүүнээс нэвт үнэртэж, асуудлаа том зургаар харж чадахгүйн тод жишээ болов.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Төр түшилцэж байгаа гишүүд нь ийм хүмүүс байгаа учир орон нутагт түүнээс долоон дор байх нь мэдээж. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч хэлж байсан. Тэрбээр “Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна.
Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай.
Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Одоо бид хорин нэгдүгээр зуунд халуун усгүй, ариун цэврийн байгууламжгүй эмнэлэг, сургууль барих явдлыг тас зогсоомоор байна” хэмээсэн.
Төрийн тамга барьж буй хэн бүхэн төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандвал өр л нэмэгдэнэ. Юун валютын ханшийг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих вэ. УИХ, Засгийн газар асуудлынхаа эрэмбийг олж харж, экспортын орлогоо нэмэгдүүлэх нь маш чухал байна. Байгалийн баялаг, 80 сая дөхөж байгаа, мал сүрэг бидэнд хангалттай орлого өгнө. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах, зөв менежмент хэрэгтэй болохоос улс төрд орж хэтэвчээ зузаатгах гэсэн арга хэрэглүүр байж болохгүй юм. Иймийн учир шинэ гишүүдэд ирэх оны төсвөө батлах гэж буй энэ үед дахин дахин учирлаж, чихнээс нь хонх уяхаас өөр аргагүй болж байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.