ЭМГЭНЭЛ

2020-04-13 Uncategorized

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

(1935-2020)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны сод манлай сэтгүүлч, Монголын сэтгүүл зүйн хөгжлийн ноён оргил, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, соёл гэгээрүүлэгч, зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэв хүнд өвчний улмаас таалал барьж Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Тэрбээр хар бага наснаасаа уран зохиолын ертөнцөд нэвтэрч хорьхон насандаа роман бичиж гайхашруулж байсан бөгөөд идэр залуу насандаа Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын Хувьсгалт Залуучуудын Төв хороог удирдаж орчин цагийн Монголын нэн шинэ түүхийг бүтээхэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, эрдэм мэдлэгээ шавхан дайчилж ирсэн тэргүүний манлай сэхээтний нэг байсан юм.

Л.Түдэв 1935 онд Говь-Алтай аймгийн Наран сум /одоогийн Халиун/-ын нутаг “Өвөр замын бууц” хэмээх газар малчин айлын гэр бүлд төржээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургууль, Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургууль, УБДС, Москва хотноо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж дээд боловсрол эзэмшиж, зэрэг цол хамгаалсан эрдэмтэн төдийгүй амьдралын их сургуульд насан туршдаа суралцсан бүтээлч нэгэн байлаа.

Л.Түдэвийн амьдрал, уран бүтээл Монголын сэтгүүл зүйн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Тэрээр хорин зургаахан насандаа “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдож /1961-1963/ байлаа. Энэ нь түүний нийгэмд эзлэх үнэлэмжийн томилгоо байсан юм. 1963-1964 онд Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр ажилласан бөгөөд хожим буюу 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хорооны даргаар хавсран ажилласан юм. Тэрээр 1996 оноос Монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргасаар байсан билээ.

“Үнэн” сонинг эрхлэн ажилласан он жилүүд түүний амьдралд төдийгүй Монголын сэтгүүл зүйн хөгжил, нийгмийг ардчилах үйлсийн нэг эгзэгтэй, ээдрээтэй цаг үе байлаа. Чухамхүү түүний шууд удирдлагын дор ХХ зууны наяад оны “Үнэн” сонин нийгмийн шинэчлэлийг эхлүүлж, өрнүүлж, тэмцлийн галыг бадраахад зүг чиг, зүтгүүр хөдөлгүүр нь болсон юм. Нэг намын тогтолцоот нийгэмд, тэрхүү намын төв хэвлэл нь өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчиллын тухай илэн далангүй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэг эрхлэн эрхшээгчийн эр зориг, алсын ухаан шаардсан эх орончийн хүсэл тэмүүллийн шалгуур байсан юм. Тэрээр энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн нь Монголын сэтгүүл зүйн хөгжлийн бахархалт түүх болон үлдлээ.

Л.Түдэв Монголын сэтгүүлчдийн төв байгууллагыг олон жил удирдаж, төв хэвлэлийг эрхэлж явахдаа ямагт шинэчлэлийн төлөө тууштай тэмцсэн төдийгүй өөрөө мэдлэгт суурилсан танин мэдэхүйн далайцтай уран нийтлэл туурвилаараа үлгэрлэн манлайлж явсан их бичгийн хүмүүн, нэрт сэтгүүлч, нийтлэлч байлаа. Түүний “Замбуулингийн наран дор”, “Хүмүүс”, “Үгэн бороо” зэрэг ном, сэтгүүл зүйн эрмэг зоримог нийтлэлүүд нь Монголын сэтгүүл зүйн бичлэгийн үлгэр дуурайлал болсоор байх болно.

Л.Түдэв таны ажилч хичээнгүй чанар, алсын хараатай бодлого, ирж буй цаг, залуу үеэ дэмжих нөр их зүтгэл төдийгүй Монголын сэтгүүл зүйн хөгжлийн төлөө хүчин зүтгэсэн их үйлсийг тань сэтгүүлч бид ямагт дурсан санаж явах болно. Дэлхийн дайдад эрэмбэлэгдэх их бичгийн хүмүүн тэнгэрт дэвшив. Сайхан монгол нутагтаа сайн төрлийг олох болтугай.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

МОНГОЛЫН НИЙТ СЭТГҮҮЛЧИД

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.